Уншлага нь хувь хүний хувьд амьдралын утга учрыг олох, анхаарал төвлөрөх, хөгжих зэрэг маш олон сайн сайхан зүйл буюу үнэт зүйлсийг  бий болгодог гэж боддог…

Уншлага нь хувь хүний хувьд амьдралын утга учрыг олох, анхаарал төвлөрөх, хөгжих зэрэг маш олон сайн сайхан зүйл буюу үнэт зүйлсийг  бий болгодог гэж боддог…

Урилга хүлээн авч ярилцаж байгаа танд баярлалаа

Та ямар мэргэжлээр аль сургуульд суралцаж төгссөн бэ?

Багш нарыг бэлтгэх сургуулийн номын сангийн ангийг  онц дүнтэй төгсөөд  дараа нь тухайн үеийн нэршлээр ЗХУ-ын Буриад улсын Дорнод Сибирийн соёлын дээд сургуулийн нийтийн номын сангийн анги төгссөн.

Таны хүүхэд насны мөрөөдөл одоогийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Миний хүүхэд насны мөрөөдөл хуульч  мэргэжил байсан, санамсаргүй байдлаар номын санч мэргэжлийг сонгосон ч миний хувьд энэ бол алдаа байгаагүй.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Ж.Дашдондог Аав, ээж, би

Ном уншихын утга учир үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Уншлага нь хувь хүний хувьд амьдралын утга учрыг олох, анхаарал төвлөрөх, хөгжих зэрэг маш олонсайн сайхан зүйл буюу үнэт зүйлсийг  бий болгодог гэж боддог.

Таны одоогийн эзэмшсэн мэргэжил нь хувь хүний хөгжилд хэрхэн нөлөөлсөн бэ?

Миний эзэмшсэн мэргэжил намайг өдий зэрэгт хүргэсэн. Намайг хувь хүн болон төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэсэн зүйл бол яах аргагүй миний эзэмшсэн мэргэжил.

Номын санд орж ирж байгаа номууд “Ном” гэдэг шалгуураа хэр хангаж байна вэ?

Номын хувьд агуулга, хэлбэр гэсэн 2 ойлголт байна. Агуулга нь хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангадаг. Хэлбэр хийцээрээ олон удаа ашиглагдах бүтээгдэхүүн учраас ном хэвлэлтийн  чанарын стандарт шаардлагыг хангасан байх нь чухал. Иймээс номын сан зах зээлээс сонголт хийхдээ дээрх шалгуурыг сайн харгалзах ёстой байх. Ийм шалгуураар авсан ном урт хугацааны хадгалалт, ашиглалтын шаардлагыг хангана.

Та хэдэн жил багшилж байна вэ?

Анх 1996 онд цагийн багшаар ажиллаж эхэлж байсан. Ер нь 2010 оноос тууштай багшилж байна.

Манай улсын номын сангийн хөгжил номын санчийн ур чадвар ямар түвшинд явж байна гэж боддог вэ?

Судалгаа байхгүй учраас ийм түвшинд байна гэж хэлэх учир дутагдалтай. Номын сангуудын хөгжил, орчин нөхцөл, үйлчилгээ тухайн орон нутгийн онцлогоос хамаараад өөр өөр байна. Нийгэм, технологийн өөрчлөлтийг даган номын сан, номын санчийн ажлын агуулга, хэлбэр өөрчлөгдөж байна. Иймээс өөрчлөлтөд дасан зохицох шаардлага байгууллага болон хувь хүний хувьд гарч ирж байгаа.

Номын санч мэргэжил хэр эрэлттэй мэргэжил вэ? Ер нь номын санчийн ангийг жилд хэдэн хүн төгсдөг юм бол. Энэ мэргэжлийн ирээдүйн талаар яриач

Номын санч мэргэжил нийгмийн эрэлттэй мэргэжлийн тоонд зүй ёсоор орж байна. Жилд дунджаар 10-15 хүн төгсөж байна. Ирээдүйн номын санч – зөвхөн хайлтын мэргэжилтэн төдийгүй  мэдээллийн чанарыг үнэлж чаддаг аналитик тоймч, IT мэргэжилтэн буюу мэдээллийн куратор байна гэж судлаачдын бүтээлээс уншиж байсан.

 Номын санч хүн ямар байх ёстой вэ? Таны бодлоор

Энэ мэргэжлийн онцлог нь хүнтэй, мэдээлэлтэй ажилладаг учраас анхаарал төвлөрөл, ой тогтоолт сайтай байхаас гадна хүнтэй харилцах харилцааны соёл чухал гэж боддог.

Номын санч мэргэжлийг хүмүүс сайн мэдэхгүй болохоор ном өгч авдаг хүн гэж ойлгодог. Энэ тал дээр та юу гэж бодож байна?

Энэ ойлголт нийгмийн сэтгэл зүйд оршиж байгаа нь үнэн учраас номын санч  бүхэн албаны үүргээ ухамсарлан  үйлчилгээгээр дамжуулан  энэ ойлголтыг өөрчлөх боломжтой. Үүнд номын санч бүрийн оролцоо, харилцаа, хандлага гол үүрэг гүйцэтгэнэ. 

Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Munkhzul.B