Ном гэдэг сэтгэлийн таашаал, амгаланд хөтлөгч юм.

Ном гэдэг сэтгэлийн таашаал, амгаланд хөтлөгч юм.

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулана уу?

Намайг Бужгарын Гантигмаа гэдэг. МҮОНТ-ийн нэвтрүүлэгч. (Gantigmaa Bujgar)

Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Хүүхэд наснаас 7-р ангиасаа хүсч мөрөөдсөн ажил мэргэжил минь яах аргагүй нэвтрүүлэгч юм. Хүссэн дурласан мэргэжил минь. Хүн өөрөө хүсч дурласан ажил мэргэжлээрээ амжилттай байдаг болов уу гэж боддог учир хүүхдүүдээ ч өөрийнх нь хүслээр байлгахыг хичээдэг.

Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?

Хүүхэд байхаас номын хорхойтон байжээ. Ээж минь ном их уншдаг, тэмдэглэл хөтөлдөг байсан нь надад маш их нөлөөлсөн. Манайх ээжид минь аав нь өөрөө урлаж өгсөн сайхан номын сантай байлаа.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Хамгийн анх ямар ном уншсанаа санахгүй юм. Уншиж сураад үсэглэлийн баяраар сургуулиас нэгэн ном бэлэглэснийг муухан уншиж байснаа санаж байгаа ч нэрийг зохиолчийг нь санахгүй байна.

Хэзээнээс номын амтанд шимтэх болов. Үүнтэй холбоотой дурсамжаа хуваалцахгүй юу?

4-5-р ангиас бие дааж уншиж эхэлжээ. Жорж Сандын Консуэло роман 2 дэвтэр уншсанаар дэлхийн сонгодгуудын амтанд орж уншаад байдаг хүүхэд болсон доо. Урт жагсаалт болох болов уу. Тэр үеийн орчуулсан бүх романыг уншсан гэхэд хэтийдэхгүй байх. Орчуулагчид ч сайхан орчуулдаг байжээ. Амар, Аким гээд… Керри эгч, Цагаан бээлийт, Бовари хатагтай, Цаазын тавцан, Абха гээд цааш монгол романуудаараа урт жагсаалт гарах байх.

Уран бүтээлч хүний сайхан хийгээд сөрөг тал юу байдаг вэ?

Уран бүтээлч байна гэдэг хариуцлага юм шүү дээ, хариуцлага л алдаж болохгүй. Зарим үед өөрийнхөөрөө байх аргагүй үе байдаг ч энэ бас л хариуцлага. Тэхээр ойлгох биз. Ердөө л хариуцлага.

Таны унших дуртай ширээний ном?

Яруу найрагийн номуудыг их эргүүлж тойруулж суудаг. Консуэлог ахин нэг уншихсан гэж боддог доо. Харамсалтай нь надад байсныгаа алдчихсан.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Консуэло, Керри эгч маягийн ном юм болов уу ☺️

Ямар төрлийн ном уншдаг вэ? Одоо уншиж буй ном.

Одоо Бовари хатагтайг Мир номын дэлгүүрээс бэлгэнд авсан, түүнээ уншиж байна.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Гэртээ унших хамгийн таатай байдаг. Уншиж эхлүүлсэн номоо цүнхнээс салгахгүй хаана ч очсон цаг гарах л юм бол уншаад сууна.

Та ихэвчлэн ямар хэлбэрээр ном уншдаг вэ? (Цахим болон хэвлэмэл гэх мэт)

Номыг цахим уншиж байгаагүй, хэвлэмэлээр нь унших хэвшмэл хүн л дээ. ☺️Бас уншсан зарим нэг номоо дахин сэргээж унших дуртай.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?

Хувь хүний хөгжлийн ном их уншдаг болжээ. Болно л доо, гэхдээ учир дутагдалтай санагддаг. Уран зохиолын ном дэлхийн сонгодгуудыг бас хослуулж уншаарай гэж зөвлөмөөр байна.

Бусад хүмүүсийг уншаасай, мэдээсэй гэж хүсдэг ном?

Охид Консуэлог, хөвгүүд Цаазын тавцанг 1 уншчихад гэмгүй дээ.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

1 роман уншиж дуусахад 1 их сургууль төгссөн хэмжээний ухаарал мэдрэмж өгдөг. Тэгэхээр сайн уншиж бай.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Арга барил гээд байх юу байхав, зүгээр л унших дуртай бүр амтанд нь орж уншдаг даа.

Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ямар чадварыг эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?

Өөрийгөө захирч сурах хэрэгтэй байгаа нь өнөөдрийн хүүхдүүдээс ажиглагдаад байдаг. Хувь хүн гэхээс илүүтэй хамт олон баг гэдгээ ухаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл битгий хувиа хичээгч бай гэсэн үг. Сууж тогтож сур.

Унших дуртай зохиолч?

Д.Нацагдорж Ч.Лодойдамба Д.Маам Д.Батбаяр Б.Явуухулан О.Дашбалбар… гээд олоон олон Майн Рид, Жорж Санд, Анна Ахматова гээд цааш урт үргэлжилнэ.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Уншихын үнэ цэн тайван амгаланд оршино.

Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ном гэж юу вэ? Цөөн үгэнд багтааж хэлбэл…

Сэтгэлийн таашаал амгаланд хөтлөгч. Баярлалаа

 

Munkhzul.B