Ном дотор зам бий…

Ном дотор зам бий…

Овог нэр: Рааш Оюундарь

Эрхэлж буй, албан тушаал: “Оюуны Соронз” паплишингийн эрхлэгч, “Хайрлагдсан Эмэгтэйн Зурвас” 1, 2р дэвтэр, “Хөзрийн Хатан” 1, 2, 3р дэвтрийн зохиолч, Сэтгүүлч…

Сошиал хуудсууд: “Хайрлагдсан Эмэгтэйн зурвас” пэйж, “Хайрлагдсан Эмэгтэйчүүд” групп, Раашийн Оюундарь фэйсбүүк…

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач

Намайг Раашийн Оюундарь гэдэг. Миний хань П.Буяндэлгэр. Хүмүүс “Нар хүнээс манддаг” номоор таньдаг. Бид ханилаад 23 жил болжээ. Гурван хүүтэй.

Манай гэр бүлийн хувьд хоёулаа ном бичиж, сургалт хийж, лекц уншдаг. Зорилго нэгтэй гэж болно.

Миний хань “Нар хүнээс манддаг”, “Амжилтын Амьд Соронз”, “Амьдрал Оргилд биш Бэлд”, “Хүн Өөрийгөө Бүтээдэг”, “Зовлонгоор бус Зорилгоор Удирдуул” гэсэн таван ном бичиж уншигчдын хүртээл болгосон. Одоогоор “Нар Хүнээс Манддаг” номын 2р дэвтэр, “Хүн Хүнээ Бүтээдэг” номоо бичиж байна. “Хөзрийн Хатан” номыг бид хоёр хамтарч бичсэнээрээ онцлогтой. “Хайрлагдсан эмэгтэйн Зурвас” номыг би бие даан бичсэн. Цаашид гурван ном бичих төлөвлөгөө бий. Нэгийг нь бичээд 70 хувийн гүйцэтгэлтэй явна.

Миний ажлын түүх гэвэл Гэр бүлийн радио 104.5-д арав гаран жил ажилласан. Энэ хугацаанд Бүсгүйчүүдийн сонсох дуртай “Халуун цай”, “Цэцгийн хатан”, Хайрын төсөл” нэвтрүүлгүүдийг хөтөлж, эмэгтэйчүүдийн клуб тасралтгүй хийж ирсэн. Одоогоор номоо бичихийн сацуу ханийн хамт “Оюуны Соронз” сургалтын төвөө ажиллуулж, Гэр бүлд боловсрол олгох “Хайрлагдсан Эмэгтэй”, Эрчүүдэд зориулсан сургалт уулзалт, Өөрийгөө нээх “Аз жаргалтай Эмэгтэй”, Хүний Хөгжлийн сургалтуудыг онлайн болон танхимаар мөн эмэгтэйчүүдийн Хөгжлийн Бүлгийн клуб уулзалт хийж байна. Хамт олон, албан байгууллагад сургалт, лекцээ хүргэсээр байна.

Таны хүүхэд  насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Тийм ээ маш сайн таардаг. Эхэндээ таарч өгөхгүй 35 нас хүртлээ явсан байдаг. Миний хүүхэд насны мөрөөдөл зурагт үзээд мэдээний хөтлөгч ах эгч нарыг  хараад “Ямар гоё юм бэ? Ийм гоё нэвтрүүлэгч болох юм сан” гэж мөрөөддөг байлаа. Долоодугаар ангид өөрийгөө сонссон гэсэн үг. Дунд сургуулиа төгсөөд мэргэжил сонгохдоо “Сэтгүүлчээр сурах ёстой” гэдгээ мэдэж байсан ч би өөрийгөө голсон. Энэ их гоё мэргэжил ажлыг би хийнэ гэж юу байх вэ. Тэнгэрээс дуудлагатай мундаг хүмүүсийн хийдэг ажил” гээд өөрийгөө голсон. Улмаар “Загвар зохион бүтээгч” мэргэжилтэй болж билээ. Гэхдээ энэ мэргэжлээр нэг жил ч ажиллаагүй.

Удалгүй хүнтэй сууж хоёр хүү төрүүлээд гэрийн эзэгтэй боллоо. Тэр үед “Гэр бүлийн радио 104.5” долгионыг үргэлж сонсдог. Улаан фен нь байлаа. Гэтэл нэг өдөр “Хөтлөгч авна” гэсэн мэдээлэл явж байна. Нөхөр минь тэгэхэд “Миний хань нэвтрүүлэгч болох мөрөөдөлтэй шүү дээ. Очоод шалгуулаад үз. Тэнцвэл гоё биз дээ. Тэнцэхгүй бол тэр л биз” гэж урамшуулснаар очсон.

Тэр үед би 27 настай байхдаа мөрөөдөлтэйгөө учирсан байдаг. Ингэж миний мөрөөдөлдөө хүрэх зам нээгдсэнийг 35 насандаа л мэдсэн. Энэ хугацаанд нөгөө нэг хүршгүй хол мэт санагдаж байсан “Сэтгүүлч” мэргэжлийг дахин эзэмшиж мөрөөдлөө баталгаажуулсан даа… Ингээд миний мөрөөдөл, хобби хоёр нэгдээд нэвтрүүлэг, ном, сургалт, уулзалт, клубээр эмэгтэйчүүдэд үйлчилж байна.

Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?

Аав минь “Байнга л хүүхэлдэйн кино үзэх юм. Эндээс толгойд чинь үлдэх юм байхгүй. Ном унш.., Мэдээ чагна…” гээд л зэмлэдэг байсныг санаж байна. Гурав дөрөвдүгээр анги хавьд байсан байх. Харин би өөрөө долоодугаар ангиас 10 дугаар анги төгстлөө номыг идэвхтэй уншсан. 90-ээд оны эхээр гэсэн үг. Аав ээж хоёр минь их ном уншдаг. Тухайн үед хит болж байсан бүх ном манайд байсан гэсэн үг. Зүрхний хилэн, Морь унасан толгойгүй хүн, Монте Кристо Гүн, Хурлийз бүсгүй, Бүлээн Нурам, Сүмтэй Будрын Чулуу гээд л… Аав ээж хоёрт номын тавиур хүртэл байсныг санаж байна. Их томгүй, гүйдэг хаалгатай, усан цэнхэр өнгөтэй. Гаднаасаа ном байна гэж харагдахгүй. Гэхдээ онгойлгоод харахаар дотроо их номтой. Сониуч зангаар ухаж түнхэж үзэж байснаа тод санадаг.

Хамгийн анх бие дааж ямар ном уншсан бэ?

Дөрөвдүгээр ангид байх“Орос ардын үлгэрүүд” гээд тэр үедээ л надад зузаан ном уншиж байснаа санадаг юм. Хашаанд байшингийн хаалгаа онгойлгоод, гэрийнхээ үүдэнд хаалгаар тусах нарны гэрэлд суугаад уншиж гарлаа. Тэгэхэд ахын найз орж ирээд “Ого ахын дүү ямар ном уншиж байгаа юм” гээд асууж байна. Одоо бодоод байхад аххүү зургаадугаар ангид байж. “Орос ардын үлгэрүүд” уншиж байна” гэлээ. Уншчихаад ахдаа өгч байгаараа. Ах нь уншаад өгье” гэж байна. “Би номоо уншаад дуусахад дөрөв тав хонох байх. Намайг уншаад дуусахаар аваарай” гэлээ. Ахын найз “Айн тав хоногоо… Ах нь бол өнөөдөр аваад маргааш гэхэд уншаад дуусна” гэж ярилцаж байснаа санаж байна. Тэр үед “Хөөх, ахын найз шиг номыг ингэж гоё хурдан уншиж сурах юм сан” гэж бодож байсан минь тод… Тэгээд л өөр ном уншаагүй санагдаж байна. 

Хэзээнээс номын амтанд шимтэх болов. Үүнтэй холбоотой дурсамжаа хуваалцахгүй юу?

Долоодугаар анги төгссөн зунаас номыг идэвхтэй унших болсон. Монте Кристо Гүн, Муу ёр 666, Сүмтэй Будрын Чулуу… Энэ гурван номын алийг нь түрүүлж уншсанаа санахгүй байна. Ямар ч байсан Аймшгийн номыг нь уншаад нуруу хүйт даагаад байхаар нь дээл нөмөрч сууж байгаад шөнөжин уншиж дуусгаснаа санаж байна. Дараа нь мөн энэ зохиолын киног нь үзсэн.

Александр Дюмагийн алдарт бүтээлүүдийн нэг болох Монте Кристо Гүн зохиолыг орчлонгоос тасарч байгаад ээж аавдаа ч туслах зайгүй шимтэн уншаад дуусгасан. Р.Чойнямын Сүмтэй Будрын Чулуу шүлгийн номыг уншчихсан хэр нь л таалагдсан шүлгээ дахин дахин гаргаж ирж уншдаг байжээ. Одоо бодоод байхад ширээний ном байсан гэлтэй.

Эдгээр номыг уншаад “За би, аймшгийн ном ахиж уншихгүй, аймшгийн киног ч мөн үзэхгүй гэж” шийдсэн. Одоо бодох нь ээ зохиомол айдас зүрхэнд хургаж, эсвэл зохиомол айдсын голомт тархинд үүсвэл дэмий юм билээ. Энэ шийдвэртээ өнөөдрийг хүртэл үнэнч явна.

Монте Кристо Гүн ном бол ёстой миний ном унших үүдийг нээж өгсөн сайхан ном байсан. Бие минь гэртээ байгаа ч сэтгэл зүрхээрээ би Франц орон Парис хотоор аялж байлаа… Эдмон Дантес атаархагчдаас болж 14 жил шоронд суухдаа гайхалтай хүнтэй таардаг. Гарахдаа Монте Кристо Гүн нэрээр танигддаг. Нууц бичгийн учиг тайлагдах хэсэг одоо хүртэл сэтгэлд үлдсэн байдаг.

Эхлээд би эдгээр номуудыг уншсан байсан. Харин дараа нь кино зохиолыг үзсэн. Аймшгийн ном уншиж байсан шигээ айсангүй. Монте Кристо Гүн зохиолыг уншиж байсан шиг ээ мэдрээгүй. Ном гэдэг үнэхээр гайхалтай, кино зохиол болоод ирэхээр зохиолчийн өнцгөөр киног үздэг бол хүн хэдий мэргэжлийн кино зохиолч биш ч гэлээ номыг уншиж байхдаа өөрийн сэтгэн бодох чадвар хөгжиж өөрийнхөөрөө найруулж, номыг өөрийн тархинд кино болгон дүрслэн харж чаддагаар ном надад киноноос илүү санагддаг.

Сүмтэй будрын чулуу номыг уншсан минь хөгжилтэй адал явдал дагуулж билээ. Чойнямын “Бяцхан сургаал” гээд шүлэг дээр

Хөлийн оймсыг гарт өмсгөвөл ямар вэ

Хөхөөний дуугаар нохой донгодвол ямар вэ

Хөхний даруулгыг нүдэндээ зүүвэл яах вэ

Хөрсний анжсаар дээл эсгэвэл яах вэ… гээд хэсэг гардаг даа. Тэр үед өсвөр насны охин байсан болохоор одоо хүртэл найзалдаг багын найз Цогзолтойгоо “Хөхний даруулгыг нүдэндээ зүүнэ гэнээ…” гээд л маш их инээж билээ. Хамгийн сонирхолтой нь миний найзад нэг хөвүүн сайн болсон… Тэгсэнээ “Би чамд зориулж шүлэг бичсэнээ уншиж өгье” гээд л уншиж гарав аа. Тэгээд нөгөө хөвүүн Чойнямгуйн “Бяцхан сургаал” шүлгийг “Хөхний даруулгыг нүдэндээ зүүвэл яах вэ” гээд л уншаад эхлэхэд инээд хүрч, элэг хөших шахаж билээ…

Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ямар, ямар чадварыг эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?

Шийдвэр гаргах, сонголт хийх, хариуцлагаа үүрэх, өөрийгөө илэрхийлэх, өөрийн биеэ авч явах чадварт сургах нь маш зөв санагддаг. Ялангуяа эрэгтэй хүүхдийг бүр хоёр настайгаас нь эхлээд нас бүрд нь тохирсон чадварт сургаж эхлэх нь зүйтэй гэж боддог. Миний хүү яг аль тоглоомыг авмаар байна.., Гэрийн даалгавраа яагаад хиймээргүй байгаа юм. Би чамд бол хий гэж хэлнэ. Хиймээргүй байгаа бол хийхгүй яваад үз. Харин хариуцлагаа өөрөө үүрээрэй…

Гуравдугаар ангийн хүүхэд төмс ногоогоо арилгаж чадна. Дөрөвдүгээр ангийн хүүхэд насандаа тохирсон зүйлийг өргөж чадна гээд л… Хөвгүүдийг эр хүн болж төлөвшихөд ээжүүд хэтэрхий их хайраасаа болж урдуур нь орж бие даах чадваргүй болгоод байна. Дөрвөн настай хүүхдийн аманд хоолыг нь хийж өгч байна, таван настай хүүхдийн бөгсийг нь арчиж өгч байна, тавдугаар ангийн хүүхдийн цамцыг нь угааж индүүдэж өгч байна. Энэ бол хайр халамж биш. Харин хүүхдээ бие даах чадваргүй, ирээдүйд амьдрал авч явах тэнхэлгүй эрчүүдийг бүтээж байна.

Ийм хөвгүүд эрийн цээнд хүрээд ээжийн энгэрээс эхнэрийн энгэрт шилжиж “Миний нэр дээр болохоос чи л мэддэг шүү дээ” гээд Соном өвгөний араас орсоор… Хүүхэд аав ээжийнхээ дэргэд алдах эрхтэй. Хүүхэд байхдаа эдгээр чадваруудыг сурвал амьдрал дээр гараад ноён нуруу бага хугарна.

Охидыг үнэхээр хайрлаж халамжилж өсгөх нь зөв гэж би боддог. Гэхдээ эр хүний ажил хийлгэж болохгүй. Хүүхэд байхаас нь л ээж нь гадаа гарч эр, дотор орж эм, усандаа ч явдаг, хашаагаа ч хаддаг бол охин хүүхэд үүнийг автоматаар сурчихсан байдаг. Тэгээд эр нөхрийнхөө урдуур орж ус зөөгөөд, хаалга цонх хадаад ирвэл гэр бүлийн тэнцвэр алдагддаг. Эрэгтэй хүүхэд эр хүний мөн чанарт суралцаж, охин хүүхэд эмэгтэйлэг байдлыг өөртөө бүтээж өсөхөд эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй гэж боддог доо…

Хүмүүс унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Харин таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?

Зорилгоо олсон хүн зорьсон номоо саадгүй сонгодог гэдэгт би итгэдэг. Миний хувьд эмэгтэйчүүдийн чиглэлийн хүний хөгжил, амжилтын түүх, Амьдралын утга учир, аз жаргалын тухай унших их дуртай. Миний хань маш их ном уншдаг. Сайн, алдартай гэх номуудыг уншсан. Зарим нь үнэхээр сайн ном байдаг. Зарим нь цаг мөнгө үрсэн ном ч байдаг. Тиймээс миний хүсэл мөрөөдөл, унших дуртай номыг мэддэг болохоор цаг мөнгө үрэхгүй яг унших номоо олоход миний хань их тусалсан.

Танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан ном?

Миний амьдралд үр дүн өөрчлөлт авчирсан гайхалтай ном бол Давид Коригийн бичсэн “Дур Булаам Эмэгтэйн 10 нууц” ном. Арав гаран жилийн өмнө уншсан. Хелен Анделин гэгч эмэгтэйн сургалт Америк даяар олон мянган гэрлэлтийг бэхжүүлсэн. Энэ сургалтад суусан Давид Кори өөрийн амьдралд гарсан үр дүнгээ ном болгож бичсэн гэсэн үг. Энэ ном өнөөдөр ч дэлхийд бест селлерт явдаг.

Эндээс би өөрийгөө олж харж, хүний эхнэр ийм байх ёстой гэдгийг олж  харсан. Угтаа бол би өөрийн сайн гэснээр л ханьдаа хандаад байсан болохоос эхнэр, нөхөр гэж хэн бэ? Эр хүн гэж хэн бэ? Эмэгтэй хүн ямар байх ёстой вэ? Эмэгтэйлэг байдал яагаад бусад чадвараас илүү увдистай байдгийг эндээс сурсан. Сурсан зүйл минь ч амьдралд үр өгөөжөө өнөөдрийг хүртэл өгсөөр байна.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Олон талын ач холбогдолтой. Хүн өөрийн юу сурах гээд байна… Надад ямар асуудал байна… Би юу сонирхоод байна… Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх вэ… Ямар мэдлэг авмаар байна… Би хэрхэн туршлага хуримтлуулах вэ… Би хэрхэн албан тушаал ахих вэ… Би хэн байх вэ гэх мэт надад ямар хэрэгцээ байна гэдгээ мэдэх юм бол ном хамгийн сайн багш, найз, зөвлөх, чиглүүлэгч болж чаддаг. Үнэт зүйл нь уншдаг хүн үргэлж хөгждөг. Оюутны ширээний ард хүн мэргэжил эзэмшдэг бол ном бол дөрвөн жилийн хугацаанд сураагүй амьдралын боловсрол өгч чаддагаар утга учиртай. Өөртөө хөрөнгө оруулалт хийж авсан ном эргээд үл хөдлөх хөрөнгө болж бас чаддаг.

            Уншдаг хүн уншдаггүй хүн хоёр үнэхээр ялгаатай. Ном уншдаггүй хар ухаан өөрийн зөв гэснээр нэгийн урд гарах тал байдаг ч ном уншдаг хүн илүү холыг харж аливаа зүйлийг олон талаас харж чаддагаар давуу талтай. Хүн ном уншиж байхдаа өөрийгөө олж харах, өөрийгөө хэн бэ гэдгийг таниагүй дотоод ертөнцийн олон үүд хаалга нээгдэж, өөртэйгөө танилцдгаар давуу талтай. Мөн ном хэзээ ч уншигч эзнээ, загниж буруутгаж, шүүмжилж атаархаж араар муулдаггүй тул хамгийн сайн найз болж чаддаг.

Таны унших дуртай ширээний ном?

“Дур булаам эмэгтэйн 10 нууц”… Энэ номоос би гэр бүлийнхээ аз жаргалыг бүтээхэд үргэлж суралцдаг. Уншаад уйддаггүй. “Хурцлагдсан хувь заяа” номоос би эр хүн хэн бэ гэдгийг суралцаж хөвүүдээ өсгөхөд зарчим болгодог.  Миний ханийн бичсэн “Амьдрал Оргилд биш Бэлд” номоос би амжилт гэж улаарахгүй, ажил гэж амьдралаа үрэхгүй одоо цаг дээр аз жаргалаа бүтээхэд суралцсаар байна…

32 дахь удаагийн номын баяраар Сүхбаатар аймгаас нэгэн уншигч минь ирж “Хөзрийн Хатан” номын 2, 3р дэвтрийг авсан. Тэгээд цүнхээ ухаж “Та хоёр санаж байна уу? Манай аймагт ирж сургалт хийхэд би энэ номыг авсан” гээд “Хөзрийн Хатан” 1р дэвтрийг гаргаж ирлээ. “Энэ миний цүнхний ном. Миний цүнхэнд хоёр жил надтай хамт явна” гээд бага зэрэг санаа зовсон байртай “Уншсаар байгаад бүр халтартсан” гэж нэмж хэлэв. Бид хоёрт энэ номыг хараад бичсэн номыг минь хоёр жил цүнхэлж уншсаар үр дүнгээ өгч буурал болсон номоо харахад үнэхээр сайхан байлаа… Үүргээ биелүүлсэн ахмад дайчин хүндэтгэлтэйгээр тэтгэвэрт гардаг шиг ном маань үүргээ биелүүлжээ. Ингэж л хүн ширээний ном, цүнхний номтойгоо найзлах учиртай…

Ямар төлийн ном уншдаг вэ?

Дунд сургууль, оюутан байхдаа маш их уран зохиолын ном уншсан. Одоогоор хүний хөгжлийн ном их уншдаг. Хүний хөгжлийн номууд бичдэгтэй ч холбоотой байх. Нөгөөтээгүүр хэрэгжүүлэх, өөрийгөө өөрчлөх, маш олон зүйл байдаг. Дан зохиолын ном уншдаг хүн ч бий. Гол нь хүн өөрийн ямар төрлийн ном уншвал аз жаргалтай байж, үр өгөөжийг нь хүртдэгээ мэдээд авбал ном бүр сайхан. Надад өөрийгөө олоогүй хүн нэг бол ном уншдаггүй, үгүй бол ямар ном уншихаа мэдэхгүй, гоё ном гэсэн болгоныг эргүүлж үзсэн байдаг. Харин өөрийгөө олж, би хэн бэ гэдгээ таньсан хүн ямар ном уншихаа таниад зогсохгүй, юунд дуртай, юунд дургүй, хэнтэй найзалж нөхөрлөх, юу сурахаа хүртэл мэдсэн байдаг.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Надад хаана ном унших нь ердөө ч нөлөөлдөггүй. Гэртээ, зулсан дээрээ, машин дотроо, тагтан дээрээ, оффис дээрээ, голын эрэг гээд л… Ном уншиж байхдаа номдоо бүрэн орж орчлонгоос тасарчихдаг болохоор тэр нэг их чухал биш санагддаг…  Хамгийн гол нь миний дэргэд өнгө өнгийн тодруулагч, тэмдэглэлийн дэвтэр, уух юм байх ёстой. Тэгээд л болоо…

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Үзэл бодолд минь хамгийн их нөлөөлж, өөрийгөө маш их үнэ цэнтэй гэдгийг мэдрүүлсэн ном бол “14 дүгээр Хорих Лагериас Оргосон” нь ном байлаа. Амьдралыг харах нүдийг минь орвонгоор минь эргүүлсэн дээ. Би ямар сайхан эх оронтой юм… Би ямар их аз жаргалтай хүн бэ… Миний зовлон гэж бодож байсан зүйл жаргал юм байна… Би жаргалаа зовлон болгож байж гээд л… Хойд Солонгос улсад шоронд төрсөн хүү тэр их харгислал зовлон дундаас хэрхэн оргож өнөөдөр Олон улсын Хүний Эрхийн төлөөлөгч болсон бодит түүх гардаг. Энэ номыг эхлүүлээд сэтгэл зүрх шимшрэн уйлж цааш нь унших эсэх дээ хүртэл эргэлзэж байсан. Гэвч зориг гарган уншиж дуусгасан. Үүний дараа надад амьдралд талархах маш зүйл байгааг олж харсан даа.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?

Уншдаг хүн үргэлж хөгждөг” гэж хэлсэн ханийнхаа үгэнд би маш их дуртай. Нэг л өдөр хайрттайгаа учирдаг шиг, нэг л өдөр таны унших ёстой ном тантай учирна. Учрах хүртлээ таарсан, таалагдсан, хэн нэгний уншиж буй номыг сонирхож, эргүүлж үзэж, үйл явдлаас нь асууж ярилцсаар л бай. Үүнийг л зогсоож болохгүй… Номоос хэзээ ч битгий холд…

 Хэрэв тэр таны ном биш бол цааш нь уншихад хэцүү гацна. Харин таны унших ёстой ном бол уншсаар дуусгах болно. Үүний дараа ном унших тийм хэцүү санагдахгүй.

Хэрэв та өөрийгөө олоогүй бол “Хүн Өөрийгөө Бүтээдэг номыг уншаарай. Хэрэв та бусадтай харилцаж сурмаар байвал “Нар Хүнээс Манддаг” номыг санал болгож байна. Хэрэв та амжилттай баймаар байвал “Амжилтын Амьд Соронз” ном танд тусална. Хэрэв та аз жаргалтай байхыг хүсэж байвал “Амьдрал Оргилд биш Бэлд” номыг уншаад үзээрэй. Хэрэв та зорилготой амьдралыг хүсэж байвал “Зовлонгоор бус Зорилгоор Удирдуул” ном таныг дэмжих болно. Мэдээж  гэр бүлийн аз жаргалыг бүтээхийг хүсэж байвал “Хөзрийн Хатан”, “Хайрлагдсан Эмэгтэйн Зурвас” ном таны найз байж чадна.

Эцэст нь “Уншдаг хүн үргэлж хөгждөг” гэсэн урмын үгээр ерөөе.

Сайхан ярилцлагад урьсан танай хамт олонд маш их баярлалаа. Амьдралд тань хамгийн сайхан бүхэн биелж байг. Зохиолч Р.Оюундарь

 

Shurenchimeg Ganbat