А.Найгалмаа: Ном унших нь амралт болохоос гадна тархийг амрааж, стресс тайлдаг

А.Найгалмаа: Ном унших нь амралт болохоос гадна тархийг амрааж, стресс тайлдаг

Сошиал хуудас: Хүүхдийн зохиолч, хүүхдийн сэтгэл судлаач А.Найгалмаа

Эрхэлж буй ажил, албан тушаал: Дрийм тв “Тавтай нойрсоорой” хүүхдийн нэвтрүүлгийн чиглүүлэгч хөтлөгчөөр ажиллаж байна.

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө   уншигчдад товч танилцуулаач?

Баярлалаа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Таны хүүхэд  насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Мөрөөдлөө биелүүлсэн гэж боддог шүү. Би багадаа зохиолч болно гэсэн хүсэлтэй байлаа. Аравдугаар ангиа төгсөөд МУИС-ийг сэтгүүлчийн ангид элсэн орж сэтгүүлч, рекламны ажилтан гэсэн мэргэжил эзэмшсэн.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Анхны танилцсан ном маань Х.Х.Андерсены  “Нугасны муухай дэгдээхэй” байлаа.

Таны амьдралыг болон  хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

-Дэйл Карнегийн “Хэрхэн санаа зоволгүй амар тайван амьдрах вэ” гэдэг номыг уншаад үнэхээр л тайван, амар амгалан болж байсан санагддаг. Учир нь би тэр үед ялих ялихгүй маш олон зүйлд сэтгэл зовнидог байлаа. Түүнээсээ болоод улаан хоолой агшаад хоол идэж чадахгүй болж эмнэлэгт хэвтэж байсан юм. Дээрх ном яг л цагаа олсон эмчилгээ болж байсан.

Таны ширээний ном?

-Ажил мэргэжилтэй холбоотойгоор “Бага насны хүүхдийн сэтгэл судлал”-ын номууд мөн Х.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” байна.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

-“Арьсан хүрэмтэй Мадонна”, “Манлайлагчид сүүлд нь иддэг” гэдэг хоёр номыг уншиж байна.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

-Хичнээн их ажилтай байсан ч гэртээ ирээд сайхан тухлаж байгаад номоо унших дуртай. Ном унших нь амралт болохоос гадна тархийг амрааж, стресс тайлдаг.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

-Цаг гаргаж уншвал уншиж байгаа зүйл тархинд илүү тогтоно. Би бол хэрэгтэй хэсгээ тодруулагчаар тодруулаад онцгой тохиолдолд хуудас дээр нь наалт наадаг.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

-“Ад үзэгдэх зориг”, “Нохойн зүрх”, “Газар доороос бичсэн тэмдэглэл”, “Хүнд манан” гээд нэрлээд байвал нэлээд урт юм болох нь ээ.

Таны хувьд ном уншдаг хүн гэж яг ямар хүнийг хэлдэг бол?

-Хоосон цэцэрхдэггүй хүнийг л ном уншдаг хүн гэж хэлэх байх даа.

Өөрийгөө ном гэж дүрсэлвэл та ямар төрлийн ном бэ?

-Харин ээ, ном уншдаг найзуудаасаа асууж байгаад хариулсан дээр ч юм уу(инээв).

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

-Цаасан номоо л уншдаг.

Унших дуртай зохиолч?

-Дуртай зохиолч гэхээсээ илүү сонирхол татсан номоо л уншдаг.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

-Л.Түдэвийн “Оройгүй сүм” романы Санж гэлэн. Энэ зохиолд би их дуртай.

Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье

Уншихыг төлөвлөж буй ном?

-Райан Холидей зохиолчийн “Тогтуун байх нь гол түлхүүр” номыг уншихаар  төлөвлөж байгаа.

 

Vandan Tuvshintogtoh