“Явуугийн үдэш” яруухан болж өнгөрлөө…

“Явуугийн үдэш” яруухан болж өнгөрлөө…

Жил бүрийн гуравдугаар сарын 15-ныг уран зохиолын хүрээнийхэн Явуугийн өдөр хэмээн онцолж, яруу найргийн баяр болгон тэмдэглэдэг. Учир нь энэ бол Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн мэндэлсэн өдөр. Тиймээс энэ өдөр их найрагчийг дурсан хүндэтгэдэг уламжлал тогтоод 30 гаруй жил болжээ. Явуу найрагчийг тэнгэрт хальсны дараа жил буюу 1983 онд яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Ж.Саруулбуян, Л.Мягмарсүрэн, Д.Цогт, Ц.Ойдов, Ү.Хүрэлбаатар, Л.Дамдиндорж, Я.Баатар зэрэг шавь нар нь мэндэлсэн өдрөөр нь Алтан өлгий дэх хөшөөнд нь цэцэг тавьж, багшийнхаа дурсгалыг хүндэтгэсэн байна. Энэ үеэр дорнын их найрагчийн мэндэлсэн өдөр гуравдугаар сарын 15-ныг Явуугийн өдөр хэмээн нэрлэж байхаар тогтжээ.

17353194_727148880796793_3394515559709392500_n

Энэ жилийн Явуугийн өдрийг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын зохиолчдын эвлэл, “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл хамтран “Явуугийн үдэш” нэртэйгээр уншигч, зохиолчдын уулзалт, яруу найргийн чөлөөт уншлагыг зохион байгууллаа. Энэхүү үдшийн уулзалтад Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Д.Цэдэв, Б.Явуухулангийн шавь, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюун, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч Д.Чинзориг, яруу найрагч Д.Сүхбаатар, Ж.Батцэцэг, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва нар болон үе үеийн зохиолч, яруу найрагчдын төлөөлөл, уншигчид хүрэлцэн ирлээ. “Явуугийн үдэш”-ийн хүндэт зочдын нэг нь соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв юм. Зохиолчдын хороог олон жил удирдаж байсан энэ эрхэм Явуу найрагчтай хамт Зохиолчдын хорооны удирдах зөвлөлд 17 жил хамт ажиллсан ажээ. Тиймээс их найрагчийг хувь хүн талаас нь ч тэр, уран бүтээлийнх нь хувьд ч гэсэн сайн мэдэх нэгэн. Д.Цэдэв доктор дорнын их яруу найрагчийн уран бүтээлийн онцлог, Явуухулан судлалын талаар ярьж, зарим бүтээлийнх нь түүхийг онцлон сонирхуулсан юм. Тухайлбал “Би хаана төрөө вэ” шүлгээ хаанахын, ямар шүлгээс санаа авч бичсэн, “Сохор зоосны дууль” найраглалаа хэдэн удаа засч, нэрийг нь өөрчилсөн гэх мэт уран бүтээлчийн лаборатори, зохиолчийн хөдөлмөртэй холбоотой баримтуудыг дурдаж байв. Цаашид Явуухулангийн яруу найргийг олон талаас нь судлан, шинээр нээх шаардлагатай гэдгийг тэрээр онцолж байлаа.

dsc_8866

“Явуугийн үдэш”-ийн өөр нэгэн эрхэм хүндтэй зочин Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюун багшийнхаа тухай гэгээн дурсамжаасаа хуваалцсан юм. Тэрээр Явуу найрагчийн гарын шавь бөгөөд багшийнхаа гэрт амьдарч, уран бүтээлээ хэрхэн туурвихыг нь хамгийн ойроос харж, мэдэрч явсан ажээ. Энэ тухай С.Оюун найрагчийн дурсамж сонирхолтой сайхан байлаа.

dsc_8905

Мөн энэхүү уншигч, зохиолчдын уулзалт, яруу найргийн уншлагад Явуу найрагчийн ойрын садан, яруу найрагч Ж.Балжинням хүрэлцэн ирсэн бөгөөд тэрээр өөрийн ураг удмын талаар бичсэн номоо номын сангийн фондод хандивлалаа. Ж.Балжинням найрагчийн эмэг эх нь Явуухулан найрагчийн аав Бэгзийн төрсөн дүү нь ажээ. Авга ачийн холбоотой, алаг бөөрийн сүлбээтэй найрагч ахынхаа тухай тэрээр дурсахдаа “1954 онд ЗХУ-ын М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд Явуу ах маань суралцах болж, Бэгз ахынхан маань хот нүүсэн юм. Бэгз ахынхан ах дүүс биднийхээрээ орж цайлаад оройхон аймгийн төв рүү үхэр тэрэгтэй хөдөлсөн. Ижилдэж дассан үхэр, шарууд мөөрөлдөөд л. Тэднийхийг хөдлөхөд хүн бүр л сэтгэл үймэрч байж билээ. Хожим Улаанбаатарт цэргийн алба хааж байхдаа Явуу ахтайгаа уулзаж, анхны шүлгүүдээ үзүүлж, гарынх нь хоолыг идэж явлаа” хэмээн хуучилсан юм. Ийнхүү эрхэм хүндтэй зочид Явуу найрагчийн тухай дурсамж хууч дэлгэж, уран бүтээлийнх нь талаар сонин содон баримтуудыг онцлон ярихын зэрэгцээ үе үеийн найрагчид шүлгээ уншив.

dsc_8977

 

 

“Шинэ мянган” утга зохиолын нэгдлийнхэн өөрсдийн уран бүтээлийн дээж ном, яруу найргийн цомгуудаа Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд хандивласан юм.

dsc_8941

Мөн Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн номзүйч В.Түвшинтогтох Б.Явуухулангийн ном зүйн судалгааны ажлын талаар танилцуулж, Явуухулан найрагчийн анхны ном болох “Бидний хүсэл”-ээс эхлээд бүхий л шүлэг, найраглал, орчуулгын номуудыг дэлгэж, МЗЭ-ийнхэн их найрагчийн амьдралын ховор агшнуудыг буулгасан гэрэл зургийн үзэсгэлэн толилууллаа.

dsc_8899

 

Vandan Tuvshintogtoh