Миний хувьд номыг оюун санааны хоол тэжээл гэж л ойлгодог

Миний хувьд номыг оюун санааны хоол тэжээл гэж л ойлгодог

Овог нэр: Цэнд-Аюушийн Энхтүвшин

Эрхэлж буй, албан тушаал: Хүүхдийн номын зохиолч

Сошиал хуудсууд: Ааяа, Ааяа эмээгийн үлгэрийн цаг

Таны хүүхэд  насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Хүүхэд байхдаа монгол хэл, уран зохиолын багш юмуу, жүжигчин болохсон гэж мөрөөддөг байсан. Яг тэр мэргэжлээ эзэмшээгүй ч ном бүтээл туурвина гэдэг нь угтаа утга нь нэг юм болов уу даа

Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?

  П. Хорлоо гуайн “ Алт мөнгө хоёр” номыг нэгдүгээр ангид орохоосоо өмнө уншиж байсан санагдана.

Танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан ном?

Олон ном нөлөөлсөн. Одоо ч шинэ сайн номноос өөрийгөө шинээр харж, шинээр бүтээх гэж хичээж явна.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Цэндийн Доржготов гуайн “ Алаг цахиур” номыг яг одоо уншиж байна

Номыг хаана уншвал тав тухтай санагддаг вэ?

Орондоо хэвтээд юм уу суугаад унших нь миний хувьд илүү тухтай санагддаг

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Унших номоо хэсэг уншиж үзээд тэгээд л гүйлгэж унших уу, шогшиж унших уу, хатирч унших уу гэдгээ шийднэ. Зарим номыг уншилгүй эргүүлээд хаах тохиолдол ч бий. Түүнийг заавал унших гэж хүчлэлгүй шууд орхидог.

Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ямар ямар чадварыг эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?

Сууж сураагүй хүн судар сурдаггүй гэсэн эртний үг бий. Түүнийг үнэн гэж боддог. Сууж сурах хэрэгтэй. Сурах мэдэхийг зуршил болгох хэрэгтэй. Түүнийг их л багаас төлөвшүүлнэ дээ. Огт сууж сураагүй хүүхэд гэнэт суугаад уншаад судлаад, мэдлэг бүтээхэд тийм амар биш байх гэж ойлгодог.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

 Олон ном бий. Сүүлийн үеийнхээс “Цойлогсод”-ыг нэрлэе.

Уншихыг төлөвлөж буй ном?

С.Пүрэвсүрэн, Ш.Солонго нарын сүүлийн үед бичсэн номуудыг уншихаар авсан. Маш сайн бичиж байгаа гэж ойлгодог

Унших дуртай зохиолч?

 Л.Содов, Д.Урианхай, Д. Норов, Баастын Золбаяр гээд залуу зохиолч, сэтгүүлчийн номыг унших дуртай. Маш олон зохиолч бий. Бас орчуулагч нараас япон хэлний орчуулагч Жаргалсайхан, Ц.Гомбосүрэн гуай нарын орчуулсан номыг унших дуртай

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

   Анна Карининагийн Анна

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Энэ талаар мэргэд олон зүйл хэлсэн байдаг. Миний хувьд оюун санааны хоол тэжээл гэж л номыг ойлгодог доо

Таны зохиол бүтээлүүд эмэгтэй хүнд эрч хүч, ухаарал, урам зориг өгсөн сайхан бүтээлүүд байдаг.Ямар үед зохиолын шинэ санаа урган гардаг вэ?

 Би хоёр бэсрэг роман бичсэн нь томчуулд зориулагдсан. Эх хүн, тэр тусмаа монгол эмэгтэйчүүд гэдэг бусдаас арай л өөр гэж боддог. Тэдний хүчирхэг, ухаалаг, гэгээлэг зан чанарыг өдөр бүр эргэн тойрноосоо харж байна. Тиймээс бичиж л чадаж гэмээн санаа бол яндашгүй юм.

Сайхан ярилцлагад урьсан танай хамт олонд маш их баярлалаа. Амьдралд тань хамгийн сайхан бүхэн биелж байг. Зохиолч Ц. Энхтүвшин

 

Shurenchimeg Ganbat