Уншаад ирэхээр хүн өөрөө өөртэйгөө ярилцах, өөртэйгөө хүүрнэх бодолтой болдог юм.

Уншаад ирэхээр хүн өөрөө өөртэйгөө ярилцах, өөртэйгөө хүүрнэх бодолтой болдог юм.

Овог нэр: Отгоны ГЭРЭЛСҮХ

Эрхэлж буй ажил, албан тушаал: Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин

Сошиал хуудсууд: –

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?

Миний нэрийг Отгоны Гэрэлсүх гэдэг. Улсын Драмын Эрдмийн театрт жүжигчнээр ажилладаг, Соёлын Тэргүүний Ажилтан. Театрт 1996 оноос хойш эдүгээ хүртэл ажиллаж байна.

Таны хүүхэд насны мөрөөдөл болоод өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоёр хоорондоо хэр зэрэг таарч байгаа вэ?

Би чинь жүжигчин хүн, хүүхэд насны мөрөөдөл жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй байсан.  Монголын хүүхдийн ордонд тэр үед 6 ангиасаа 10 дугаар ангиа төгстөл 19881991 оны хооронд С.Даваахүү багшийн драмын дугуйланд явж байсан. Дугуйланд  явж байхдаа анх удаагаа тайзан дээр тоглосон. Жижигхэн гараанууд, инээдмийн хөтөлбөрүүд , бүрэн хэмжээний жүжгийн зохиол болох Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалын хүүгийн дүр, “Асаад унтарсан хайр”, “Алтан үрэл” гэх мэт МҮОНТелевизийн алтан фондонд хадгалагддаг, жил бүрийн “Харшийн наадам”д тоглодог, жил бүрийн хавар бид бүгд тайлангаа тавьдаг байлаа. Арван жилийн сургуулиа төгсөөд СУИСийн жүжигчний ангид шалгалт өгч тэнцсэн. Ийм учраас хүүхэд насны мөрөөдөл, өнөөдрийн эзэмшсэн мэргэжил, хүсэл сонирхол минь адил байна. Гэхдээ ийм урт цаг хугацааг туулна гэж бодоогүй.

Номын ертөнцөөр анх хэдэн настай аялж эхэлсэн бэ? Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юу?

Миний хувьд төмөр замын 20р сургууль, 51р сургуулиудыг төгссөн. Аав минь үлгэр ярьдаг хүн байсан учир багаасаа үлгэрийн ертөнцөөр аялж өссөн. Монгол ардын үлгэр болон бусад орны үлгэрүүдийг уншиж байлаа. Номын санд байсан номуудаа уншиж, сүүлд нь Монголын уран зохиолын дээжис цувралаас богино өгүүллэг, тууж, роман их уншдаг болсон. Тухайн цаг үед “Мандухай цэцэн хатан”, “Болор толь”, “Онцгой эрх”, “Ногоолин хайрцаг”, “Санниковын газар”, “Санхүүч”, “Оцеола баатар” болон Жюль Верн, Майн Ридийн зохиолууд гэх мэт олон зузаан номуудыг уншсан. Эдгээр номууд сэтгэлд тод үлдсэн байна. Тухайн цаг үед номын олдоц ховор хүмүүс өөрт байгаа номоо хоорондоо солилцож уншдаг байлаа. Болж өгвөл бүхий л номыг уншъя гэж боддог байсан. Ер нь хүүхэд насандаа ерөнхий боловсролын сургуульд суралцаж байх хугацаандаа  зөгнөлт, адал явдал гэх мэт уран зохиолын олон төрлөөр номыг уншвал зүгээр юм шиг. Нас биед хүрээд сурч боловсрох, ажил амьдрал дээр гарахаар унших нь арай цөөн тухайн эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр унших судлах тал руу болчихдог юм шиг миний хувьд санагдсан.

Хүн бүр ном унших, унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?

Миний хувьд яг тэр, энэ номыг  уншъя гэдэггүй , багш нарын хэлдэг заавал уншвал  зохих 100  номын жагсаалтад орсон номууд гэж байдаг. Өөрийгөө туршаад үзэхэд 40 хувийг уншсан байсан. Эдгээр номыг энэхүү жагсаалт гараагүй байхад ихэнх номыг нь уншсан байсан. Нэг номоо уншиж байхад дараагийн номоо унших сэдэл ном нь дотроос гардаг, ном дотроос ном унших аргаа олдог. Гэртээ томоохон номын сантай байсан гэвч нэлээд зай талбай эзлээд байх учир 2, 3 хувааж байрлуулах гэх мэт асуудал гараад байсан учир нэлээд номоо цөөлсөн, одоо танай номын сангаар үйлчлүүлдэг. Цахим каталогийг орон зай үл хамааран  хайлтын систем интернэтийн орчинд шүүлтээ хийж үзэх боломж бүрдсэн,  номын сан тав тухтай орчин нөхцөл, өөрт хэрэгцээтэй ном хэвлэлийн бүтээгдэхүүн, мэдээ мэдээллийг нэг дороос авах боломж бүрдсэн.  Хуучин бид оюутан байхдаа  улсын төв номын санд хамгийн түрүүнд очдог байлаа тэгэхгүй бол ном үйлчилгээнд гараад явчихдаг, лифтээр араас нь ном ирдэг гэх мэт номын сангийн үйлчилгээний хүрээ хүртээмж бага, одоо бол аль номын санд хэдэн ном үлдэгдэлтэй байна, аль номын санд очвол тэр ном байна уу гэх мэт харах  боломжууд их болсон.

Нөгөө нэг  арга нь өөрийнхөө хийж буй ажил мэргэжил, театрын бүтээл, кинонууд дээр тэр бүтээлээ хийхэд тухайн зохиолчтой танилцах хэрэгтэй болдог. Жишээ нь: Манайх “Анна Каренина” жүжгийг тавихад Л.Н.Толстой ямар ямар номууд бичсэн байна. Дөрөвдүгээр сард гэхэд Н.В. Гоголийн “Тоглоомчид” гэсэн жүжиг тавигдаж байна. Үүнтэй холбоотой  Оросын утга зохиолын дээжис , Петербургийн туужис, Н.В.Гоголын бичсэн тууж, номыг  үзэж байхад тоглоомчидтой холбоотой дүрийг зохиолч хэд хэдэн зохиол дээр дахин дахин давтан бичсэн тохиолдол байдаг, байхгүй юу ижил төсөөтэй зан чанар, тухайн цаг үед очихын тулд, тухайн цаг үеийн зовнил санаашрал, хүсэл тэмүүлэл зэрэг нь  ямар байсан, номоор дамжин  очдог, дүрслэх урлаг талаас нь зураг харж болно, гэхдээ  ном нь дотор бол тухайн цаг үеийн бодол хамт явж байдаг. Зохиолтой танилцах зэрэг нь ажил мэргэжлийн онцлог, аль ч салбарын хүмүүс өөрсдийн онцлогт тохируулж судалж унших арга зүйтэй байдаг байх.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Бид өдөр тутамдаа  маш цөөхөн үгсийн сангаар ярьдаг. Ном уншихаар хэн нэгэн хүнтэй танилцдаг. “Ном бол хавтастай хүн” гэдэг үг байдаг. Тэр үг бол надад их гоё санагддаг тэр хүний тухай бодож санаж төсөөлж зүгээр уншихдаа биш, зохиолчийн сонирхоно, бичсэн бүтээлийн үзнэ. Тэр нь  дотроосоо авах юмаа авна,  тэр хүний амьдралаар амьдарна, тухайн зохиолч гадаад зохиолч бол зохиолчийн амьдарч буй улс орноор аялах төсөөллийн орон зайгаар, монгол зохиолчийн зохиол бүтээлээс монголын түүх , монгол ахуй, ёс заншлаа мэдэж судлах боломжтой. Ном уншсан хүн төсөөллийн орон зайгаар аялж их зүйлийг мэдэж авна. “Ном уншдаггүй хүн нэг хүний амьдралаар, ном уншдаг хүн 1000 хүний амьдралаар амьдардаг” гэдэг үг байдаг. Жишээ нь: Габриель Гарсиа Маркес “Зуун жилийн ганцаардал” зохиол. Габриелын тосгоны амьдрал, тэр тосгоны зуун жилийн амьдрал, ганцаардал зэргийг харах нь маш гоё төсөөлөлтэй зүйл юм. Нөгөө талаараа их зүйлийг уншаад ирэхээр хүн өөрөө өөртэйгөө ярилцах, өөртэйгөө хүүрнэж ярилцах бодолтой болдог юм.

Таны ширээний ном

“Монголын Нууц Товчоо” хэд дахин уншаад байдаг боловч мартагдаад ирэхээр дахин сэргээн уншаад л байдаг. Би Германд сурч байсан учир төрөл бүрийн “Их нэвтэрхий толь” , Түүхэн цаг үеийг харуулсан толь бичиг , Шинжлэх ухааны нээлт, танин мэдэхүйн  өргөн агуулгатай сэдэвтэй толь бичиг, Орос, Англи, Герман хэлний словариуд. Жишээ нь: Гадаад үгийг словариас хараад авахад эргээд мартахгүй танил үг байх жишээтэй. 1020 номууд байнга ширээний номоор байдаг гэхдээ тухайн цаг үеийн эрэлт хэрэгцээнээс болж солигдож байдаг. Нэг хэсэг би  Аристотелийн зураг, яруу найргийн ялгаа, нүүдэлчин бусад орны аж ахуй амьдрал, бурхан багшийн сургаалын мөн чанар юу юм гэх мэт сонирхол судалгаанаас хамаарч ширээний ном өөрчлөгдөж байдаг.

Ер нь бол би номыг давтан унших сонирхолтой. Бага залуудаа уншсан номоо дахин сэргээн 2, 3 дахь удаагаа уншдаг, манай аав их ном уншдаг хүн байсан. Чернышевский “Яах вэ” гэдэг роман байдаг. Аавын тэмдэглэл байсан хэдэн сарын тэдний өдөр энэ номыг худалдаж авав, хэдэн сарын хэдний өдөр уншив, 2 дахь удаагаа уншив, хэдэн оны хэдэн  сарын тэдний өдөр би дахин унших болно гэсэн харандаагаар тэмдэглэсэн бичвэрүүд байдаг. Миний хувийн номын сангийн номууд аавын энэ аргыг дуурайсан тэмдэглэгээтэй байдаг. Багшийн их сургуулийн гудамжнаас, СУИСийн номын худалдаанаас, Дарханд явж байхдаа, Берлинд байхдаа худалдаж авав гэх мэт ном болгон дээр аль болох он ,сар, өдөр, газар, гарын үсгээ үлдээсэн байдаг, ард урьд талд ном нь дотроос гоё санагдсан хэсгээс иш авч тэмдэглэж байдаг, номынхоо тоосыг арчаад явж байхдаа номын урьд ар талыг эргүүлж өөрийн бичиж үлдээсэн ганц нэг өгүүлбэрийг хааяа хараад суудаг. Тэгэхээр гэр бүлийн зүгээс номоо цэвэрлэн гэсэн яасан бэ? номоо хараад суучих юм гээд л  хөгжилтэй зүйл болдог.

Унших дуртай зохиолч

Монголын зохиолчид байна. Д.Нацагдорж зохиолчийг хүндэлж биширч явдаг бүх зохиол бүтээл нь  уран сайхан үг хэллэгтэй байдаг. “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болохгүй соёл юм” гэсэн эх хэлээ дээдлэх сайхан уриалаг байдаг. Зохиолчийн өгүүллэгүүд маш гоё агуулга, бичлэгтэй. Өгүүллэгүүд сэтгэлгээ талаасаа маш гоё бичиглэлтэй  “Харанхуй хад”, “Учиртай гурван толгой” жүжиг , шүлэг яруу найраг  гэх мэт зохиолууд нь. Мөн зохиолчийн амьдрал нь их сонирхолтой миний хувьд их зохиолчийг дуурайж герман явсан юм байна. Германд очиж суръя гээд германд сурч байхдаа зохиолчийг бодох зэрэг нь надад үлгэр дуурайлал авах хүний нэг байсан. Энэ хүн орос, герман хэлтэй барууны утга зохиолыг монголд, орчин үеийн утга зохиолыг үндэслэгч байж чадсан, нөгөө талаар Ч.Галсан гуай байна. Зохиолууд нь таалагддаг. Миний аав мөн тува урианхай хүн. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүн байсан. Ч.Галсан гуайн монгол, герман хэл дээр бичсэн  зохиолууд нь  монгол сэтгэлгээг тод харуулсан, монгол хүн харь хэл  дээр бичсэн ч гэсэн монгол ахуй сэтгэлгээг харуулсан.

Монголчууд бидний ном унших сэтгэлгээ, номд хандах хандлага, мэдрэмж бусад үндэстнээс ялгаатай болон ижил зүйлс ажиглагддаг уу? Таны бодлоор

Бусад үндэстнээс ялгаатай тал гэдэг нь Өвөрмонголд кинонд явж байхад нэг зүйлийг анзаарсан ер нь өвөрмонгол, буриад, тува гэдэг юм уу монгол түмэн хэдийгээр номтой нөхөрлөж байгаа ч гэсэн ном судартай эртнээс нөхөрлөж ирсэн уламжлалтай  гэхдээ ардын аман зохиолын төрөл чадвараа алдаагүй юм болов уу гэж боддог. Өвөрмонгол жүжигчидтэй ажиллаж байхад ардын аман зохиолын төрөл хэлц үг, зүйр цэцэн үг, үлгэрийг мэдэж, ярьж байдаг, монголчууд бид нар чинь сонин ард түмэн шүү дээ, их цөөн ном нь дотор эргээд байдаг юм шиг, мөртлөө чухал өргөн агуулга, утга зохиолын олон төрөл зүйлийг хамарсан. Барууны утга зохиол гадаад хүмүүстэй ярилцахад сонголт нь өөр байдаг  боловч,  нэг ижил түвшинд зохиолоо мэднэ гэдэг боловч мэдэхгүй байх жишээний. Жишээлбэл: Монголчууд Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг бараг л хүн бүхэн мэддэг байхад гадныханд энэ байдал ажиглагддаггүй сонголт нь өөр өөр байх жишээтэй. Монголчуудад аман зохиолын төрөл зүйл амнаас ам дамжаад ирсэн, уншихаас гадна цээжинд байдаг бол гадныхан шууд уншдаг нь ялгаатай болов уу гэж бодож байна.

Тайз, дэлгэцийн урлагт анх ямар уран бүтээлд тоглож, дүр бүтээсэн бэ? Тухайн үед төрсөн сэтгэгдэл

Анхны дүр гэвэл 1996 онд Шекспирын “Ромео Жульеатта” жүжгийг Улсын Драмын Эрдмийн Театрт  найруулагч Ч.Найдандорж тавихад Ромеогийн  дүрд тоглож байсан. Ромео гэж хэн юм бэ? гэдгийг таньж мэдэх гэж их хичээсэн анхны дүр, гол дүр авсан. Тэгээд Ромеог хүмүүс хэрхэн яаж  амилуулж  тоглосон юм. Жүжигчнийх нь хувьд бусад улсын жүжигчид мөн адил Ромеогийн дүр, гол дүр бас хэцүү яг тодорхой бусад дүрүүд, хурц дүрүүд болох Тибальт юм уу, Веркутия шиг биш , цэнхэр дүр гэж нэрлэдэг үйл явдал муу зүйл байхгүй яваад л байна, тэмцээд л байна, хайртай дуртай хүнийхээ төлөө, Жульеаттагийн төлөө тэмцсээр яваад, тэрний онцлогийг гаргахын тулд бусад улс орон энэ дүрийг яаж гаргасан юм бэ? гэдгийг харахын тулд олон зүйлийг харж байсан. Тэгээд Шекспирийн судалгаанд Ромео шиг дүрийг Шекспир  аль аль жүжигтээ, гэнэн хонгор юм шиг, гэхдээ шатсан дүрийг хаана гаргасан байна гэдгийг ирж хайх болно.

Унших чадвар нь дүрд хувирах, зохиол дээр ажиллах үйл явцад нөлөөлөх үү ?

Унших чадвар нь дүрд ажиллах, хувирах чадварт хамгийн ихээр нөлөөлнө. Ер нь байнга уншиж байхгүй бол тухайн хүний сэтгэх сэтгэлгээ, бодрол, янз бүрээр ургуулан бодох зэрэг нь идэвхгүй байдалд ордог, байнга юм уншина харна гэдэг чинь, эх хэлээ эзэмших,  тархиа байнга идэвхтэй байлгах үүднээс унших чадвар жүжиглэх, дүр бүтээхэд асар холбоотой.

Та өөрийнхөө бүтээсэн ямар дүрээрээ хамгийн их бахархах сэтгэл төрж байсан бэ ?

Хүмүүс дүрээр бахархан гэж яриад байдаг би тэр дүрийг гоё гаргасан гэдэг юм уу. Миний хувьд үзэгчдээр бахархмаар байдаг. Жишээ нь: Юу гэдэг юм бэ? Таны тэр тоглосон  “Ромео Жулеата” жүжгийг 30-аад жилийн өмнө үзэж байсан мартаагүй шүү гэвэл тэр л сайхан үзэгчдийн санамж ой, дүрийг ойлгосон байдал, Ларьдма киног үзээд таныг зэвүүцэж харсан шүү гэдэг юм уу, үзэгчид дүрийг боловсруулж харж хүлээж авах хүмүүс нь шүү дээ. Тиймээс хүний сэтгэлд үлдсэн  бодогдсон, дүрүүдийг тээж яваа үзэгчдэдээ л хайртай бахархдаг юм. Түүнээс биш би энэ дүрийг сайн хийлээ, энүүгээр бахархдаг гэвэл дүр болгон янз бүр бахархаж болох дүр, бахархаж болохгүй дүр гэж янз бүр байна.

Жүжигчин хүн бүрд бүтээж үзэхийг хүсдэг дүр байдаг байх. Таны хувьд…

Залуу байхдаа боддог байсан байж магадгүй . Би тэр дүрд тоглох юмсан, энэ дүрд тоглох юмсан гэдэггүй. Ер нь бол уран бүтээл болгон өөрийн гэсэн хувь заяатай миний байх үед , ямар уран бүтээл хийгдэхийг тухайн цаг үеийн уран бүтээлчдийн хүрээлэл, аль кино студи, ямар театр ямар уран бүтээл тавихаас болно. Хамгийн гол нь  уран бүтээлд бэлэн байх явдал гол юм. Тэрнээс би хий мөрөөдөөд хэзээ тоглох нь мэдэгдэхгүй “Лир ван”-д тоглочих юмсан гэж бодоод байхаас илүүгээр түүхэн дүр голдуу байх хэрэгтэй. Зарим хүмүүс энэ муу дүр байна, иймэрхүү дүрийн байдлаар би үзэгчдэд харагдахыг хүсэхгүй байна зэргээс больж байгаа, дүрээс татгалзаж байгаа байдал ажиглагддаг. Миний хувьд муу сайн хамаа алга хүнд хэрэг болох оюуны талх, хэрэгтэй дүр байвал хэрвээ би чадахаар бол дүрүүд дээр тоглоё гэж боддог. Тэр болгон дүрийг хүсээд суухгүй байх гэж боддог.

Танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан ном?

Өөрчлөлт авчирсан номууд гэвэл байна. Анх Дейл Карнегийн ном монгол хэлнээ орчуулагдан гарч байхад их сайхан санагдаж байсан. Энэ ном нь хүнтэй харилцах харилцаа, харилцааны урлаг, эдгээр чадварыг яаж илэрхийлэх вэ, мөн “То вангийн сургаал” монгол ахуй, өв уламжлал, ёс заншил зэрэг хүнд хэрэгтэй зүйлүүд байна. Мөн “Мэргэд гарахын орон”, “Хөх судар”, “Алтан сургаал” зэрэг номууд нь бүгд сургаалын шинж чанартай шүү дээ. Эдгээр номуудыг уншаад бишрэх сэтгэл төрж байсан.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Тухайн цаг үедээ нэг төрлөөр биш , цаг хугацаа сонирхол зэргээс болж холимог ном байх болов уу. Гэхдээ үндсэн өөрийн үзэл бодол өөрчлөгдөхгүй, цаг хугацааны явцад өөрчлөлт орно.  Товч бөгөөд тодорхой нимгэн хуудастай ном байх болов уу. Арван жилийн сургуульд сурч байхдаа утга зохиолын хичээл дээр онц сурдаг хүүхэд байсан. Товчлох дасгал хийдэг гол санааг илэрхийлэх тал дээр сайн байсан.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?

Тийм ном гэхээс илүүтэй залуучууд номоо их хардаг болсон байлгүй дээ. Амьдрах арга барил, алдартай суутан хүмүүсийн туулсан замнал, амьдрал, тэдний хэлсэн онч үг зүгээр санагддаг, гэхдээ өөрийнхөө үе шигээ тэрийг энийг гэх сонгож хэлэх нь тохиромжтой биш болов уу, орчин цаг үе, шинэ амьдралын хэв маягаар амьдарч буй хүмүүст тулгаж болохгүй болов уу, хамгийн гол нь хандах зүгээ өөрөө тогтоох нь зөв болов уу.

Цаашид хотын соёл, бүх нийтээр ном унших соёл, соёлын олон талт арга хэмжээнүүд ямар түвшинд хөгжвөл, хүүхэд залуучуудад илүү хүртээмжтэй шинэлэг байх вэ? Таны бодлоор

Орчин үеийн хүмүүс ном унших нь бага болоод байгаа харагдаад байдаг, үзэж харах зүйл нь их болсон юм шиг санагддаг.  Номын сангууд маань кино үзэж , кофе уудаг, хайлтаа хийдэг, ном гэдэг маань илгээж болдог, гэхдээ ном гэдэг маань бодитоор нь бариад үзэх,  ном болгон уулзалт, уралдааны газар, болзооны газар иймэрхүү байвал зүгээр болов уу. Гэхдээ хүн төрөлхтөнд номын сан гэдэг үргэлжилж байна шүү дээ. Нэг суут хүний хэлсэн байдаг “Аливаа нэг үндэстэн гэж байхад гурван байгууллага” хамгийн түрүүнд байх ёстой

Нэгдүгээрт: Тэр улс орон түүхтэй учир Музейтэй байх –  түүхийн ямар цаг үе , улс төр, эдийн засгийн замналыг туулан үндэстэн тогтсон

Хоёрдугаарт: Номын сантай байх ёстой –  өөрийн эх хэл, бичиг соёлын түүх дурсгал, өв соёлоо хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх

Гуравдугаарт: Театртай- өөрсдийн үндэстний онцлогийг харуулсан соёл урлагийг хөгжүүлэх, жүжиг, дуу хуур, бүжиг. Энэ гурван байгууллага байж хөгждөг . Жишээ нь : Улс орноор аялахдаа эхлээд далай тэнгис дээр хэвтэхээс илүүтэй эхний ээлжид тухайн улс орны түүхийг харуулсан эдгээр 3 байгууллагаар зочилдог, ордог байвал. Миний хувьд мөн адил аялахдаа энэ зарчмыг баримталдаг.

Танд хэдэн орны номын сангийн уншигчийн үнэмлэх байдаг вэ?

Би Берлинд байхдаа гэрийн ойр дүүргийн номын сангийн үнэмлэхтэй, Чөлөөт Их Сургууль, Техникийн Их Сургууль номын сангийн үнэмлэх, Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн мөн Монголын Үндэсний Номын Сан , Театрын номын сангаар бас тоглолтоор орон нутагт очихдоо аймгийн номын сангаар орж сонирхож үздэг. Залуучуудад хэлэхэд ялангуяа гадаад хэл сурч буй хүмүүс Германы, Францын танай Америк соёл мэдээллийн төв, Солонгос хэл Сөүл- Улаанбаатар хотын соёл мэдээллийн төв гэх мэт олон номын сангууд болон танхимууд байна. Одоо чинь хэл суръя , ямарваа нэг зүйлийг мэдье гэвэл бүхий л хэлбэрээр байна шүү дээ. Хамгийн гол нь тэрүүгээр очиж, биетээр мэдэрч хүртэж үйлчлүүлэх нь өөрт нь эрдэм ном нь наалдана даа. Эдгээр зүйлийг маш сайн ашиглаж байх хэрэгтэй. Хамгийн гол нь эдгээр газруудаар орж  биетээр мэдэрч үйлчлүүлэх суралцах боломжууд маш их байна даа.

Бидний ярилцах сэдэв өндөрлөж байна. Урилгыг минь хүлээн авч цаг заваа гарган ярилцсан танд баярлалаа.

Танд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Ярилцсан:  Д.Жаргалсайхан

 

Shurenchimeg Ganbat