2-р улирлын тайлан

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛААНБААТАР ХОТЫН

НИЙТИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН

2017 оны 06 дугаар сарын 20                                                                       Улаанбаатар хот

Нэг. БОДЛОГЫН ЗОРИЛТ

  • Нийслэлийн Засаг даргын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон Эдийн засаг, нийгмийн 2017 оны үндсэн чиглэлийн биелэлт

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны  хөтөлбөр, 2017 оны эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд олон нийтэд мэдлэг, мэдээллийг сурталчлах, тэдэнд зориулсан соёл танин мэдэхүй, соён гэгээрүүлэх чиглэлийн ажлуудыг дараах байдлаар зохион байгуулан ажиллав. Үүнд:

1.2. Байгаль орчин, ногоон хөгжил:

Олон нийтэд хөрсний бохирдлын талаар ойлголт, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулна.

  • “Утаа ба түүний хор уршиг”
  • “Агаарын бохирдол”
  • “Агаарын бохирдол ба эрүүл мэнд”
  • “Хөрсний болон усны бохирдол”
  • “Ногоон улаанбаатар”
  • “Дэлхийн дулаарал”
  • “Гэр хорооллын дахин төлөвлөлт”,
  • “Цөлжилтийг бууруулах бидний оролцоо”
  • “Эх дэлхийнхээ уур амьсгалыг ирээдүй үеийнхээ төлөө хамгаалъя”,
  • “Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ёс”
  • “Газар нутгаа хамгаалах уламжлалт ёс”
  • “Усаа хайрлан хамгаалах ёс” гэх мэт сэдвүүдийн дагуу мэдээлэл бэлтгэн 102 ширхэг материалыг уншигч иргэдэд сурталчилсан.

“Ухаалаг төр” картын санг 5 нэр төрлийн тогтмол хэвлэлийг ашиглан  шинээр буюу үргэлжлүүлэн хийж 40 нийтлэл мэдээгээр баяжуулав. Мөн “Байгаль орчны боловсрол” сэдэвчилсэн үзэсгэлэнг зохион байгуулсан.

“Ногоон Улаанбаатар-2030” хөтөлбөрийн хүрээнд “Экологи” сэдэвт самбарыг үргэлжлүүлэн ажиллуулж, 6 ширхэг материалаар баяжуулсан байна. Мөн “Агаар ба хөрсний бохирдол” картын санг Өнөөдөр, Өдрийн сонин, Зууны мэдээ гурван нэрийн өдөр тутмын сонин ашиглан 57 карт бичиж баяжуулан уншигчдад сурталчилсан байна. Мөн уншигч хүүхдүүдэд экологийн боловсрол олгож, амьдралын зөв дадлыг олгох, ногоон дэлхийгээ хайрлах ухамсрыг төлөвшүүлэх зорилгоор “Агаарын бохирдол-Хүүхдийн нүдээр” сэдвээр шүлэг зохиох, зохион бичлэг хийх, зураг зурах уралдааныг зохион байгуулж, бүтээлээр нь үзэсгэлэн гаргаж томчуудад буюу эцэг эхчүүдэд нь хүүхдүүдийн үзэл бодлыг хүргэсэн.

 

 

1.3. Соёл, урлагийн хөгжил

1.3.1. Соёлын хүртээмжийг нэмэгдүүлж, “Хотын соёл”-ыг төлөвшүүлнэ.

4.1.2. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн цахим хэлбэрт шилжүүлж, алслагдсан дүүргийн Соёлын ордны номын сангийн хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ.

Уг зорилтын хүрээнд Америкийн соёл мэдээллийн төвийн номын санчид 6 kindle буюу электрон ном уншигч, 10 iPad төхөөрөмжийн үйлчилгээний шинэчлэлийг хийж уншлага үйлчилгээнд тогтмол ашиглаж байна. Мульти Медиа Лаб үйлчилгээгээр 253 удаа, олон нийтэд зориулсан үнэ төлбөргүй интернэтийн 6 компьютерээр давхардсан тоогоор 2596 удаа үйлчилгээ үзүүлсэн байна.

Цахим номын сангийн технологийг сайжруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээнд RFID технологийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа гаргаж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 02/805 тоот албан бичгээр тендерт шалгарсан нийлүүлэгчтэй гэрээ байгуулах зөвлөмж, тайлангууд ирсэн. Үүний дагуу 6 сардаа багтаан энэ ажил эхлэхээр төлөвлөгдсөн.

4.3.1. Бүх шатны боловсрол, соёлын байгууллагууд болон олон нийтийн сүлжээг ашиглан соёлын боловсрол олгох “Хотын соёл” олон нийтийн аян өрнүүлнэ.

Энэхүү зорилтын хүрээнд уншигч, олон нийтийн амралт чөлөөт цагийн эрэлт хэрэгцээг хангах олон төрлийн соёл танин мэдэхүй, мэдээлэл сурталчилгааны ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:

Хотын соёлын хүрээнд “Хотын соёл” сэдэвтэй байнгын үзэсгэлэнг уншлагын танхимд гаргаж, хотын соёл сарын аяныг номын санчдын санаачлагаар эхлүүлж номын санд анх бүртгүүлж буй уншигчдад цагийн хуваарь болон үйлчилгээний дэс дарааллыг танилцуулсан баркод наагч картын санамж санаачлан хэвлэн тараалаа. Ингэснээрээ номын санг зөв зохистой ашиглах дадал бүхий уншигчийг бэлдэж хотын соёлд хувь нэмрээ оруулах зорилготой юм.

1.3.2. Гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлж, тогтвортой гэр бүлийг дэмжинэ.

4.5.1. Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөрийг үндэсний өв уламжлал, ёс заншилтай хослуулан хэрэгжүүлж, эрүүл чийрэг бие бялдартай, боловсролтой, амьдрах ухаантай, эх оронч, нийслэлийн бүтээлч иргэнийг төлөвшүүлнэ.

Уг зорилтын хүрээнд дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Гэр бүлийн боловсрол” сэдвээр ШУ-ны доктор, профессор гэр бүл судлаач Т.Намжилаар лекц уншууллаа. Лекцэнд Оюуны ундраа цогцолборын 96-р сургуулийн 8-р ангийн 27 сурагч, эцэг эхийн зөвлөлийн 4 гишүүн оролцлоо.

Хүүхдийн уншлагын танхимд “Хайрын гудамж” нэртэй хүүхдийн бүтээлийн үзэсгэлэнг гаргалаа.

5.5.7. Нийслэлд “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэхийг хэвшүүлж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгож, тогтвортой харилцааг төлөвшүүлнэ.

Энэхүү зорилтын хүрээнд “Дэлхийн гэр бүлийн өдөр” сэдэвчилсэн үзэсгэлэнг 27 ш номоор гаргалаа. Мөн гэр бүлийн уншлагын танхимд чанга уншлагаас гадна эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт ирж ном унших тоглоом тоглох орчныг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн

  • “Гэр бүлийн эрүүл мэнд” сэдэвчилсэн үзэсгэлэн,
  • “Хүүхэд, гэр бүлийн эрүүл мэнд” мэдээлэл болон мэдээллийн үзэсгэлэн
  • “Гэр бүлийн уламжлалт арга ухаан” номын үзэсгэлэн
  • “Хүнээр хүн хийх монгол ухаан” цуврал үзэсгэлэн
  • “Интернэт хүүхдийн эрүүл мэндэд…” мэдээлэл
  • “Мэндлэх хүндлэх ёс”, “Цагаан сар-ёс заншил” мэдээлэл
  • “Сурган хүмүүжүүлэх арга ухаан” санамж өгөх ном зүйн гарын авлага хийж монгол арга ухаан, хүүхэд, залуучуудыг хүмүүжүүлэхэд гарч болох алдаа түүнээс урьдчилан сэргийлэх арга барил, хүүхдийн зан төлөвт илрэх дутагдал, тэдгээрийг засах арга зам зэргийг ном зохиол, мэдээллээр сурталчиллаа.

1.3.3. Залуучуудын амьдрах, сурч боловсрох, хөдөлмөрлөх таатай орчин бүрдсэн, хотын хөгжил, соёл, тохижилтод залуучууд манлайлсан хот болно.

4.6.2 Залуучуудыг хотын соёлд суралцуулах, гэр бүлийн боловсрол олгох, сөрөг зан үйл хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, соён гэгээрүүлэх, чөлөөт цагийн орчин нөхцөлийг сайжруулж, дугуйлан клубуудыг шинээр байгуулахыг дэмжинэ.

“Залуу хүний заавал унших 100 ном” үзэсгэлэнг 2 удаа 40 ш номоор гаргалаа.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн хүрээнд жил бүр улс орон даяар уламжлагдан зохион байгуулагддаг  “Үндэсний бичиг, үсгийн баяр” арга хэмжээний  хүрээнд тасаг, салбарын уншлагын танхимууд өөрсдийн төлөвлөгөөг гарган ажиллаж, тэмдэглэн өнгөрүүллээ. Үүнд:

Баянзүрх дүүрэг дэх салбар номын санд “Бичиг үсгийн хөгжил”,  “Монгол төрийн бичиг”, “Монгол бичиг цахим ертөнцөөр”, “Би монгол бичиг сонирхдог” мэдээлэл гаргаж, Монгол улсын ардын уран зохиолч Т.Галсантай “Гээгдсэн үгс, мартагдсан соёлын эрэлд”  уулзалтыг 52 уншигчтай хийсэн. Уулзалтад оролцогчдын дунд “Мэдэхгүй хангал үг, Мэдүүштэй монгол үг” сэдэвт танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгуулсан. Мөн цэцэрлэгийн дунд болон ахлах бүлгийн 76 хүүхдийн дунд “Аман зохиолын арвин өвөөс…” зүйр цэцэн үгийн утга тайлах, түргэн хэллэг цээжлэх, оньсого таах уралдааныг зохион явуулав.

Сонгинохайрхан дахь салбар номын санд ”Үндэсний бичиг бол бидний нэгэн бахархал” сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргаж сурталчлан, “Монгол бичгээр хэн сайхан бичих вэ” уралдааныг зохион байгуулан явуулсан. Уралдаанд ирсэн нийт 56 бүтээлээр  үзэсгэлэн гаргаж  уралдааныг дүгнэсэн. 56 бүтээлээс шилдэг эхний 1,2,3-р байр, тусгай байр гэсэн дарааллаар шалгаруулж урамшуулсан.

Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн Л.Жаргалмаа багштай 3б ангийн сурагчдын дунд “Номын сайн нөхөр” уулзалт ярилцлагыг МУ-ын Гавьяат жүжигчин Чаминчулууныг урьж, зохион байгууллаа. Энэ үеэр “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн”-ээр тус ангийн сурагч Б.Энхгэрэл шалгаруулж шагналыг гардуулсан. Б.Энхгэрэл ангиасаа хамгийн их буюу 685 ширхэг зохиол уншиж тэмдэглэл хөтөлснөөр шагналын болзол хангасан байна.

Мөн “Үндэсний бичиг соёлын өдөр” сэдэвт номын үзэсгэлэнг хэл шинжлэл, монгол бичиг, ном хэвлэлийн түүхийн 12 ширхэг номоор гаргаж сурталчилсан. Үзэсгэлэнг ойролцоогоор 75 орчим хүүхэд үзэж сонирхсон байна.

 

 

Хоёр. ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ

2.1. Уншлага үйлчилгээний талаар

Төв болон салбар номын сангийн хэмжээнд 2017 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг  06 дугаар сарын 20-ны байдлаар доорх хүснэгтээр үзүүлбэл:

д/д Бүтээгдэхүүний нэр Төлөвлөгөө Биелэлт Хувь
1 Бүртгэлтэй уншигч 8764 9354 106.7%
2 Ирц 51685 78922 152.7%
3 Ном олголт 138056 161010 116.6%

2017 оны эхний хагас жилийн байдлаар нийт уншигч 88276 – Үүнээс: 9354 байнгын уншигч, 78922 ирцтэй байна.

Нийт ном олголт 161010: Үүнээс: танхим -142987, гэрээр-15994, солилцоо-962 зөөвөр-1067 ширхэг  ном.

Бүтээгдэхүүн нийлүүлэлтийг 2016 оны мөн үеийн биелэлттэй харьцуулбал:

 

Бүтээгдэхүүн нийлүүлэлтийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал бүртгэлтэй уншигч 33,5%, ирц 9,7%, ном олголт 1,9%-р тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Ном олголтыг 2016 оны мөн үеийн биелэлттэй харьцуулбал:

Ном олголтыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал гэрээр ном олголт 0,1%-р буурсан бол танхимаар 6,1%, солилцоогоор 57,2%, зөөврөөр 76%-р тус тус өссөн үзүүлэлттэй байна.

2.2. Фондын бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтын талаар

2.1. 2017 оны эхний хагас жилийн байдлаар 37 нэрийн 245 ширхэг 5,016,000 төгрөгийн номын шинэ ном, 468 нэрийн  824 ширхэг 6,527,100 төгрөгийн бэлэг хандивын ном, 111 нэрийн 115 ширхэг 630,768 төгрөгийн төлбөрийн ном, 246 нэрийн 288 ширхэг 1,620,800 төгрөгийн ном солилцоогоор буюу нөхөн бүрдүүлэлтийн ном тус тус бүрдүүлэн авснаас гадна АСМТ-ийн 53 нэрийн 54 ширхэг гадаад ном, ярьдаг номын сангийн 11 нэрийн 122 ширхэг брайль ном, нийтдээ 1648 ширхэг номонд техник ажиллагаа хийж, 926 нэрийн 1648 ширхэг номын мэдээллийг Коха програмын электрон каталогт оруулан, 1648 ширхэг баркод, ярликыг хэвлэсэн байна. Дээрх бүрдүүлж авсан бүх номыг Олон нийтэд үйлчлэх тасаг, АСМТ, ярьдаг номын сан болон салбар номын сангуудад хүлээлгэн өгч уншлаганд шилжүүллээ.

2.2. Тогтмол хэвлэлийн захиалгыг чанартай хийж, дугаар ирэлт, хадгалалт хамгаалалтанд хяналт тавьж, энэ улиралд төвлөрсөн номын сангийн хэмжээнд 32 нэр төрлийн 2,301,800 төгрөгийн тогтмол болон цахим (4 нэрийн) хэвлэл захиалан уншигчдад үйлчилж байна. Төв болон салбар номын сангуудын тогтмол хэвлэлүүдийг нийт 120 нэгж,  байгууллагын тасаг, салбаруудын албаны бичиг баримтуудыг 37 нэгж болгон тус тус хавтасласан байна.

2.3. Урагдаж гэмтсэн нийт 154 ширхэг ном хэвлэлийг хэвлэлтийн анхны жинхэнэ хэлбэр байдлыг алдагдуулахгүйгээр сэлбэн зассан байна.

2.4. Нийслэлийн Соёл Урлагийн Газартай хамтран сарын бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт зохион байгуулж байгаа “Номоо солилцъё” аяны 6-н удаагийн өдөрлөгт оролцож, нийтдээ 300 орчим номоор номын солилцоог иргэдтэй хийж, фондоо баяжууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол мэдээлж байлаа.

2.5. Хэвлэхээр: Номын формуляр 468 ширхэгийг хэвлэсэн байна.

2.6. Хувь хүмүүс, албан байгууллагуудаас ном бэлэглэхэд өгдөг “Талархалын бичиг”-ийг загварыг өөрчлөн шинэчилсэн.

2.7. Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн нийтийн уншлагын танхимын монгол нэг бүрчилсэн дансанд 1968 ширхэг ном хуулж бичсэн байна.

Ярьдаг номын сангийн уншлага, үйлчилгээ 

            2.8. 2017 оны эхний хагас жилд 1059 ирцэд 1264 ном олгож үйлчилсний 238 номыг танхимаар, 1026 номыг гэрээр олгож үйлчилсэн байна.

2.9. Номын сангийн Daisy студидээс ирсэн 30 ширхэг номын шинэ номын мэдээг гаргаж уншигчдын хүртээл болгосон. Page  хуудсандаа мэдээг гаргаж, брайль бичигт хөрвүүлсэн. Мөн студид хөрвүүлсэн 80 ширхэг CD дээр бичигдсэн номыг хүлээн авч  номын нэрийг брайлиар бичиж наалаа.

2.10. Харааны бэрхшээлтэй иргэдэд 101 удаа лавлагаа өгсөн. Үүнд: Амаар 79, утсаар 18, мессенжерээр 4 удаа тус тус өгсөн байна.

2.11. Нийслэлийн харьяа байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”, 21 дэх удаагийн олон улсын номын “Ulaanbaatar book fair 2017” баяр зэрэг нэгдсэн үйл ажиллагаанд ярьдаг номын сангийн болон дэйзи студийн үйл ажиллагаа, брайль ба цахим номын үзэсгэлэнг тус тус гарган сурталчилж оролцлоо.

Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан DAISY төв

            2.12. Монголын хараагүйчүүдийн үндэсний хорооны студиэд 2011-2014 онд уншигдсан 20 нэрийн номын бичлэгийг шалгаж Daisy хүртээмжтэй хэлбэрт оруулан CD дээр буулгаж, нэг бүрчилсэн бүртгэлд авч, электрон каталогт орууллаа.

2.13. Орон нутгийн номын сангуудаас Дорнод, Хөвсгөл аймгийн номын сангуудад 50  нэрийн цахим ном CD дээр буулгаж өгсөн.

     2.14. Хараагүй хүмүүсийн мэдээлэл харилцааны технологийн сургалт, (DAISY) цахим ном бүтээх сургалт, хэвлэмэл номыг сканнер ашиглаж цахим болгох, компьютерын анхан шатны бичих чадвар олгох сургалтуудыг тус тус зохион байгуулсан. Нийт 8 оролцогч хамрагдсан.

2.15. Нийт 40 гаруй иргэдэд windows үйлдлийн систем суулгах, шинээр  Монгол хэлний ярьдаг програм суулгаж үйлчилэх, (DAISY) ном тоглуулагч болон брайль цаг, ярьдаг цаг зэргийг тохируулах ажиллуулах заавар зөвлөмж өгсөн.

2.16.  Тайлангийн хугацаанд нийт 15 удаагийн техник хангамж, програм хангамжийн саатал доголдлыг тухайн цаг бүрт нь засварласан 3 удаагийн хуваарьт засварыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Уншлага үйлчилгээний 6 компьютер (номын санчийн компьютерийг тус тус засварлаж шинээр windows үйлдлийн систем) програм хангамжийг суулгаж бүрэн ажиллагаанд оруулсан.

2.17. “Харааны бэрхшээлтэй иргэдийн брайль болон цахим номын сангийн үйлчилгээний албан ёсны facebook хуудсанд 20 удаагийн мэдээ мэдээлэл оруулсан.

2.18.  Хүртээмжтэй Технологийн Төвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар дамжуулагдаж байгаа шинээр гарсан video хэлбэрээр болон вэб сайтны мэдээ мэдээллийг 50 гаруй удаа оруулсан.

2.19.  БСШУСЯ-наас зохион байгуулж байгаа брайль стандартыг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллаж эхэлсэн.

2.20. Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон тооны бус дэд зөвлөл байгуулагдаж, түүнд гишүүнээр элсэн орсон.

2.21. Хүртээмжтэй Технологийн төвд Web content-ийн хүртээмжтэй байдлын стандарт болон дүрс бичлэгийн хүртээмжтэй байдлын стандарт боловсруулах ажлын тухай уулзалт ярилцлага зохион байгуулсан. Уулзалтанд Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, МХҮХ, Сонсголгүй иргэдийн нэгдсэн холбоо, Дохионы орчуулагчдын нэгдсэн холбоо, Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн төлөө Үндэсний Зөвлөл зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон, Энэ хүрээнд тус бүрд нь стандартын санал зөвлөмж боловсруулж өгсөн.

2.22. Хүртээмжтэй Технологийн төвд хараагүй хүмүүст туслах “YOUTH CAN HELP” клубын хүүхэд залуус сайн дурын үйл ажиллагаагаа 2017 оны 05-р сараас эхлэн зохион байгуулж эхэлсэн. Тус үйл ажиллагааны хүрээнд хараагүй хүмүүс scanner ашиглах, ном уншуулах, DAISY цахим хүртээмжтэй хэвлэл бүтээх ажилд туслан оролцож байна. Одоогоор 10 хэвлэмэл номыг цахим хэлбэрт оруулж эхлээд байна.

2.3. Мэдээлэл, лавлагааны талаар

Орчин үеийн  номын сан-ном зүйн үйлчилгээнд уламжлал ёсоор лавлагаа-мэдээлэл ном зүйн үйлчилгээ томоохон байр суурийг эзэлж уншигчдын мэдээллийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж байдаг. Тайлант хугацаанд тасаг, салбарын хэмжээнд лавлагааны үйлчилгээг нийт 8895 хүнд үзүүлсэн байна. Үүнээс: Амаар-8074,  бичгээр-305, цахимаар-250, утсаар-266

Лавлагааны үйлчилгээг төрлөөр нь харьцуулбал /хувиар/:

Лавлагааны үйлчилгээг төрлөөр нь 2016 оны мөн үетэй харьцуулбал:

Энэхүү харьцуулалтаар амаар 59%, бичгээр 88,5%, утсаар 38,7%-р тус тус өссөн бол цахимаар 94,1%-р буурсан үзүүлэлттэй байна.

Мөн цаг үе түүхэн тэмдэглэлт үйл явдал, нийгмийн онцлогийг тусгасан ном хэвлэлийг

  • Сэдэвчилсэн – 260,
  • Ном зүйн мэдээг тодруулах – 93,
  • Баримт зүйн – 56 үзэсгэлэнг тус тус зохион байгуулж уншигч, иргэдэд сурталчилан таниулсан.

2.4. Соёл, танин мэдэхүйн ажлын талаар

2.4.1. Төв болон салбар номын сангуудын хэмжээнд соёл, танин мэдэхүйн ажлуудаа Нийслэлийн Засаг даргын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн зорилтын дагуу төлөвлөн явуулахын зэрэгцээ өсвөр үе, залуучуудыг соён гэгээрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хэрэгцээтэй мэдлэг мэдээллээр хангахад чиглүүлэн явууллаа. Салбар номын сангийн фондыг уншигчдын дунд сурталчлах, тэднийг соён гэгээрүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр  тайлант хугацаанд  үзэсгэлэнг нийтдээ 214 удаа 2455 ширхэг ном, товхимол, бусад материалыг хамруулан гаргасан ба тэдгээрийг өдөрт дунджаар 20 -25 хүн, давхардсан тоогоор 15000 орчим хүн үзэж сонирхсон байна. Гаргасан үзэсгэлэнгүүдийн төрөл:

  1. Шинэ номын  үзэсгэлэн 67 удаа;
  2. Байнгын болон сэдэвчилсэн үзэсгэлэн 147 удаа;

2.4.2. Тайлант хугацаанд уулзалт лекц 122, уралдаан тэмцээн 12, сургалт 67, тойм яриа, зөвлөмж яриа 23, чанга уншлага 20 тус тус зохион байгуулж ажилласан байна. Үүний заримаас дурдвал:

 

 

2.4.2.1. Уулзалт, лекц

Номзүйн хэсгээс:

  • 03.17-нд Зохиолч, судлаач С.Ямаахайтай  “Хөгжмөөр эмчлэх урлаг” сэдэвт уулзалтыг  зохион байгуулж 48 уншигч оролцов.
  • 04.04-нд Худалдаа хөгжлийн банкны 100 гаруй ажилтанд номын сангийн тухай лекц танилцуулга,
  • 04.07-нд Нийслэлийн Өргөө амаржих газартай хамтран “Мөнхийн залуу нас” сэдэвт уулзалт, зохиогчийн гарын үсэгтэй номын худалдааг зохиолч, нийтлэлч, банкир ХХБ-ны газрын дарга Б.Эрхэмбаяртай зохион байгууллаа. Арга хэмжээнд 58 эмнэлгийн ажилтан, албан хаагчид оролцлоо.
  • 04.17-нд СУИС, Дээд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Төвтэй хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн болон ИДС-ийн 70 гаруй номын санчид “Номзүйн мэдээллийг цахимжуулахад тулгарч буй бэрхшээл, шийдэх арга зам” сэдвээр лекц уншлаа.
  • 04.21-нд Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 22 дунд сургуулийн номын санчдад “Номын санчдад тавигдах шаардлага, номын сангуудын хамтран ажиллах боломж” сэдвээр лекц уншив.
  • 04.25-нд БСШУСЯ, БМДИ-тэй хамтран анхны жилдээ ажиллаж буй ерөнхий боловсролын сургуулиудын номын санчдад зориулж “Каталогийн зохион байгуулалт” сэдвээр лекц уншив.
  • Ажилчдад номзүйн талаар нэг удаагийн лекц уншиж, БСШУЯ, БМДИ-тэй хамтран ерөнхий боловсролын сургуулиудийн номын санчдад зориулсан сургалт, Баруун Вашингтоны их сургуулийн номын сангийн багш нарын МУБИС дээр болсон сургалтын үеэр Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай танилцсан 30 номын санчид номын сангийн талаар танилцуулга хийв.

Уншлагын А танхимаас:

  • “Ногоон Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Эко Ази” байгал орчин менежментийн дээд сургуулийн багш, дэд профессор А.Эрдэнэбаяртай хамтарч Эрүүл хүнс хүнсний зохистой хэрэглээ сэвдээр уулзалт хийлээ. 60 уншигч оролцлоо.
  • Хотын соёлын хүрээнд Харилцааны соёл сэдвээр телевикийн хөтлөгч Д.Одзаяатай уулзалт хийлээ. 56 уншигч оролцлоо.
  • Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 88 ойн өдрөөр Маркетинг Инновацийн тасагтай хамтарч “Явуугийн үдшийг зохион байгуулсан.

Уншлагын Б танхимаас:

  • Оюуны академийн ерөнхийлөгч, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Х.Хатанбаатарыг урьж Нийслэлийн 31-р дунд сургуулийн 8Б бүлгийн сурагчид болон эцэг, эхчүүдийн дунд “Бид нэг ангийнхан” сэдэвт уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа. Уулзалт 31-р сургуулийн хурлын танхимд болж нийт 88 хүн оролцсон.
  • Үндэсний бичиг, соёлын өдрийг тохиолдуулан “Монгол бичгийн үүсэл, хөгжил” сэдвээр Ач АУИС-ийн багш, хэл шинжлэлийн ухааны докторант М.Отгонбаяртай уулзалт, ярилцлага зохион байгуулж явууллаа. Уулзалтанд Ач АУИС-ийн оюутнууд болон уншигч нар оролцлоо. Нийт 65 хүн оролцсон.
  • Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Гэр бүлийн боловсрол” сэдвээр ШУ-ны доктор, профессор гэр бүл судлаач Т.Намжил лекц хийлээ. Лекцэнд Оюуны ундраа цогцолборын 96-р сургуулийн 8-р ангийн 27 хүүхэд, эцэг эхийн зөвлөлийн 4 гишүүн оролцлоо.

Америкийн соёл мэдээллийн төвөөс:

  • Англи хэлний хөтөлбөр: Англи хэл суралцаж буй хүүхэд залуучууд, иргэдэд зориулсан Англи хэл дээрх цуврал лекцүүд (зөвхөн уугуул англи хэлтэй Америк илтгэгчтэй), бичгийн англи хэл болон, англи хэлний багш нарт зориулсан сургалт, Сэтгүүлчдэд зориулсан англи хэлний онлайн курс, Баримтат болон уран сайхны киноны хөтөлбөрүүд, Англи хэлний ярианы болон илтгэл тавих клубуудыг АНУ-ын ЭСЯ, Америкийн Монгол судлалын төв, Залуучуудын боловсролын байгууллага, ОУБ-ын сайн дурын ажилтануудтай хамтран зохион байгулсан.
  • 05.26-нд Монголын номын сангуудын консорциумаас зохион явуулдаг “Mongolian library Update: Номын санчдын зөвлөгөөн”-ийг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион явууллаа. Зөвлөгөөн “Номын сангийн салбарын хүний нөөцийн хөгжлийн асуудал”, “Номын сангийн салбарын нэр томьёо асуудал”, “Номын сангийн үйлчилгээ, оюуны өмч”, “Номын сангийн програм хангамжийн хөгжлийн чиг хандлага” гэсэн сэдвүүдээр явагдаж хот, хөдөөгийн 100 гаруй хүн оролцлоо.

Америкийн боловсрол мэдээллийн төвөөс:

  • Америкт суралцах 5 алхам лекц: Америкт суралцахаар зорьж, төлөвлөж байгаа хүн бүрт зориулан 7 хоног бүр олон нийтэд нээлттэй үнэ төлбөргүй хүргэдэг. Уг лекцийн хүрээнд Сэлэнгэ аймгийн номын санчид, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн ЧД, СХД, ХУД, БЗД дэх салбар номын сангууд, ACCESS хөтөлбөрийн сурагчид, Оюуны-Ундраа цогцолбор сургууль, 10-р сургууль болон Байгаль-Эх лицей ахлах сургууль хамрагдлаа.
  • EducationUSA Цуврал Лекц: Америкийн дээд боловсролын систем, их сургууль, коллежийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор зохион байгуулсан. Уг цуврал лекцийг АНУ-ын Эверетт коммюнити коллеж, Өмнөд Сиаттл Коллеж, Мэриландын их сургуулийн Фрэнсис Кинг Кэри хуулийн сургуулийн төлөөлөгч нар үнэ төлбөргүй мэдээлэл хүргэлээ.
  • Орон нутаг дахь танилцуулах лекц: Ховд, Увс, Дархан-Уул, Орхон, Төв, Дундговь, Өвөрхангай, Архангай, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын ерөнхий боловсрол, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, их дээд сургуулиудын оюутан сурагчдад болон орон нутаг дахь төв номын сангийн уншигчдад “Америкт суралцах 5 алхам” сэдвээр үнэ төлбөргүй лекц тавьлаа.

Хүүхдийн уншлагын танхимаас:

  • Олон улсын хүүхдийн номын өдрийг угтаж хүүхдийн зохиолч Б. Ганчимэг, Сод номун төвийн зохиолч С. Оюунцэцэг нартай хамтарч уулзалт хийсэн. Уулзалтанд 45-р сургуулийн 6б анги 31-р сургуулийн 2а ангийн сурагчид тус тус оролцлоо.

2.4.2.2. Уралдаан тэмцээн, чанга уншлага

  • Үндэсний бичиг үсгийн баярын үеэр “Монгол бичгээр хэн сайн, хурдан унших вэ” уралдаанд оролцогчдод шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, нэрт зохиолч Д.Нацагдоржийн “Хөдөө талын үзэсгэлэн”, “Шувуун саарал” зэрэг зохиолуудыг минутаар уншуулж шилдгүүдийг тодрууллаа. Эхний гурван байрыг СУИС-ийн Соёлын сургуулийн 4-р курсийн оюутан н.Эрдэнэцэцэг, Гэрэлмаа, Номинцэцэг нар эзэллээ.
  • Үндэсний бичиг үсгийн баярын үеэр “Бичиг үсгийн үүсэл гарал” сэдэвт асуулт хариултын тэмцээнд СУИС-ийн дөрөв дүгээр дамжааны оюутнууд хамрагдсан бөгөөд Ч.Номинцэцэг, Л.Гантуяа, Б.Батцэцэг нар тэргүүн байриудыг эзэллээ
  • Үндэсний бичиг үсгийн баярын үеэр ‘’Алтан үсгийн цомирлог’’ уран бичгийн уралдаан зарлаж ур чадвараар өрсөлдүүлж 1,2,3-р байр эзэлүүллээ. Энэхүү уралдаанд 14 хүүхдийн 17 бүтээл ирж Нацагдоржийн буландаа байрлууллаа.
  • UB book Fair олон улсын номын баярын үеэр АХА тэмцээнийг зохион байгуулж эхний гурван байрыг шалгарууллаа. Хоёр өдөр явуулсан бөгөөд 150 гаруй хүн хамрагдлаа.
  • 02. 06-нд “Ухаантай туулай” чанга уншлага явуулж үлгэрийн сэдвээр баримал урлал хийх уралдаан зарлаж дүнг гаргав. СБД-ийн 14-р цэцэрлэгийн 14 хүүхэд  оролцов.
  • 02.18-нд “Янзаганы гомдол” чанга уншлага явуулж үлгэрийн сэдвээр гар зургийн уралдаан зохион явуулж дүнг гаргаж бүтээлийн үзэсгэлэн гаргав.  СБД-ийн 14-р цэцэрлэгийн  28 хүүхэд  оролцов.
  • 02.20-23-нд СБД-ийн 14-р цэцэрлэгийн Г.Мядагмаа болон Н.Оюунчимэг багштай  багштай ахлах бүлгийн 2 ангийн 44 хүүхдэд  “Ах дүү 3 тоорой” үлгэрээр хүүхэлдэйн тоглолт зохион байгуулав.
  • 02.24-нд “Дээлтэй уншигч” өдөрлөгийг уншигчдын дунд зохион байгуулав.  Энэ арга хэмжээний хүрээнд “Монгол дээл”-танилцуулга, шатар даамны тэмцээн зохион байгуулав. Нийт 25 уншигч оролцов.
  • 03.14-нд “Сургамжит өгүүллэг” чанга уншлага, хэлэлцүүлэг 24-р сургуулийн номын сантай хамтран 15 хүүхдийн дунд зохион байгуулав.
  • 03.15-нд “Номын сан-аялал-танилцуулга” арга хэмжээ, “Жундаа бид хоёр” өгүүллэгээр чанга уншлагыг 5-р цэцэрлэгийн 5б ангийн 47 хүүхдийн дунд хийсэн байна.
  • 03.19-нд Сүхбаатар дүүргийн 58-р сургуулийн С.Цэнгэл багштай “Номын анд” дугуйлангийн 16 хүүхдэд “Номын сангийн үйлчилгээний журам” танилцуулга, ном унших соёл зөвлөмжийг хүргэлээ.
  • 04.17-нд 5-р сургуулийн Тогтохсүрэн багштай 7г ангийн 33 сурагчдад “Номын сан тойрон аялал”-ын хүрээнд “Номын бүтэц” сэдвээр танилцуулга хийлээ.
  • 04.20,28, 5-рсарын 4-ны өдрүүдэд нийтдээ 3 удаа 129 уншигчдад “Америкт суралцах 5 алхам” лекцийг АБМТ-тэй хамтран зохион байгууллаа.
  • 04.22-нд Атланта сургуультай хамтран 5-р ангийн уншигчдын дунд шатрын тэмцээн зохион байгуулсан ба нийтдээ 32 хүүхэд оролцов. Тэргүүн байранд 5-р сургуулийн 5г ангийн сурагч Анхгэрэл орсон байна.
  • 04.26-нд Чингэлтэй дүүргийн 37 цэцэрлэгийн Отгонжаргал багштай бэлтгэл бүлгийн 16 хүүхдэд “Ах дүү 3 тоорой” үлгэрээр хүүхэлдэйн тоглолт хийж агуулгаар нь зураг зуруулав.
  • 05.12 –нд Сүхбаатар дүүргийн 71-р сургуулийн 8г ангийнхны дунд “Авилга –гэж юу болох” сэдэвт зохион бичлэгийн уралдаан зохион байгуулсан. Нийт 28 сурагч оролцсоноос сурагч Б.Энхчимэг тэргүүн байр эзлэв.
  • 05.28-нд Чингэлтэй дүүргийн 37-р цэцэрлэгийн Б.Саранчимэг багштай ахлах бүлгийн 18 хүүхдэд “Гуталт муур” үлгэрээр чанга уншлага хийж үлгэрийн номуудтай танилцуулав.

2.4.2.3. Сургалт

  • Монгол бичгийн “Уран бичлэг буюу Каллиграфын сургалт”-нд 16 уншигч хамрагдлаа. Сургалтанд хамрагдагсад бийрээр бичих арга техникийн талаар анхан шатны мэдэгдэхүүнтэй болж, өөрсдийн нэрээ бичиглэв. Сургалтыг зураач, уран бүтээлч Ц.Солонго удирдан явууллаа.
  • 04.13-нд Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 20-р дунд сургуулийн номын санчид “Номзүйн ажилд програм хангамж ашиглах нь” сэдвээр сургалт хийлээ.
  • 04.05-нд Чингэлтэй дүүрэг дэх салбар номын санд номзүйн цахим програмын талаар зөвлөгөө, сургалт хийлээ. 3 номын санч, 3 оюутан хамрагдлаа.
  • 04.04-нд Алслагдсан дүүрэг хороодын номын санч нарт “Номын сангийн номзүйн ажил, номзүйн бичилтийн стандарт” сэдвээр сургалт явууллаа. 4 номын санч хамрагдлаа.
  • Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2025 онд Монгол улс хос бичигтэн болох зорилтыг хэрэгжүүлэх үндсэн дээр Монгол бичгийн унших,бичих чадварыг сайжруулах сургалтыг 7 хоног бүрийн 2 дахь өдөр явуулж байхаар болж 3 удаа сургалтыг явуулаад байна.

2.5. Интернет мэдээллийн үйлчилгээ

Автоматжуулалтын програм хангамжийн талаар

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, СонгиноХайрхан дүүрэг дэх салбар номын сан тус бүрт уншигч нарт зориулсан WiFi утасгүй интернэтийн үйлчилгээг үнэ төлбөргүй, харааны бэрхшээлтэй иргэд болон олон нийтэд зориулсан 33 ш компьютерийг өдөрт 1 цаг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой.

Америкийн соёл мэдээллийн төвийн 5 Mbps интернэтийн гэрээг сунгана  төлбөрийн 50% хувийг шилжүүлсэн.

Тайлангийн хугацаанд суурин интернэтийг 7219 хэрэглэгч, утасгүй интернэтийг 4310 хэрэглэгч ашиглаж, нийт 11529 хэрэглэгчид интернетийн үнэгүй үйлчилгээ үзүүлсэн. Төв болон салбар номын сангуудын интернет үйлчилгээ хэвийн жигд явагдаж байна.

Үндсэн сүлжээний хэрэглээ тайлангийн хугацаанд Интернэтийн татаж /download/ байгаа хурд хамгийн ихдээ 3.01 Mbps, дунджаар 4.92 Mbps, түгээж /upload/ байгаа хурд хамгийн ихдээ 97.38 Mbps, дунджаар 284.12 Kbps хүрсэн байна.

Утасгүй Интернэтийн сүлжээний хэрэглээ тайлангийн хугацаанд Интернэтийн татаж /download/ байгаа хурд хамгийн ихдээ 950.71 Kbps, дунджаар 1.34 Mbps, түгээж /upload/ байгаа хурд хамгийн ихдээ 40.67 Mbps, дунджаар 169.56 Kbps хүрсэн байна.

Төв болон салбар номын сангуудад Koha програмын уншигч бүртгэлийг “Нэг номын сан – нэг бүртгэл” гэсэн системийн дор нэгтгэж, уншигч бүртгэлийг бүртгэх үйл явцыг номын санч бүрт зааж сургасан. Ингэснээр төв болон салбар номын сангийн аль нэгэнд уншигчаар бүртгүүлсэн бол бүх салбар номын сангаар үйлчлүүлэх, мөн статистик мэдээг нэгдсэн хэлбэрээр гаргах боломжтой болсон. Мөн Чингэлтэй дүүрэг дэх салбар номын санд тус номын ярлик болон номын баркод хэвлэгчийг шинээр авч суурилуулсан.

Цахим хуудас: Нийслэлийн мэдээллийн технологийн газрын серверт байрласан Хотын төв номын сангийн вэб http://www.pl.ub.gov.mn -ийн агуулгыг шинэлэг байлгахад анхаарч ажиллаж байна. Манай сайтаар нийт 31680 хүн зочилсон байна.

 

Онлайн каталог: http://koha.pl.ub.gov.mn -ийг Google Analytics тусламжтайгаар каталогт мэдээлэл хайж байгаа үзүүлэлт тайлант хугацаанд 34.511 хэрэглэгч зочилж /visits/,  105.172 хуудасны мэдээллийг үзжээ. Нийт электрон каталогийн хэрэглэгчдийн 72.86% нь шинээр орж байгаа хэрэглэгчид, үлдсэн 27.1% нь хуучин хэрэглэгчид тайлангийн хугацаанд холбогдсон байна.

Гурав. БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГАА

3.1. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал

3.1. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/07 тоот тушаалаар батлагдсан “Үйлчилгээний журам” болон үйлчилгээний нэр төрөл, үнийн тариф, үйлчилгээ авахад бүрдүүлэх материал зэргийг төв болон салбар номын сангуудын мэдээллийн самбар, танхимуудад тус тус байрлуулсан.

3.2. Номын сангийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм, журам, стандартуудыг нийт ажилтнуудад танилцуулан, дагаж мөрдөн ажиллахыг үүрэг болгосон. /Нийт 18/

3.3. Монголын хараагүйчүүдийн үндэсний хорооны дэргэдэх брайль болон ярьдаг номын студиэд 2017 онд хөрвүүлэх хүртээмжтэй номын саналыг уншигчдаас авч номын санал өглөө.

3.4. Алслагдсан дүүргүүдийн соёлын орднуудын номын сангийн судалгааг гаргаж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

3.5. Төвлөрсөн номын сангийн хэмжээнд актлах номын жагсаалтыг нэгтгэн гаргаж, данс бүртгэлээс хасах талаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас шийдвэр гаргуулсан. Дээрх хасагдсан номноосоо “Ном солилцьё” өдөрлөгийн үйл ажиллагаанд ашиглан хувь хүмүүстэй солилцон дотооддоо номын нөхөн бүрдүүлэлтийг хийж номын фондоо баяжуулж байна.

3.4. Номын сангаас болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй ажил, үйлчилгээгээ http://www.pl.ub.gov.mn болон https://www.facebook.com/UBPublicLibrary/ хаягуудаар тогтмол мэдээлж сурталчилж байгаа.

3.5. Олон нийтийн сүлжээгээр сурталчлах, уншигчийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сандаа facebook хаяг шинээр нээн үйл ажиллагаагаа болон шинэ номын мэдээ зэрэг 12 постоор сурталчилсан байна.

3.6. Фондын хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр сард нэг удаа фондын өрөөнд их цэвэрлэгээ-ариутгал үйлчилгээг хийж ирлээ. Фондын чийгшил болон дулааныг хэмжих багаж 3 ширхэгийг авч, өрөөний чийг дулааны хэмжилтийг тогтмол бүртгэж байна.

3.8. Уншлагын танхимууд болон албан тасалгаануудад эко орчин бүрдүүлэх ажлын хүрээнд цэцэг үрслүүлэн тарьж байна.

3.9. Албан хэрэг хөтлөлтийн хүрээнд: 2017 оны эхний хагас жилийн байдлаар албан хэрэг хөтлөлтийн системд нийт ирсэн 66 албан бичиг бүртгэгдсэн байна. Үүнээс системээр 56, цаасан суурьтай 10 албан бичиг ирснийг тус тус бүртгэж шийдвэрлэсэн. Цаасан суурьтай ирсэн бичгийг албан хэрэг хөтлөлтийн системд өдөрт нь бүртгэж, холбогдох ажилтан руу шилжүүлэн шийдвэрлэсэн.

Хариутай албан бичиг 17, хариугүй 39 албан бичиг бүртгэгдэж, удирдлагад албан бичгийн шийдвэрлэлтийн мэдээг тухай бүр гарган танилцуулсан.

Хугацаандаа шийдвэрлэж хариу өгсөн – 55

Шийдвэрлэх шатандаа судлагдаж байгаа – 39

3.10. Мөн тайлант хугацаанд албан хэрэг хөтлөлтийн системд нийт явуулсан 61 албан бичгийг бүртгэсэн. Үүнээс албан хэрэг хөтлөлтийн систем ашигладаг 41, систем ашиглагдаггүй 20 байгууллага руу албан бичиг тус тус бүртгэж шилжүүлсэн.                                                                                                         Албан хэрэг хөтлөлтийн систем ашигладаг байгууллага руу албан бичгийг системээр илгээдэг ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд цаасан хувийг хүргүүлдэг.

3.2. Хүний нөөцийн ил тод байдал

3.2.1. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/07 тоот тушаалаар “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулан нийт ажилтнуудад танилцуулсан.

3.2.2. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, Үйлчилгээний стандарт болон Улаанбаатар хотын нийтийн  номын сангийн номын санчдын ёс зүйн дүрмийг номын сангийн цахим хуудас болон нээлттэй мэдээллийн самбарт байршуулсан.

3.2.2. Номын сангийн захирлын боловсон хүчний чиглэлээр 48, үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 26, нийт 74 тушаал боловсруулж, баталгаажуулан, дугаар өгч бүртгэн, хяналт тавьж ажилласан.

3.2.3. Нийт ажилтнуудаас ээлжийн амралтын хуваарийн саналыг боловсруулан захирлын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/12 тоот тушаалаар баталгаажуулсан.

3.2.4. Номын сангийн нийт ажилтнуудын дэлгэрэнгүй судалгааг шинэчилж боловсруулсан.

3.3. Мэдээллийн ил тод байдал

3.3.1. Номын сан нь “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай” Монгол улсын хууль, 2012 оны 10 сарын 08-ны Нийслэлийн засаг даргын  Мэдээллийн ил тод байдлыг хангах зарим арга хэмжээний тухай А/606 захирамжийг үндэслэн  иргэд, уншигчдыг номын сангийн үйлчилгээнд ойртуулах, шинэ мэдээллээр хангах, шаардлагатай мэдээллийг сурталчлах, нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хууль эрх зүй”,  “Манай номын сан”, “Мэдлэг, мэдээлэл”,  “Зөвлөмж” зэрэг булангуудыг ажиллуулан  сурталчилгааг тогтмол шинэчлэн хийж ирсэн нь уншигчдад таалагдсан ажил үйлчилгээ болж байна.

3.3.2. Мөн уншигчдын үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг авч үйлчилгээндээ тусгах зорилгоор санал асуулга явуулахын зэрэгцээ танхим бүрт “Санал хүсэлтийн дэвтэр” ажиллуулж байна. Номын сангийн үйлчилгээг өөрчлөх ажлын хүрээнд Хан-Уул дүүрэг дэх салбар номын санд Шуудангийн хайрцаг байршуулан ажиллаж байна.

3.3.3. Иргэдэд мэдээллийг ил тод, шуурхай хүргэх ажлын хүрээнд твиттерт 1074 жиргээ илгээгдэж, 453 дагагчтай, байгууллагын фейсбүүк хуудас-30237, үүнээс гадна АСМТ-12853, Хан-Уул дүүрэг дэх салбар-948 дэмжигчтэйгээр нийгмийн сүлжээгээр мэдээллийг түгээж байна.

3.3.4. www.pl.ub.gov.mn байгууллагын цахим хуудасны хэрэглээний үзүүлэлтийг тайлант хугацаагаар гаргахад 422259 хэрэглэгч зочилж /visits/ , 67850 хуудасны мэдээллийг үзжээ.

3.4. Төсөв, санхүүгийн ил тод байдал

а/ Тус номын сан нь санхүү аж ахуйн үйл ажиллагаандаа төсвийн болон холбогдох хууль тогтоомж, заавар журмыг мөрдөн ажиллаж байна. Төсвийг үр өгөөжтэй хэмнэлттэй зарцуулахын тулд дараах арга хэмжээг авч ажиллалаа. Үүнд:

  1. Байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэх зорилгоор зарим төлбөрт үйлчилгээний үнэ тарифыг өөрчиллөө.
  2. 2017 оны 01 дүгээр сараас Байгууллагын бүтэц орон тоо, чиг үүргийг хянан үзэж орон тоог нэмэгдүүлэхгүй байх үүднээс өвчтэй чөлөөтэй байгаа ажилтны оронд шинээр хүн томилохгүйгээр ажиллагсдын ажлын ачааллыг нягтруулан ажиллаж байна. Орон тоо бүтцийн хэмнэлтийг ажлын ачаалал, чанар хүртээмжийг бууруулахгүйгээр зөв оновчтой зохион байгуулах ажлыг үргэлжлүүлж байна.

б/ Байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зарим урсгал зардалуудыг хэмнэх үүднээс өмнөх онуудад хэрэгжүүлж байсан ажлуудыг үргэлжлүүлж байна. Үүнд:

  1. Цэвэрлэгээний материалууд болон хэвлэх сэлбэн засахын материалын хэрэглээ, орц нормативд байнга хяналт тавин ажиллаж байна.
  2. ХТНС-ийн ус, цахилгааны тоолуурын заалтанд хяналт тавьж хэрэглээг багасган ажиллаж байна.

 

3.5. Ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар

Номын сангийн ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг зохицуулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, хөлс нэмэгдүүлэх, амжиргааны түвшинг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах зорилгоор Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захиргаа Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2016-2018 оны хамтын гэрээг 2016 оны 04 дүгээр сард байгуулсан.

Тайлант хугацаанд энэ гэрээний дагуу нийт 17 ажилтанд буцалтгүй тусламж, тэтгэмж олгосон.

  • Ажилтан, албан хаагчдын мэргэжил дээшлүүлэлт,

ажлын байрны сургалтын талаар

“Хүний нөөцийн хөгжил” дэд хөтөлбөр боловсруулан ажилласан ба 2017 онд ажилтан бүрийн мэдлэг чадварыг дээшлүүлэх үүднээс Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт, коха програмын шинэчлэлттэй холбоотойгоор номын санчдад ажлын байран дахь сургалтыг зохион байгуулж байна. Үүнд:

  • Коха програмд ном каталогжуулах сургалтыг нийт номын санч нарын дунд 7 удаа зохион явуулсан. Үүнд:
    • Ном каталогжуулах сургалт 3 (Багануурын номын сангийн номын санчид ганцаарчилсан сургалт 1 удаа)
    • Каталогжуулсан номонд засвар хийх сургалт 4 удаа тус тус хийсэн.
  • Нийслэлийн Архивын газраас 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр НЗД-ын 2017 оны А/252 тоот “Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын онлайн сургалт, НЗДТГазраас зохион байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр НЗД-ын 2017 оны А/335 тоот “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын танилцуулга, онол, арга зүйн сургалтад  Архив, бичиг хэргийн ажилтныг тус тус хамруулсан.
  • Тус номын сангийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулан Сүхбаатар дүүргийн онцгой байдлын газрын даргын зөвшөөрлөөр 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлуулан, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Мөн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нийт ажилтнуудад гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг Сүхбаатар дүүргийн онцгой байдлын албаны Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Ганчимэгийг урьж зохион байгууллаа.

  • СУИС-ийн Соёлын сургуулийн оюутнуудыг дадлага хийх нөхцөл боломжоор хангаж, номын сангийн ажилтнуудыг давтан сургах, мэргэжлийн бус ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтанд хамруулах зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Мөн Монголын Номын Сангуудын Консорциумд гишүүн байгууллагаар элсэж сар бүр зохион байгуулдаг номын санчдыг чадваржуулах сургалтанд хоёр ажилтан хамруулж байхаар боллоо. Номын сангийн Мэргэжил арга зүйн зөвлөл нь номын сангийн ажилтнуудад тухай бүрт нь шаардлагатай сургалтыг зохион байгуулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Япон улсын ЖАЙКА байгууллагатай хамтран “Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих, чадавхижуулах” төслийн хүрээнд Харилцаа, холбоо, мэдээлэл технологийн газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийн сургалт, уулзалт”-ыг 2017 оны 06 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд “Япон-Монгол соёл боловсролын төв”-д зохион байгуулсан. Энэхүү сургалтад манай номын сангийн Ном бүрдүүлэх тусгай тасгийн DAISY төвийн ажилтан М.Цэнгэл хамрагдсан.
  • Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайдын 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 570 тоот тушаалын 14, 15 дугаар хавсралт болон тус номын сангийн Захирлын 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/6 тушаалаар батлагдсан “Фондод тооллого хийх журам”-ыг холбогдох ажилтнуудад давтан танилцуулах сургалт зохион байгуулсан.

Дөрөв. ШИНЭ САНААЧЛАГА, ҮР ДҮН

  • ХУТ-д “Монгол наадгайн булан” байгуулан шатар, даам, шагай, оньсон тоглоом тоглуулж байна.
  • Хүүхдийн уншлагын танхимд “Үлгэрийн мини тайз” санаачлан хийж 2 үлгэрийн сан бүрдүүлэн чанга уншлага, хуруун хүүхэлдэйн тоглолт хийж байна.
  • Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2025 онд Монгол улс хос бичигтэн болох зорилтыг хэрэгжүүлэх үндсэн дээр Монгол бичгийн унших, бичих чадварыг сайжруулах сургалтыг 7 хоног бүрийн 2 дахь өдөр явуулж байхаар болж 3 удаа сургалтыг явуулаад байна.

Тав. ХЭРЭГЛЭГЧДИЙН ҮНЭЛГЭЭ

Байгууллагынхаа үйл ажиллагааны үр дүнгийн талаар хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг авч дүгнэсэн байдал:

Үйлчилгээний байгууллагын бодлого төлөвлөлтийн үндэс нь байнгын үйлчлүүлэгчдийн тоог бууруулахгүй байх, байнгын хэрэглэгчдийн сонирхол мэдээллийн хэрэгцээг тогтмол судлан үйлчилгээгээ  зохион байгуулах нь бидний гол зорилт байдаг.  Энэ хугацаанд уншигчдын дунд явуулсан санал асуулгыг танилцуулахад

5.1. Санал асуулгын товч тайлан:

  • 2017 оны 3-р сарын 14-80-ны хооронд “Бид уншиж байна” сэдэвт  санал асуулга явуулж нийтдээ 42 уншигч хамрагдсан байна.  Судалгааны зорилго нь номын сангийн үйлчилгээний үр дүн, өгөөжийг тодорхойлон гаргахад чиглэсэн байна. Нийт оролцогчдын үйлчилгээн дэх сэтгэл ханамж, өөрчлөх шаардлагатай ажил үйлчилгээ байгаа эсэхийг танин мэдэхэд энэхүү санал асуулгын ач холбогдол оршиж  байна.

Дүгнэлт: Таалагддаг үйлчилгээ:  Ажиллах цагийн хуваарь, үйлчилгээний түргэн шуурхай байдал, гэрээр ном авах-нийт оролцогчдын 87,2%

Өөрчлөх шаардлагатай үйлчилгээ: фонд бүрдүүлэлт, шинэ номын хангамж болон цай кофе-ны үйлчилгээтэй байх г.м- 91%

  • Уншлагын танхим бүрд санал хүсэлтийн дэвтэр ажилладаг ба тайлант хугацаанд нийтдээ 2 уншлагын танхимын дэвтэрт 83 уншигч санал бодлоо /Номын сангийн  фонд бүрдүүлэлтийг сайжруулах мөн хэрэглэгчдэд зориулсан компьютер, ус буцалгагчтай байх гэсэн саналууд нийт  хүсэлтийн 60 гаруй хувийг эзэлж байна.
  • 2017 оны 6-р сарын 05-08-ны хооронд “Уншлага-таны өдөр тутмын амьдралд” сэдэвт  санал асуулга явуулж нийтдээ 39 уншигч хамрагдсан байна. Судалгааны зорилго нь номын сангийн уншигчдын ном унших хандлагыг тодорхойлоход чиглэгдсэн.

Дүгнэлт: Санал асуулгын  дүнгээс авч үзэхэд оролцогчдын 60 орчим хувь нь хүүхэд залуучууд ба  интернэт, нийгмийн сүлжээ ашиглаж мэдээлэл авахыг илүүд үздэг бөгөөд ихэвчлэн адал явдалтай ном хэвлэл унших сонирхолтой байна .

 

Санал асуулгын мөрөөр цаашид зохиох арга хэмжээ:

  • Номын санд  дэлхийн болон үндэсний сонгодог зохиолуудын үзэсгэлэн гаргах;
  • Сонгодог ном унших сэдэл төрүүлэх олон арга хэмжээ зохион байгуулах;

5.2. Санал асуулгыг “Номын сангийн орчин нөхцөл”, “Гэрээр ном олгох үйлчилгээ” сэдвээр авлаа. Санал асуулгад 16-70 насны 50 уншигч хамрагдсанаас өндөр настан 3, албан хаагч 5, хувиараа хөдөлмөр эрхлэгч 1, сурагч 25, оюутан 16 оролцсон байна.

  • “Номын сангийн орчин нөхцөл” санал асуулгад гадна, дотно орчин нөхцөл үйл ажиллагаанд чухал нөлөөтэй гэж 58% нь, нөлөөтэй гэж 42% нь үзсэн бөгөөд, гадна орчныг 58% нь муу буюу ой гутам, 42% нь дажгүй, 48% нь хашаа, шат довжоогоо засварлаж шинэчлэх, мод цэцэг тарих, сандал тавих, хаягаа томсгох зэргээр тохижилт хийх шаардлагатай гэж үзсэн байна.
  • Номын сангийн доторх орчныг 76% нь сайн буюу дажгүй, 24% нь муу, 30% нь цэвэр, боломжийн гэсэн бол 70% нь гэрэлтүүлэг, агааржуулалт муу, зай талбай давчуу, караоке барны дуу чимээ ихтэй гэсэн байна.
  • Номын сангийн гадна, дотно орчинд засвар тохижилт хийх шаардлагатай юу? гэсэн асуулгад 72% нь шаардлагатай /42% нь нэн шаардлагатай, 30% нь шаардлагатай/ гэж үзсэн байна. Иймд номын сангийн гадна, дотно орчин үйл ажиллагаанд чухал нөлөөтэй гэж үзэж, хашаа хайсыг шинэчлэх, орчныг цэвэрлэх, хаягтай болох, уншлагын заал, фонд, вестибюльд засвар тохижилтын ажил хийх шаардлагатай гэж дүгнэж байна.

5.3. “Гэрээр ном олгох үйлчилгээ” санал асуулгад оролцогчдын 20% нь 5-аас дээш жил, 56% нь 1-3 жил, 22% нь эхний жилдээ үйлчлүүлж байгаа уншигчид байна.

  • Та номын санд ямар зорилгоор ирдэг вэ? асуулгад 38% нь номын сангаас ном авах, 70% нь гэрийн даалгавар,бие даалт хийх/хувийн номтой ирж/, 8% нь тогтмол хэвлэл унших, 6% нь багаараа ажиллах/хувийн номтой ирж/ гэсэн байна.
  • Номын сангийн ном,материалын хүрэлцээ хангамж ямар санагддаг вэ? асуулгад 14% нь хангалттай, 62% нь дунд зэрэг, 24% нь хангалтгүй гэсэн байна.
  • Таны авахыг хүссэн ном номын санд байхгүй тохиолдол хэр олон бэ? Асуулгад 4% нь маш олон, 56% нь олон, 36% нь цөөн, 4% нь байхгүй гэсэн байна
  • Та номын сангаас ном материал авч уншдаг уу? асуулгад 12% нь байнга, 72% нь хааяа, 16% нь хувийн номоо ашигладаг гэсэн байна.

Гэрээр ном олгох үйлчилгээний талаар 80% нь мэднэ, 20% нь мэдэхгүй гээд гэрээр ном авч ашиглахад 8% нь бичиг баримтын, 28% нь мөнгөн төлбөрийн, 42% нь номын хувь буюу хүрэлцээ хангамж хүндрэл үүсгэдэг, 34% нь хүндрэл гардаггүй гэсэн байна.

Гэрээр ном олгох үйлчилгээнд нэмэрлэх таны санал/ямар нөхцөлтэйгээр энэ үйлчилгээг авах хүсэлтэй байгаа талаар сул талбараар санал авахад 36% нь төлбөргүй болгох, 20% нь номын хувь хэмжээг нэмэгдүүлэх, 20% нь санал хүсэлт байхгүй, 8% нь одоогийн энэ үйлчилгээ нь боломжийн, 4% нь төлбөрийг бууруулах, 6% нь бичиг баримтгүй болгох, 6% нь ном авдаггүй гэсэн санал бичсэн байна.

Санал асуулгад оролцогчдын 80% нь гэрээр ном олгох үйлчилгээг мэддэг ч 76% нь гэрийн даалгавар, бие даалт хийхээр хувийн номтой ирдэг, танхимаар 72% нь хааяа ном авдаг, 16% нь хувийн номоо ашигладаг гэж хариулснаас үзэхэд номын сангийн ном материалаас илүү номын сангийн танхим, багаар ажиллах өрөө зэргийг ашигладаг байна. Иймд номын фондын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, фондын ном хэвлэлийг сурталчлах ажлыг хийх, гэрээр ном олгох үйлчилгээний давуу талыг сурталчлах хэрэгтэй гэж дүгнэж байна.

Санал асуулгын мөрөөр дараах ажлыг хийж гүйцэтгэсэн буюу хийхээр төлөвлөж байна. Үүнд:

  1. “Номын сангийн орчин нөхцөл” санал асуулгын мөрөөр 20м хашаа хайсыг шинэчлэн хийж, будаж, шат довжоог даралттай ус, хлорминий уусмалаар угааж ариутгасан. Мөн ХУТ-ын барилгад хаагдсан 3 цонхыг өөрсдийн нөөц бололцоогоор хөшигтэй болгож, үлгэрийн баатруудын зураг зурж чимэглэсэн. Мөн номын сангийн төв зам руу харсан талд хаягтай болохоор төлөвлөж байна.
  2. “Гэрээр ном олгох үйлчилгээ” санал асуулгын мөрөөр фондын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, фондын ном хэвлэлийг сурталчлах ажлыг хийх, гэрээр ном олгох үйлчилгээний давуу талыг сурталчлах ажил хийхээр төлөвлөж байна.

5.4. Санал хүсэлтийн дэвтэр болон хайрцагт үлдээсэн уншигчийн саналыг нэгтгэн үзвэл:

5.4.1. Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн Хүүхдийн уншлагын танхимын санал хүсэлтийн дэвтэрт 3 уншигч санал хүсэлтээ бичсэнээс ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг байдаггүй, гадаадын уран зохиол түлхүү байвал сайн гэсэн сөрөг сэтгэгдэл байсан бол цэвэр цэмцгэр, тухтай орчин, утасгүй интернет ашиглах боломжтой нь давуу тал байдаг гэсэн эерэг сэтгэгдлээ бичиж үлдээсэн байна.

5.4.2. Санал хүсэлтийн хайрцагт 4ш санал үлдээснээс чөлөөт сонголттой үйлчилгээтэй болох, эрсэн ном байдаггүй тул номын баяжилтаа нэмэх шаардлагатай гэсэн асуудал дэвшүүлсэн сэтгэгдэл байна. Ном авахдаа бичиг баримт авч үйлчилдэг байдлыг өөрчилж өөр хувилбар сонгох боломжийг санал болгосон нэг сэтгэгдэл байна.

5.4.3. Мөн номын сангийн хамт олны найрсаг байдлыг сайшааж, номын санч Ч.Чимгээгийн зан харилцаа, үйлчилгээ, мэргэжлийн ур чадварыг сайшаасан эерэг сэтгэгдэл байна.

5.5. Төв номын сангийн уншлагын “А” танхимын номын санчид уншигчдаас хоёр удаа сэтгэл ханамжийн судалгааг авч судалгааны мөрөөр хийх шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

5.6. Уншлагын “Б” танхимын номын санчид номын сангийн үйлчилгээ болон орчин нөхцлийн талаарх 5 асуулга бүхий санал агуулгыг танхимын 100 гаруй уншигчдаас авсан. Санал хүсэлтэд сүүлийн үед хэвлэгдэж байгаа шинэ ном дутагдалтай, уншлагын танхимын орчин нөхцөл, гэрэлтүүлэг муу, заалны цэвэрлэгээг уншигчдын дундуур хийж байна, ажилчид заалны дундуур их явах нь ном уншихад саад болж байна гэх зэрэг саналууд ирсэн байна. Санал асуулгын дагуу ирсэн хүсэлтийг нэгтгэн байгууллагын хуралд танилцуулан шийдвэрлүүлэхээр нэгтгэсэн.

5.7. Америкийн Соёл Мэдээллийн Төвийн фонд бүрдүүлэлтийн талаарх судалгаа хийх зорилгоор 98 уншигчаас санал асуулга авлаа. Судалгаагаар гарсан дүнг холбогдох хүмүүст уламжилсан болно.

 

ТАЙЛАНГ ХЯНАСАН:

ЗАХИРАЛ                                                      А.ЭРДЭНЭБАТ

 

ТАЙЛАН НЭГТГЭСЭН:

АРХИВ,БИЧИГ

ХЭРГИЙН АЖИЛТАН                                  М.ЭНХ-УЯНГА

 

Ж. Мөнгөнзул