Номын сангийн ажилтан албан хаагчдыг ажлын байранд хөгжүүлэх сургалт боллоо
Улаанбаатар хотын төв номын сангийн захиргаа ажилчдыг ажлын байранд хөгжих, суралцах боломжийг дэмжих зорилгоор сар бүрийн сүүлийн долоон хоногийн Мягмар гарагт ажилтнуудад зориулсан сургалт, мэдээлэл хүргэдэг уламжлалтай билээ.
Энэ сарын уулзалтаар Read more уриатай Remo media багийн CEO Б.Намнандорж “Мэдээллийн боловсрол ба мэдээлэлд хууртахгүй байх аргачлал”, “Нар хүрээлэн”-гийн захирал Б.Батхишиг “Нэгжийн хэмжээн дэх хүмүүсийн харилцаа- Үг мэдээлэл” сэдвүүдээр мэдээлэл танилцуулга хийсэн бол Улаанбаатар хотын төв номын сангийн Олон нийтэд үйлчлэх тасгийн эрхлэгч В.Түвшинтогтох, Хөтөлбөрийн ажилтан Б.Шүрэнбагана нар АНУ-ын номын сангуудаас үзэж судалсан мэдээллээрээ “Номын сан дахь бүтээлч орон зай- STEM”, “Цахим номын сангийн үйлчилгээ”, “Номзүйн нэгдсэн сан”, “Тусгай сан хөмрөг”, гэсэн сэдвүүдээр танилцуулга хийлээ.
Сургалтын үеэр НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа “Коосэн Японы Үндэсний Технологийн Хүрээлэн”-гээс эрхлэн хэвлүүлсэн STEM буюу Шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн чиглэлийн 4 цуврал 50 ширхэг номыг Улаанбаатар хотын төв болон салбар номын санд хандивлалаа.
Улаанбаатар хотын төв номын сан нь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран STEM(Шинжлэх ухаан, технологи, инженер, математик)-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Маker space буюу “Бүтээлчдийн орон зай”-н уншлагын танхимыг тун удахгүй нээн ажиллуулах гэж буй энэ үед дээрх цуврал номуудаар номын сангийн сан хөмрөг баяжсан нь уншигч, төдийгүй номын сангийн ажилтнуудын хувьд баяртай үйл явдал боллоо.
Номын сангийн сан хөмрөгийн бүрдүүлэлт, шинэ үйлчилгээг явуулахад гарын авлага болохуйц номуудыг хандивласан НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа болон сургалтыг чиглүүлж удирдсан нийт багш нарынхаа цаашдын ажилд амжилт хүсье.