Б.Галаарид: Амьдралын хүндийг сэтгэлийн хатаар давж …,

Б.Галаарид: Амьдралын хүндийг сэтгэлийн хатаар давж …,

Эрхэлж буй ажил, албан тушаал: БОСМЭГҮ (Боловсрол, соёл, мэдээллийн гүүр) ТББ-ын тэргүүн

Сошиал хаяг: FB page: Галаарид Galaarid 

  FB profile: Галаарид Бадам-Очир 

 Twitter: galaarid

-Яг одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

– Ихэвчлэн зэрэгцүүлж ажилладаг. Сүүлийн жилүүдэд судалгааны ажилд хамаг цагаа зориулж байна. “Говь-Алтай аймгийн түгээмэл толь” хамтын бүтээл нухаж байна. Олон эх сурвалж харгуулан нягталж өөрийгөө зовоосон хүнд хөдөлмөр. Өмнө хэвлүүлээд сураггүй болсон зарим номоо жаахан сайжруулах гэж завсар хооронд нь оролдож байна. Монголын мартагдаж буй, мартагдаж болзошгүй соёл, ёс заншлын талаар залуучуудад зориулсан нэг ном дуншиж байна.

-Өөрөө уншигчийн хувьд та юу эрдэг вэ?

-Уншигчийн хувьд би эрийн цээнд хүрч хэрсүүжсэн бололтой. Үүний тулд цаг хугацаа их зарцуулдаг юм байна. Бага залуудаа үгийн цэц, үйл явдлын адал сониныг хөөсөн яргуйны ямаа шиг уншигч байж. Сэтгэлийн утас доргиосон мөр бүхэнд сэмрэхдээ сэмэрч, огшихдоо огшсон гэгээлэг дэврүүн уншигч. Одоо бол чиглэл чиглэлийн номыг энэ л ханатай үнэлнэ дээ гэсэн хүний үгийг сонссоны дараа зорьж уншдаг, номын дэлгүүрт ороод уран зохиолын гэхээсээ, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдийг түлхүү сонирхдог болоод байна. 

-Таныг  сэтгүүлч, зохиолч болоход түлхэц өгсөн зүйл? Үзэл санааны хувьд бүрэлдэн бий болоход нөлөөлсөн хүмүүсийнхээ талаар дурсвал…?

-Бага ангийн багш минь Рагчаагийн Алтангэрэл гэж шүлэг бичдэг сайхан хүн байлаа. Анхны шүлэг, анхны мэдээг минь уншиж, зөвлөж, урмаар тэтгэж, жигүүр ургуулж өгсөн зүйрлэшгүй ачтан. Тэр үеийн “Пионерийн үнэн”, “Алтайн хөгжил” сонинд ажиллаж байсан хүмүүст бүгдэд нь талархаж явдаг. Сэтгүүлч Ц.Дашдондов, Тогмидын Даваадорж, зохиолч О.Содномпил, Ж.Дашзэгвэ, Д.Жамъян гээд мөн ч олон хүнийг нэрлэмээр байна.   

-Зохиолч хүн өөрийнхөө уншигчдыг өөрөө  бэлтгэдэг гэдэг энэ талаар таны бодол?

-Үнэн шүү. Таны уншигч хэн ч байж мэднэ. Бүтээлээрээ тэр хүний сэтгэлд хүрч, өөрийн гэсэн орон зайг бий болгоно гэдэг амаргүй. Сайн уншигч жилээс жилд ир нь орж, оюуны бяр нь нэмэгддэг, тэр хэмжээгээрээ зохиол бүтээлийн өнгө, нидэр хоёрыг ялгаж сурдаг. Зүйрлүүлж хэлбэл мэргэжлийн тамирчинтай адил. Тийм хүмүүсийн сэтгэлд торно, тоогдоно гэдэг хялбар юм биш. Би бол зохиолч гэхээсээ сайн уншигч талдаа хүн. Арилжааны биш, сонгодог бүтээлийг чухалчилдаг өөнтөгч цамаан уншигч. 

-Таны бүтээлүүдэд  далд ухамсар, бөө мөргөл, шашны тухай бичигдсэн нилээн хэдэн ном байдаг. Яагаад энэ сэдвээр судалгаа хийж ном бичих болсон бэ?

Юм болгоны учрыг олж мэдэх гэсэн саваагүй зан минь хөтөлсөн. Байгаад мэдрэгдээд байгаа, тэгсэн атлаа барьж тавиад нотолчихож болдоггүй нууцлаг шинж нь даллаж дуудсан. Дээр нь миний тэнэг зориг нөлөөлөө биз. Энэ сэдэв тухайн үедээ бусдын амны зугаа болохгүй, нийтлэг сэдвээс гажиж урсгал сөрөн ад болохгүй гэсэн хүмүүс дөлдөг сэдэв байлаа. Гучаад жилийн өмнө энэ сэдвээр ярьдаг, бичдэг хүмүүс их цөөхөн байсан. Эхлээд сонирхогчийн хэмжээнд ярьж бичиж байгаад судлаачийн зам мөрөөр замнасан. Хэлэх юм, хэлээ хазах юм хоёрын хэмжээ заагийг мэдэрдэг хүн оролдохгүй бол их осолтой сэдэв л дээ. Одоо ч энэ сэдвээр хэлтэй болгон ярьж, хэтэвчтэй болгон ном хэвлүүлдэг болж дээ. Тэдгээрийн ус, тос хоёрыг ялгаж чаддаг нь цөөхөн байна. Би ч бас муугаа мэдэхгүй хэдэн ном гаргасан. Ихэнх нь танин мэдэхүйн анхдагч түвшний ном. Орчуулгын цөөн хэдэн ном бас бий. Өөрийн номноос судалгааны эргэлтэд орж болохуйц нь “Монголчуудын тэнгэр үзэл, тэнгэр шүтлэг”(2021), “Гүртэн чойжонч”(2020) гэдэг хоёр ном гэж боддог. Цөөхөн хувь гарсан, шинэчлэн засч дахин хэвлэж чадахгүй л байна. Шүүмж, няцаалт, мэтгэлцээн гарахгүй дүлий атлаа хүмүүс эрж сураад байхыг бодоход ганц нэг хэрэгтэй санаа оноо байгаа юм боловуу гэж горьдох л юм.

Далд ухамсар, чинад ертөнцийн талаархи судалгаа бядтай орнуудад зориудын санхүүжилттэй, нууцын зэрэглэлтэй, техник технологийн хамгийн сүүлийн үеийн ололтыг ашигласан шинжлэх ухааны судалгааны чухал чиглэл байдаг. Манайх тийм болтол хол. Над мэтийн сайн дурын уран сайханчид ад шоо болон байж дуугармар болж байгаа нь их юм.    

Сүүлийн үеийн “Бэстселлер” гэж тодорхойлж байгаа номуудыг та юу гэж дүгнэх вэ?

Борлуулалт сайтай номуудыг бэстселлер гээд байгаа. Нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь юу вэ? Оновчтой сайн менежменттэй бол олиггүй муу ном ч гайгүй зарагдчихдаг. Зохиогчийн нэр хүнд, уншигчдын харилцан нөлөөлөл, сэдэв, гадаад өнгө үзэмж гээд олон хүчин зүйл бий. Хэрэглэгчийн сонголт учраас энэ тухайд хэлэх үг алга. Миний хувьд агуулга сайтай номыг л best гэнэ.    .

рчуулгын зарим ном утга агуулга, найруулгын хувьд дулимагхан, ялангуяа бэлтгэлтэй уншигчиддаа их гологдох болсон…

-Тантай зуун хувь санал нийлж байна. Ямар ч номны нэгдүгээрт тавигдах шаардлага бол хэл найруулгын асуудал. Ганцхан өгүүлбэртэй зурвасаас эхлээд бүхэл бүтэн ном хүртэлх дурын бичвэрийн утга санаа тодорхой байх ёстой учраас Утга зохиол (literature) гэж нэрлэдэг. Аливаа уран сайхны зохиол бүтээлийн хэл найруулга уран яруу байх ёстой учраас Уран зохиол гэдэг. Тийм болохоор уран сайхны аливаа бүтээлийг эх хэлнээ уран яруу, найруулга сайтай буулгах ёстой. Харамсалтай нь орчуулагч хүний нэг гол шалгуур нь эх хэлээ сайн мэдэх явдал гэдгийг энэ цаг үед умартсанаас орчуулга биш оршуулга болгочихоод байна. Монголын уншигчид сүүлийн гучаад жилд их өөрчлөгдсөн. Эрэлт, шаардлага нь нэмэгдсэн. Эх хэлнийх нь мэдлэгийг түвшин өндөртэй байлгах цаг үеийн захиалга бас байна. Тийм болохоор дан ганц орчуулгын ном биш, ерөөсөө аливаа ном бүтээлийн хэл найруулгын асуудалд онцгой анхаарч, зохиогч редакторуудын аль аль нь бүтээлдээ хариуцлагатай хандах хэрэгтэй байна гэж боддог.

-Уран бүтээлч хүн тэтгэвэрт гардаг уу?

-Уг нь нас нэмэх тусам хүний ухааны чагтага уртасдаг учраас тэтгэвэрт гарах тухай яриа байж боломгүй юм. Гэхдээ эрүүл мэндийн шалтгаанаар уран бүтээл туурвиж чадахаа больж болно. Би хөгширлөө, одоо больё гэх сэтгэл зүйн шалтгаанаар больж болно. Хичнээн ихийг бичивч сэтгэлгээний хоцрогдлоос болоод амжилт олохгүй болж мэднэ. Цаг үеэсээ түрүүлж, эсвэл үетэйгээ зэрэгцэн сэтгэж чадаж л байвал, түүнийгээ төгс илэрхийлэх авьяас, боломж байгаа л бол нас гэдэг ердөө л тоо.

-Өөрийнхөө тухай хамгийн их онцгой мэдрэмж төрүүлсэн магтаал, шүүмжийн аль алинаас нь бидэнтэй хуваалцвал?

-Магтаал яах вэ, хааяадаа сонсож л байдаг. Хэн нь чин сэтгэлээсээ хэлж, хэн нь хэтийдүүлж байгааг мэдэрдэг. Шүүмж бол өөр. Шүүмж сонсох дуртай. Сайн шүүмж тустай учраас үгийн хатууд эмзэглэдэггүй, санаж мөрдөхийг хичээдэг. Ном гаргахаараа хэн юуг нь шүүмжлэх нь вэ гэж хүлээдэг хүсдэг, зарим хүнээс “За хө, шүүмжилмээр юм юу байна?” гэж шууд асуудаг. Нэг л удаа шүүмжид эмзэглэсэн. “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийн зохиолыг минь “Тайзны нийтлэл” гэж нэг том зохиолч хэлсэн. Дуулалт жүжигт ямар юмных нь нийтлэл байх вэ дээ. Радиогоор цөлжилтийн тухай хоёр өгүүлбэр нэвтрүүлэгч хэлж байгаа маягаар жүжиг өндөрлөх, хүнд сэдэвтэй жүжиг үзсэн үзэгч сүүлчийн тэрхүү хоёр өгүүлбэрийг бодсоор театраас гараасай гэсэн бодлыг минь зохиолч хүн байж мэдэрсэнгүй дээ гэж тухайн үедээ эмзэглэсэн шүү.

-“Бүтэшгүйг ч мөрөөд. Долгис нь ч болов шүргэг” гэж Хүрэлбаатар гуай хэлсэн байдаг. Таны мөрөөдөл?

Зорилго том байх тусмаа ихийг бүтээдэг гэж ярьдаг. Гэхдээ өөрийн чадал, боломжоо бодитой үнэлэлгүйгээр хэтэрхий том зорилго тавьбал ажил хэрэг болохгүй, ёстой л мөрөөдөл хэвээр үлдэх байх. Сэтгэл зүрхээ зориулж, баахан хүч хөдөлмөр, цаг нар зарцуулчихаад үр дүнгүй үлдвэл тусгүй. Би өөрийнхөө чадал, хэмжээнд таарсан, сэтгэлд багтсан зүйлээ л хийхийг хичээдэг. Чи нэг роман бичээдэх, май энэ мөнгийг ав гээд миний насаараа хөдөлмөрлөөд олохгүй хэмжээний мөнгө өглөө гэхэд чадахгүй гэдгээ л хэлнэ. Миний сэтгэлд уяатай мөрөөдөл гэвэл Монгол минь сайхан хөгжөөсэй, үр удам минь олон үеэрээ энэ сайхан нутагтаа сэтгэл дүүрэн амьдраасай, үндэстнээрээ үеийн үед ухаалаг хэрсүү байгаасай гэсэн бараг залбирал шиг юм байдаг. Хувь миний тухайд өнгөт орчлонд тоотой нас, тодорхой хугацаатай ирээд давааныхаа оройд гараад ирсэн болохоор  уруудахдаа уртхан замыг түвэггүйхэн, бас үр бүтээлтэйхэн туулахсан даа гэсэн ганц л бодол байх шив. 

-Өдөр тутмын амьдралд тань хөг нэмж, сэтгэлийг тань хөдөлгөдөг зүйлс юу байна?

Олон байна аа. Үр хүүхэд, ач зээ нарын үг хэл, үйлдэл болгон хөг нэмнэ. Хүмүүсийн намайг гэсэн хүндлэл, сайхан сэтгэл болгон хөг нэмнэ. Амьдралын хүндийг сэтгэлийн хатаар давж, цээжний гунигаа гэмгүй хошигнолоор цайруулж, бор дүрхэн амьдралаа болгох гэж зүтгэж яваа эгэл монгол хүмүүсийнхээ тэсвэр тэвчээр, амьдралын төлөө зүтгэлийг хараад хайрлахгүй байхын аргагүй. Худалдаанд шинээр гарч байгаа номыг дэлгэн харах бүртээ монголчуудын оюуны бяд, сэтгэлийн гэгээгээр хөглөгддөг. Сайныг нь, гэрэл гэгээг нь олж харж чадвал амьдрал сайхан шүү дээ.

-Таны багадаа болохыг хүсэж байсан мэргэжил, өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Сайн багш, сайн хүмүүсийн буянд хүссэн мэргэжлээ эзэмшиж, дуртай ажлаа хийсэн азтайдаа баярладаг. Хүссэн мэргэжлийнхээ нэрийг ч мэдэхгүй сурвалжлагч болно гэж ярьдаг хүүхэд байсан. Тэгээд Ц.Дашдондов, В.Алзахгүй гээд олон хүн, Монголын сэтгүүлчдийн холбооны дэмжлэг, ач тусаар Уралын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн. Хожим нь Сэтгүүл зүйн ухааны доктор болсон.  

-Олон сайхан газраар аялж, ховор нандин номын сантай айлд зочилж байсан байх. Өөрийн эрхгүй уулга алдмаар тийм номын сантай хаана таарч байв?

Яруу найрагч Ойдовын Содномпил гуайг л нэрлэнэ дээ. Зүгээр нэг цуглуулагч биш, бүгдийг нь уншиж судалчихсан байдаг. Нэлээд олон жилийн өмнөх ном сураглахад л “Аа, нэг тийм хавтастай тийм ном уу? Тэр чинь тийм ном шүү” гээд агуулгыг нь яриад эхлэх жишээтэй. 

Беларусьт очоод манайхаар бол Д.Нацагдорж шиг хүндлэгдсэн яруу найрагч Янка Купалагийн гэр музейг үзээд үнэхээр цагаанаар атаархаж, бахархсан. Европын орчин үеийн шилдэг музейн нэг. Ёстой л шок гээч нь болсон. Нас барахдаа буусан зочид буудлын өрөөнийх нь хаалгыг хүртэл Москвагаас авчраад тавьчихсан байсан.

-Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Оюутан цагаас хойш байхгүй. Зочлоод гарсан нь олон ч судлаачийн хувьд сууж үйлчлүүлж байсангүй.

-Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Биднийг хүүхэд байхад бүгдээрээ ном уншдаг байсан. Сумын номын сангийн номуудыг сонголтгүйгээр ихэнхийг нь уншсан, номын шуналтай хүүхэд байсан. Өөртөө өгөөжтэйгээр унших дадал бага багаар хуримталсаар бий болсон.

-Танд хамгийн их нөлөөлсөн, өөрчлөлт авчирсан ямар ном байна вэ?

Үнэнийг хэлэхэд яг тэр гээд онцгойлон нэрлэчих ном байхгүй. Мэдлэг нэмэгдэх тусам тодорхой номын тухай үнэлэмж өөрчлөгдөн хувирдаг.

-Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Цөөхөн хүн уншдаг хүндэвтэр сэдэвт ном байх болов уу.

-Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Л.Бадарчийн “Хүжийн гал”-ын Ундрах. 1947 онд үзэл суртлын зорилгоор бичсэн болохоор лам шашныг муучилсан хэсэг нь хэрэггүй. Гагцхүү ном унших гэсэн Ундрахын тэмүүлэл, захиас л энэ олон жил сэтгэлээс гаралгүй дурсагдаж, мэдлэгт тэмүүлэх ташуур болсоор ирсэн.

-Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юу?

А.С.Железняковын “Монгольская цивилизация: История и современность” гээд 2016 онд Москвад хэвлэгдсэн номыг сураг тавьж, удаан хүлээж байж сайн нөхдийн ачаар олж авснаа уншиж байна. Эртнээс баялаг түүх, соёлтой Монголыг соёл иргэншлийн төв гэж авч үзэх судалгааны үзэл баримтлал, арга зүйг санал болгосноороо их сонин, чухал бүтээл байна.

– Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

Төлөвлөгөө алга. Ажлын шаардлагаас хамаарч янз бүрийн ном яаралтай унших хэрэгцээ гардаг. Өнөөдөр нэг өөр, маргааш бас нэг өөр, эсвэл нэг зэрэг 2-3 сэдвээр ном бүтээл унших хэрэгцээ гардаг.

-Унших дуртай зохиолч?

Варлам Шаламовын өгүүллэгүүд. Реалист мөртөө сэтгэлзүйн асар нарийн асуудлуудыг тусгадаг. Хүний дотоод мөн чанарыг мэс заслын ширээн дээр дотор эрхтнийг нь дэлгэн харуулж байгаа юм шиг л гаргаад хаячихдаг.

-Таны ширээний ном?

“Монголын нууц товчоон” миний үе үе эргүүлдэг ширээний ном ч мөн, их хааныхаа хөргөн дор үргэлж залдаг шүтээн судар ч мөн.

-Номыг ямар орчинд уншвал хамгийн амттай вэ?

Би бол номын шуналтан, фанат учраас орчин чухал биш. Гэхдээ энэ нь бусдад санал болгох сайн туршлага бас биш. Номыг уг нь тухтай, кайфтай унших ёстой юм шиг байна билээ. Тэр талдаа би ёстой сонирхолгүй субъект.

-Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Мэдлэгээ тэлэхийг хүсдэг, эргэцүүлэн тунгаадаг хүнд сайн ном бол ёстой л шимтэй бүхний дээж, шинжтэй бүхний дээд нь дээ.  

Ярилцсан: С.Болормаа

 

Rayya Jakhinbyek