Сүхбаатар БУЯНТОГТОХ: Хүний амьдралд тулгарч буй бүх асуудлын хариулт номонд байдаг гэдэгт итгэдэг

Сүхбаатар БУЯНТОГТОХ: Хүний амьдралд тулгарч буй бүх асуудлын хариулт номонд байдаг гэдэгт итгэдэг

Овог нэр: Сүхбаатар Буянтогтох

Эрхэлж буй, албан тушаал: Олон Улсын Шим Судлаач

Сошиал хуудсууд: “Хөдөөний айл” FB page, “Mongolian Nomad Family Youtube channel”

– Сайн байна уу? юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач

– Баярлалаа. Намайг С.Буянтогтох гэдэг. Шим судлаач мэргэжилтэй. 3 хүүхдийн ээж. Гэр бүлээрээ контент бүтээдэг.

Танайх яагаад хөдөөг зорих болов? Хөдөө, орон нутагт амьдрахын давуу тал юу байна вэ ?

– Хамгийн түрүүнд нүүх шийдвэр маань Улаанбаатар хотын агаарын бохирдолоос шалтгаалсан. Охиноо хэвлийдээ тээж байхдаа цэвэр агаарт гарахын тулд байнга хотоос гардаг байлаа. Тэгээд л ханьтайгаа ярилцаад ийм сайхан цэнгэг агаарт хүүхдүүдээ өсгөх юмсан гээд анх нүүх шийдвэрээ гаргасан. Мөн эрүүл амьдралын хэв маягийг суралцаж, судалдаг хүмүүсийн хувьд цэвэр агаар бидэнд ямар хэрэгтэйг их ойлгосон байсан. Тийм ч учраас хөдөө цэнгэг агаарт, байгалийн сайханд амьдарч байгаадаа өдөр бүр талархдаг. Илүү тайван, жаргалтай, сэтгэл санаа тогтуун болсон санагддаг. Зардал багатай ер нь хөдөө давуу тал их шүү.                      

Таны хүүхэд  насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

– Би багадаа их мөрөөдөмтгий хүүхэд байлаа. Зав гарвал төсөөлөн бодох дуртай. Мөрөөдсөөр байгаад бага насандаа Япон орноор аялах эрхээр шагнуулсан юм. Тэнд очоод л нүд минь нээгдэж гадаад ертөнцийг үзэж сонирхох их хүсэлтэй болсон. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд заавал англи хэл сурах ёстой юм байна гэж ойлгоод ирсэн. Одоогийн миний мэргэжил, хүсэл, бүр ханьтайгаа учрахад хүртэл англи хэл тусалсан. Тухайн үедээ яг ийм мэргэжилтэй болно гэж бат шийдээгүй байсан ч бие даасан, өөрийн мөрөөдлөөр амьдардаг эмэгтэй болно доо гэж боддог байсан. Яг л мөрөөдлөөрөө амьдарч байгаа даа.

Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?

-Номонд их дуртай байсан. Номын сангаас ном зээлээд л гэртээ авч ирээд уншина.

Хамгийн анх бие дааж ямар ном уншсан бэ? 

– Үлгэрийн номонд их дуртай байсан. “Чоно ба 7 ишиг” анх уншиж байсан. Англи хэл дээр бол “Anne Frank Diary” анх уншаад их уйлж байсан санагдана.

Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ямар, ямар чадварыг эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?

– Бие даах чадвар хамгийн чухал гэж боддог. Нэг тийм үг байдаг даа. “Хүүхэддээ туслах хамгийн сайн арга бол бүх зүйлд нь туслахгүй байх явдал юм” гэж. Өөрөө өөрийнхөө бүх зүйлд эзэн нь болж чаддаг байгаасай гэж хүсдэг. Тиймээс бага гэлтгүй хүүхэд бүртээ өөрийнх нь хийж чадах ажил үүргийг хуваарилдаг. Тэгснээр ирээдүйд хэрэгтэй мэдлэг боловсролоо ч өөрөө олоод авах чадвартай болно. Харин ээж хүний хувьд унших хэвшилтэй болоход нь туслах ёстой гэж боддог. Том хүү Сүбээдэй минь одоо 1-р анги, хоёр дүүтэй нь цуг унших дадалыг өдөр бүр хэвшүүлж дадуулах гэж хичээж байгаа. Эргэн тойронд хүссэн номыг нь нүдэнд харагдах газар байлгадаг. Хамтдаа өдөр бүр уншдаг.

Хүмүүс унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Харин таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ? 

– Амьдралын мөчлөгт тааруулан тухайн цаг үед өөрт тулгарч буй асуудлаа шийдвэрлэх зорилгоор номоо сонгодог. Гацсан, эргэлзсэн, бодлогоширсон үедээ шууд л Google рүү ороод тухайн сэдэвт хариулт авч чадах номыг олоод уншиж эхэлдэг. Хүний амьдралд тулгарч буй бүх асуудлын хариулт номонд байдаг гэдэгт итгэдэг.

Танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан ном?

-Robin Sharma “The monk who sold his Ferrari” гээд ном надад их сэдэл өгч эрүүл амьдралын хэв маягийг судлах замыг минь нээсэн гэж боддог. Одоо ч эргүүлж харах унших дуртай.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

– Би бодит хүний амьдралын талаар ном унших дуртай. Бидний нийгэм өөрчлөгдсөн ч хүмүүний амьдралд тохиолддог асуудал амьдралын хичээлүүд хэвээрээ байдаг. Тухайн хүний намтраас би өөрийн амьдрал,замналаа тольдох боломж олддог. Нэг ёсондоо өөрийн доторх хүнтэйгээ нүүр тулах ярилцах, амьдралаа эргэцүүлэх боломж олддог. Тэр бол миний хувьд хамгийн сайхан мэдрэмж.

Таны унших дуртай ширээний ном?

Алхимич” гээд ном дэргэд минь дандаа байдаг. Ямар ч үед өөрийн хүсэл мөрөөдөл зорилгоо мартахгүй, түүнийхээ төлөө үйлдэл хийж байх ёстойг минь сануулдаг хайртай ном минь.

Ямар төрлийн ном уншдаг вэ? Одоо уншиж буй ном

-Өмнө хэлсэнчлэн намтар, бодит хүний амьдралын түүх унших дуртай. Харин чөлөөт цагаараа монгол зохиолчдын хуучны роман тууж унших дуртай. Монгол ахуй, философийг ойлгож, хэлний баялагаа дээшлүүлэхэд тусладаг. Хувь хүний хөгжлийн номнуудыг ихэвчлэн эх хэл дээр нь сонсох дуртай. Ингэснээр англи хэлээ сэргэг байлгахад тусладаг. Яг одоо “3 нас хүрэхэд оройтно” гээд хүүхдийн хүмүүжлийн талаар ном уншиж байна. Эрүүл амьдралын сургалтаа орж байгаа болохоор мэргэжлийн номнуудаа дахин харж байна. “Obesity code” гээд ном бас  уншиж байна. Ер нь сонсдог ном, уншдаг ном гээд 2-3 өөр төрлийн ном зэрэг эхлүүлээд уншаад явчихдаг.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

-Хүүхдүүдээ унтсан үед л хаана ч уншсан тухтай даа хэхэ. Өглөө хүүхдүүдээ унтаж байх үед нь нөхөртэйгөө босоод өөрсөддөө хосуудын цаг гаргадаг. Түүний дараа ганц нүүр ч хамаагүй дуртай номоо уншдаг. Өдөр гэрээ цэвэрлэж, хүүхдүүдийн өрөө, хувцас янзлахдаа аудио ном их сонсдог. Ээж болоод хамгийн сайн ном уншдаг арга минь сонсдог ном болсон доо.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?

-Oprah Winfrey ‘What I know for sure’ их урам зориг өгдөг, өөрийн доторх хүсэл мөрөөдлөө сонсохын чухлыг харуулсан сайхан ном санагддаг. Бас залуучуудыгаа өнгөрснийг том зургаар ойлгож, ирээдүйг төсөөлөхөд туслах Yuval Noah Harari-н номнуудыг уншаасай гэж боддог. Миний хувьд “21 lessons for the 21st century” их таалагддаг. Ядаж л хүүхдүүдээ яаж чиглүүлбэл ирээдүйн нийгэмд хэрэгтэй хүмүүс болох вэ гэдэгтээ хариулт авсан. Ер нь ном уншина гэдгийг өдөр тутмын хэвшил болгочихвол маш олон асуудлыг бид арай хялбараар давж чадах юм шиг санагддаг. Ном бол бидэнд өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрэх, өөрийнхөөрөө амьдрахад туслах хамгийн дотны найз гэж боддог. Асуудал таныг айлгах гэж биш улам хүчтэй болгох гэж тохиолддог гээд үг байдаг даа. Харин тэр хүчтэй болгох арга ухааныг номноос бид сурч болно гэж боддог.

– Баярлалаа.

Ярилцсан: Ахлах номын санч Г.Шүрэнчимэг

 

Shurenchimeg Ganbat