Г.ТӨМӨРЗАЯА: Хүүхэд бол буддаг ном биш. Тиймээс өөрийнхөө дуртай өнгөөр дүүргэх гэж бүү зүтгэ

Номын сангийн зочны ярилцлага” булангийн энэ удаагийн дугаарт  Хүүхэд, эцэг эхийн сургалт, судалгааны  “ХӨӨРХӨН ШАР ШУВУУ”  төвийн тэргүүн боловсрол судлаач, багш Г.Төмөрзаяа оролцож байна.

Сайн байна уу? танд “ Дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр”-ийн мэндийг хүргэе. Та манай уншигч, үйлчлүүлэгч нарт энэхүү өдрийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг талаараа сонирхуулаач?

Сайн, сайн байна уу. Та бүхэндээ болон нийт уншигчдадаа дэлхийн номын өдрийн мэндийг дэвшүүлье. Миний хувьд дэлхийн номын өдрөөр өөртөө зориулан шинээр хэвлэгдсэн ном худалдаж авдаг. Мөн уншсан номын тэмдэглэл бичиж цахим хаягтаа оруулдаг. Үүний зэрэгцээ хүүхдүүдэд ном уншиж өгөх гэсэн гурван ажил яг уламжлал болон тогтсон байгаа.

Таны бодлоор боловсрол гэж юу вэ?

Миний бодлоор боловсрол бол зөвхөн эзэмшсэн мэдлэгээр хязгаарлагдахгүй тухайн хүний тасралтгүй хөгжиж, бусдаас суралцаж байх чадвар юм уу даа.

Эцэг эх, өвөө эмээ нар гэр бүлдээ ялангуяа хүүхдэд яаж үлгэр дууриалал үзүүлэх нь зохистой вэ?

Хүүхдэдээ үглэж биш үйлдлээрээ зөв үлгэрлэж байгаарай. Хүүхэд бидний хэлснийг биш хийснийг даган дуурайдаг. Танин мэдэх үйл ажиллагаа нь ч тийм зарчмаар хөгждөг. Хүүхдээ хүнтэй мэндлээч гэж зэмлэхийн оронд өөрсдөө л бусадтай маш сайхан мэндэлдэг бусдыг хүндэлдэг байх. Ном унш гэж шаардахын оронд өөрсдөө ном уншдаг тогтмол өдөртэй байх гэх зэрэг хүүхдэдээ бид өөрсдөө санамсаргүй хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгээрээ ч нөлөөлж байдаг. Та хүүхэдтэй болсон л бол хүүхэд нэг бүрийн тань тоогоор хариуцлага нэмэгдэж байгаа шүү.

Хүүхдийг ном унших болон тоглоомын аргаар хэрхэн хөгжүүлэх вэ ?

Хүүхэд тоглоомоор дамжуулж нийгмийн харилцаа, асуудлыг шийдвэрлэх, хийсвэрлэн бодох гэх зэрэг олон чадваруудад суралцаж байдаг. Хүүхдэд багаас нь ном уншиж өгөх нь хүүхдийн сэтгэн бодох, төсөөлөх чадвар болон анхаарлын төвлөрөлт, хэл ярианы хөгжлийг дэмжиж өгч байдаг олон талын ач холбогдолтой. Тэгэхээр хүүхдэдээ тогтмол ном уншиж өгч байхыг эрхэмлэж байгаарай. Мөн хүүхдийнхээ тоглох боломжийг хязгаарлахгүй болж өгвөл хамтдаа тоглож дэмжиж байвал зохистой.

Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ямар, ямар чадварыг эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?

Юуны өмнө Америкийн зохиолч Халед Хоссейний “Хүүхэд бол буддаг ном биш. Тиймээс түүнийг өөрийнхөө дуртай өнгөөр дүүргэх гэж бүү зүтгэ” гэсэн ишлэлийг хэлье. Хүүхдийн хөгжлийн маш чухал алхам өөрийгөө илэрхийлж чаддаг байх, хүүхэд өөрөө сонголт хийх, өөрөө шийдвэр гаргах чадвар бол суурь хөгжил. Цаашлаад хүүхэд суралцахад сургах, шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байх.

Эцэг эхчүүд ялангуяа бага насны хүүхдэдээ ном худалдан авахдаа юунд дээр анхаарах нь зүйтэй вэ?

Номын сонголт бол маш чухал. Хүүхдэдээ ном сонгохдоо хүүхдийн насанд тохируулах хэрэгтэй. Наснаас хамаараад зурагт ном уу, өгүүллэг үү, үлгэр үү гээд ялгараад явна. Мөн хүүхдийн өөрийн сонирхол, номын агуулга, чанар чухал. Орчуулгын ном бол худалдаж авахаас өмнө эцэг эх өөрсдөө сайн уншиж үзээсэй гэж боддог.

Ном уншиж өгөхдөө юуг анхаарах вэ?

Үйл явдлыг харилцан ярилцаж уншиж өгөх хэрэгтэй. Ингэхдээ шалгааж болохгүй. Учир нь томчууд хариултаа төлөвлөчихсөн байдаг. Хүүхэд өөрөөр хариулбал “үгүй шүү дээ, ийм” гээд засаж хэлэх гээд байдаг. Энэ нь хүүхдэд би мэдэхгүй байгаа юм байна, дахиад асуувал бас мэдэхгүй байх вий гэсэн мэдрэмж төрүүлж цааргалах, номд дургүй болоход нөлөөлнө.

Уншиж дуусаад юу ойлгосон, юу сурсныг асуух зэргээр байцаахаас татгалзаарай. Ингэвэл ойр ойрхон шалгалт өгч буй мэт мэдрэмж төрүүлдэг. Таатай бус байдал мэдрүүлчихвэл хүүхэд дараа нь түүнийг хийхийг хүсэхгүй байх магадлалтай шүү дээ. Мөн мэдэмхийрч зааварчлах хэрэггүй. Уншаад, харилцан ярилцаад л номоо дуусгачих. Харин танаас асуулт асуувал нээлттэй хариулаарай.

3,4,5 настнууд нэг номоо олон удаа уншуулах дуртай байдаг. Учир нь уншуулах бүртээ үйл явдал, дүрүүдийг өөр өөрөөр төсөөлдөг гэсэн үг. Жишээ нь, ааваар уншуулахад туулайг аймхай мэтээр, ээж уншиж өгөхөд туулайг зоригтойгоор ургуулан боддог. Танил болсон дүрүүдээ тархиндаа өөр өөрөөр хөрвүүлэн боддог учраас хүүхэд нэг номоосоо уйддаггүй. Шинэ ном уншиж өгөх бол өмнөхтэй нь төстэйг сонгоорой. Хэрвээ сонирхохгүй бол аав ээж өөрсдөө уншаад л бай. Давтан унших замаар шинэ номд дурлуулж болно.

Мөн хүүхдийн онцлогт тохируулж ном сонгож өгөх их зүгээр. Хүүхэд тань аймхай бол айдсаа даван туулж буй баатарлаг түүхийг өгүүлсэн, харанхуйгаас айдаг бол өдөр шөнө ээлжилдгийг тайлбарласан ном сонгож өгөх юм. Таван настнууд үерхэл нөхөрлөлийг их сонирхдог. Тиймээс найзтай болж буй, хайр гэж юу вэ ? зэрэг сэдэвтэй ном байж болно.

Айлын ганц эсвэл хэнз хүүхдүүд эд юмсаа бусадтай хуваалцах дургүй. Тэдэнд амьтан, хүн хоорондын нөхөрлөлийг харуулсан зурагт ном тохиромжтой. 3-4 насандаа хүүхэд тань заавал таны зааврын дагуу аливааг хийдэг, хайрцаглагдсан мэт санагдвал амьгүй юмс амьтай болж буйгаар илэрхийлсэн, тухайлбал машинууд хоорондоо харилцан ярилцаж байгаа зохиол сонговол хүүхдийн хийсвэрлэх сэтгэхгүй сайжирна. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогийг таньж мэдэх хэрэгтэй юм.

Аз жаргалтай гэр бүл, аз жаргал гэдэг таны бодлоор ?

Бие биедээ зориулж цаг гаргаж чаддаг гэр бүл. Гэр бүлийн хэн нэг гишүүний онцгой өдрүүдэд, тухайлбал шалгалттай, тоглолттой, төрсөн өдөр гэх зэрэг үед хоолыг нь бэлдээд өгчихдөг, очоод баяр хүргэдэг, дэмждэг байх чухал санагддаг. Ийм гэр бүл бие биенээ маш сайн ойлгож чаддаг нь ажиглагддаг. Тодруулбал бие биенээ сонсож чаддаг, юу болоод байгаагаа ярилцаж ойлголцдог, тохиролцдог. Ямар нэг хүйсийн, орлогын, эрх мэдлийн ялгаа гардаггүй байх нь чухал гишүүн бүр нь гэртээ тайван байж чаддаг.

Таны унших дуртай, ширээний ном

Миний зохиолыг нь унших дуртай зохиолч бол Дашийн Оюунчимэг гуай. Байнга ширээн дээр байдаг ном бол Тархи судлалын тухай Солонгос хэл дээр бичигдсэн ном мөн Андрей Тарковский “Хугацаан доторх хугацаа ном”. Шагайж харах бүрд яг надад зориулж нэгийг хэлээд байх шиг санагддаг.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Та номын садан уншигч үйлчлүүлэгчдээ “Ном” гэж юуг хэлэх вэ? цөөн үгэнд багтааж хэлбэл ?

Аливааг олон талаас харах, бодох, тунгаах боломж олгодог найз юм даа.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны эрдэм судалгааны ажилд өндөр амжилтыг хүсье.

Ярилцсан:   Г.Шүрэнчимэг, Д.Жаргалсайхан