Сар жилээр эзгүй хээр амьдрахаар бол би “Монгол заяатан” номыг л авч явна

Сар жилээр эзгүй хээр амьдрахаар бол би “Монгол заяатан” номыг л авч явна

Овог нэр:  Дугарсүрэн Гүн-Үйлс

Эрхэлж буй, албан тушаал: Зохиолч, орчуулагч, түүх судлаач

Сошиал хуудсууд:  Д.Гүн-үйлс, Dugarsuren Gun-Uils

Таны хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

        Тийм ээ, таарч байгаа. Багадаа ээжийгээ дагаж, зохиолчдын хороогоор орж гарч, том зохиолчдын бараа сүрийг харж өссөн болохоор бичгийн хүн болохыг мөрөөддөг байсан. Ээж минь МЗЭ-ийн боловсон хүчний эрхлэгч байсан, яруу найрагч С.Даваахүү юм. Хожим би энэ чиглэлээрээ л сургуульд явсан. Казаний Их Сургуулийн хэл, утга зохиолын ангийг төгссөн. Төгсч ирснээсээ хойш бичиг номын ажилтай л зууралдлаа даа. Үүндээ ч дуртай. Хүн ер нь дуртай юмаа хийж амьдарна гэдэг аз жаргал шүү дээ. Нэг ёсондоо би хоббигоороо амьдарч байгаа хүн.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Анх уншсан уран зохиолын чиглэлийн ном гэж ойлголоо. Ч.Лодойдамбын “Манай сургуулийнхан”-ыг уншиж байсан санагдаж байна. Хүүхэд зовлон жаргалыг айхтар ойлгож мэдэрдэг болохоор сэтгэлд баяр гуниг их тод эрээлжилж байсныг санаж байна.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Заа, тийм ном уншаад ингээд өөрчлөгдчихсөн гэж худлаа яриад юухэв. Их л уншдаг хүүхэд байсан.

Таны ширээний ном?

Тийм ном байхгүй. Ширээн дээр бол ном овоолгоотой л байна.

Зохиолч, орчуулагч, түүх судлаач хүн учраас өөрийнхөө бүтээлүүдээс манай уншигчдад танилцуулбал? 

Уншигчид маань миний гаргасан номуудыг ихэнхийг нь мэднэ дээ. “Тэнгэрийн охин” нэртэй анхны ном маань гараад яг 30 жил өнгөрчээ. Үүнийгээ би ном гарсны тэгш ой гэж хувьдаа нэрлээд байгаам. Энэ ойдоо зориулж түүвэр бүтээлүүдээ 3 ботиор гаргалаа. Тэнд өгүүллэг, эсээ, тууж, роман, орчуулга гээд миний уран зохиолын бүтээлүүд орсон. “Орон зайг эзэгнэгч”, “Цаг хугацааг эзэгнэгч”, “Орчихуй, оршихуй” гэсэн нэртэй 3 боть гарснаа л сануулая даа. Түүвэрт сүүлд гарсан “Монгол заяатан” бүтээлээ оруулсан. Энэ номыг дэлхий дахинд Монголыг таниулах шедевр бүтээл хэмээн багш маань, зохиолч нөхөд маань дуу нэгтэй үнэлсэнд баяртай байгаа. Ер нь миний зохиосон, эрхлэн гаргасан бүтээлүүд 100 гарна. Алийг нь шилж хэлэх билээ.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Хүннүгийн тухай нэг сэдэвт болон судалгааны бүтээлүүд уншиж байна. Мөн дэлхийн газар зүйн талаар нэлээд юм харж байна даа. Ганц ном нэрлэх аргагүй.

Номыг хаана уншвал тав тухтай санагддаг вэ?

Хаа ч хамаагүй дээ.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Арга барил гээд байх юм байхгүй. Зарим уншигчид маань намайг нарийн төлөвлөлттэй, ёс журмын дагуу уншиж бичдэг их сүрхий хүн гэж боддог шиг байгаа юм. Тиймгүй. Би хүссэнээ хийж, шувуу мэт эрх чөлөөтэй амьдрах дуртай. Бичихдээ ч ялгаагүй дээ.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Би “Монгол заяатан”-аа л санал болгоно. Энэ ном хүмүүст ухаарал өгөөд зогсохгүй өөрийгөө танихад хэрэг болно. Сар жилээр эзгүй хээр амьдрахаар бол би “Монгол заяатан” номыг л авч явна гэж хэлсэн С.Бадрах дүүгийн маань үг үнэнтэй эсэхийг уншин байж шалгаарай, мэргэн дүү нар минь.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Ганц ч орных байхгүй. Гэхдээ би хаана ч очсон номын санг нь дураараа эзэгнэнэ.

Монгол хаад, Монгол заяатан, Солонгон хөндий, Их хааны хөрөг, Монгол Хатад, Их Хаадын зарлигийн Дээжис, Монголын нууц товчоо гэх мэт олон бүтээлүүд байдаг одоо ямар бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

Монгол түүхийн сонин содон үйл явдлын тухай, түүхийн философийн талаар бичиж байна. Энэ цагийн гэгээнтний шүлгийн орчуулган дээр ажиллаж байна. Ер нь хэд хэдэн юм зэрэг эхэлчихдэг юм аа. Зураач хүн хэдэн зураг зэрэг эхэлчихдэг шиг. Нэгэн дээр нь жаахан гацвал нөгөөг нь бариад авдаг. Амралт болдог. Аль алин дээр нь гацаад байвал гараад явчихдаг. Алжаал тайлдаг.

Уншихыг төлөвлөж буй ном?

Олон бий. Над багш нар, найз нөхөд, дүү нар номоо их дурсгадаг. Би ч ялгаагүй тэдэндээ өгдөг. Тэднийхээ бичсэн номыг бүгдийг уншина. Хүн хүндэтгэн дурсгасан бол цаг зав гаргаж заавал унших ёстой. Худалдаж авсан бол яахав дээ, тавьж байгаад яарамгүй үзэж болно.

Унших дуртай зохиолч?

Унших дуртай зохиолч гэснээс зохиол гэх нь амар биш үү? Нэг зохиолчийн бүтээл бүхэн сайн байх нь ховор. 100 зохиолоос 5 нь сайн байвал өндөр үзүүлэлт. Хүмүүсийн сайн мэдэхээс, үргэлжилсэн үгийнхэнээс Б.Ринчен, сүүл үеийнхэнээс Б.Ойдов, яруу найрагчдаас Б.Нямсүрэн, О.Дашбалбар, сүүл үеийнхэнээс До.Болдхуяг. Хүүхдийнхээс Д.Батжаргал, О.Сундуй, Н.Мандал, Гадныхнаас Маркес… 

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Уран зохиолын баатарт хайргүй.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Уран зохиол хүний мэдлэг боловсролд, ялангуяа сэтгэлийн боловсролд нөлөөлдөг нь мэдээж. Гэхдээ ямар үед нөлөөлөх нөлөөлөл нь их байдаг вэ гэвэл, сайн бичигдсэн үргэлжилсэн үгийн томоохон зохиол унших үед. Том хэмжээний номыг нэг барьж аваад багадаа 7-10 хоног уншина шүү дээ. Өөрөөр хэлбэл, 10-аад хоног яг тухайн уур амьсгалаар амьсгалж, утга уянганд нь автаж, философиор нь сэтгэнэ гэсэн үг. Энэ хооронд ухаарлын болоод мэдрэмжийн, соёлын хувьд түвшин ахиж байдаг. Үйл явдал төдийгүй ухаарал мэдрэмж, хүлээлтийн төлөвт уншигч удаан оршино гэсэн үг. Ухаарал мэдрэмжийн төлөвт аль болох тасралтгүй удаан байсан нөхцөлд хүн боловсорно. Хүн боловсорч, түргэн сэтгэдэг, уран сэтгэмж сайтай байх нь зөвхөн хүмүүнлэгийн чиглэлийнхэнд гэлтгүй бизнес, эдийн засаг, байгалийн ухааныханд ч чухал шаардлагатай чанар. Зөндөө л сайхан зүйр үг, богино шүлэг байдаг. Тэглээ гээд уншсан хүнээ ухаарал мэдрэмжийн төлөвт удаан барьж тогтоох магадлал бага. Тийм боломжийг туульсын том төрөл л өгдөг. Гэхдээ авьяас билгийг академик боловсролтой хослуулж бичсэн зохиол шүү дээ.

           Баярлалаа.

Ярилцсан: Номын санч: Э. Ариунтунгалаг

 

О. Долгорсүрэн