З.Золбоот: Хамгийн зөв, оновчтой хариултууд ихэнх тохиолдолд номд л оршдог.

З.Золбоот: Хамгийн зөв, оновчтой хариултууд ихэнх тохиолдолд номд л оршдог.

Иргэншил: Монгол

Овог нэр: Зоригт Золбоот

Эрхэлж буй ажил, албан тушаал: Декретенд суугаа ээж. Нийслэл Масс Медиа ХХК-ийн гүйцэтгэх захирал, Нийслэл Guide сэтгүүлийн эрхлэгч асан.

Сошиал хуудсууд: Fb- Zolboot Zorigt, Instagram- zolboot

Таны хүсч байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Би багадаа дипломат мэргэжилтэй болохыг мөрөөддөг байсан. Аавынхаа мэргэжлийг өвлөн, олон улсад эх орноо төлөөлөх чин хүсэлтэй байлаа. Гэвч яг мэргэжлээ сонгох үед сэтгүүлч мэргэжлийг сонгосон. Намайг арван жилээ төгсөж байхад олон улсын харилцаагаар сурах хүсэлтэй, суралцаж буй, эсвэл төгссөн хүний тоо дэндүү их байсан юм. Тиймээс би аливааг уншиж судлах, бичиж найруулах хоббидоо хөтлөгдөн сэтгүүлч мэргэжлээр дээд боловсролтой болсон.  

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Би ОХУ-ын Москва хотод дунд сургуулийн босгыг анх давж байлаа. Орос цагаан толгойтой танилцаж, ном уншиж сурсан. Манай ээж надад орос хэлийг гэрээр заахдаа сонирхлыг минь өдөөх гэж “Миний Барби” хэмээх барби хүүхэлдэйтэй учирсан адал явдлын тухай номыг уншиж, улмаар үг заан цээжлүүлдэг байсан юм. Тэр үед барбигаар ид тоглодог байсан болохоор эл номыг ээжтэйгээ хамт шимтэн уншиж, дараа нь өөрөө бие даан уншдаг болсон. Нээрэн уншиж сурсныхаа дараа барбинуудаа өмнөө суулгаж байгаад энэ номыг уншдаг байсныгаа саналаа.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Ганц номыг нэрлэхэд хэцүү байна. Учир нь уншсан ном болгон миний ертөнцийг харах өнцөгт ямар нэгэн хэмжээгээр нөлөөлж байсан. Гэвч даруухан хэрнээ зоригтой, гаднах гэхээсээ дотоод гоо зүйдээ илүү их анхаарч, шударга, үнэнч, нинжин сэтгэлтэй байх нь хэчнээн гайхалтай болохыг би А.С.Пушкины “Евгений Онегин” романы Татьяна Ларинагийн дүрээс ухаарч байлаа. Татьянагийн тухай одоо ч бодохоор хүндэтгэл төрдөг. Арван жилдээ түүнтэй адилхан болох нэрийдлээр өөрийгөө номоор хүрээлүүлж, гартаа байнга номтой явахыг хичээдэг байсан. Мөн дурласан залуудаа анхны хайрын захидлаа ч илгээж зүрхэлсэн. Миний хамгийн гэнэн, өхөөрдөм нас уг номтой холбоотой юм байна. 

Таны ширээний ном?

Сүүлд «Пиши, сокращай» («Бич, товчил»)-ыг ширээний номоороо залсан юм байна. Энэ нь орос редакторуудын бичсэн гарын авлага байгаа юм. Сэтгүүлч, дизайнер, менежер зэрэг байнга текст бичдэг мэргэжилтэй хүмүүст зориулсан. Хүчтэй текстийг хэрхэн найруулахыг маш товч, тодорхой өгүүлдгээрээ надад таалагдсан.      

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Би Нийслэл Guide сэтгүүлийн эрхлэгчээр найман жил ажилласан. Улаанбаатар хотын анхны үнэгүй тараагддаг хөтөч сэтгүүлийг анхнаас нь бүтээлцэж явсандаа бахархдаг. Сүүлийн гурван жил бие даан хэвлүүлсэн. Сэтгүүлийнхээ ачаар олон сайхан хүмүүстэй танилцаж, хамтарч байлаа.   

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Яг одоо бол мэргэжлийн сэтгэл зүйч нарын бичсэн “100 хувь хүүхэд нас” гэх хэрхэн аз жаргалтай хүүхдийг өсгөх тухай номыг уншиж байна. Охинтой болсноос хойш хүүхдийн хөгжил, хүмүүжлийн талаар олон эх сурвалжаас судлах сонирхолтой болсон. Уран зохиолын хувьд С.Дашдооровын “Говийн өндөр” романыг яг дуусгах дөхөж байна. Тухайн үеийн нийслэлийн аж амьдралыг яруу тодоор дүрсэлсэн нь сэтгэлд нийцлээ. Би Нийслэл Guide-д ажиллаж байхдаа хуучин хотын үүх түүх, иргэдийнх нь дүр дүрсийн тухай судалж, материал бэлдэх дуртай байсан болохоор уг номыг шимтэн уншлаа.   

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Хаана ч хамаагүй. Оюутан байхдаа Москвагийн метронд ном унших дуртай байсан. Номондоо ид орчихсон явж байхдаа буух зогсоолоо өнгөрөөх тохиолдол бишгүй л гардаг байлаа. Зун цагт гадаа гараад модон сандал дээр ном унших дуртай. Гэртээ унтахаасаа өмнө ном унших зуршилтай.    

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Би номыг маш их хүндэлж уншдаг юм. Дээдийн дээд эрдэм мэдлэгийг надад хайрладаг болохоор заавал дээд өнцгөөс нь барьж хуудас эргүүлдэг. Хуудас нугалахыг жигшдэг. Тиймээс төрөл бүрийн номын хавчуургыг цуглуулах дуртай. Хөөрхөн зурагтай, эсвэл хэлбэртэй номын хавчуургатай болчхоороо ном унших хүсэлдээ бүр ч их автагдана. Номон дээр шугам татах, юм зурах дургүй. Таалагдсан үг, өгүүлбэр, хэрэгтэй мэдээллээ тэмдэглэлийн дэвтэр дээрээ буулгадаг. Номыг шинээр нь байлгаж удаан хугацаанд хэрэглэх дуртай.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Дэлхийн сонгодог бүтээлүүдээс уншихыг санал болгож байна. Тухайлбал, Ф.М.Достоевскийгийн бүтээлүүд өр өвтгөм ухаарал хайрладаг. “Гэм зэм”, “Маанаг”, “Карамазовын ахан дүүс”-ийг уншсаны дараа хүний далд мөн чанартай танилцдаг. Дүрүүд нь бодол санаанаас удаан хугацааны турш гардаггүй. Хүн болж төрсний утга учир, хайр энэрэл, бусдын зовлонг ойлгох чанар гэгч нь чухам юу болохыг ухаардаг. 

Н.В.Гоголийн “Шинель” туужийн “өчүүхэн хүний” сэдэв театр болон кино дэлгэцийн бүтээлүүдийн мөнхийн муза нь мөнөөс мөн. Зууны шилдэг киногоор тодорсон Бонг Жүн-Хогийн “Паразит” кино үүний тод жишээ юм. Тиймээс кино сонирхдог залуучуудад уг туужийг уншихыг уриалж байна. 

Сүүлд Л.Золзаяагийн бичсэн “Ноён Гантай өнгөрүүлсэн 100 өдөр” номыг уншаад маш их урам зориг авсан. “Зорилготой, зоригтой, зогсолтгүй!” байх галаар дүрэлзүүлсэн. Ч.Ганхуяг захирлын үүсгэн байгуулсан “Ард Холдингс” ХК-ийн оффисд манай компани өрөө түрээсэлдэг байсан юм. Тэр үед ноён Ганы ажил амьдралын хурд, авхаалж самбаа, хурц ухааныг шүтэж байлаа. Харин энэ номыг уншсанаар уг хүнийх нь тухай илүү их мэдэж авахын сацуу үнэтэй сургаалиудыг нь сонссон.             

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Би Орост их сургуулиа төгссөн болохоор надад В.И.Ленины нэрэмжит Улсын Төв номын сангийн үнэмлэх байдаг. Анх дотогшоо нь ороод их сүрдэж байлаа. “Амьдрал нулимсанд дургүй” кино санаанд шууд л орж байсан. Гол дүрүүдийн нэг Людмила номын санд эрчүүдтэй танилцах гэж орж, ногоон ламптай ширээн дээр номоо уншингаа зүүрмэглэдэг дээ. Тэр номын сан чинь дээрх Орос улсын төв номын сан юм.  

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Их романтик зохиол байх юмсан. Мистик талдаа. Төгсгөл нь тайлагдашгүй.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Сонгодог бүтээлүүдийг цаасаар унших дуртай. Ингэснээр амт шимтийг нь илүү их мэдэрдэг. Харин сүүлд гарсан номуудыг цахимаар уншихад амар болсон. Ялангуяа энэ цар тахлын үед онлайн уншихад түвэг багатай юм.

Унших дуртай зохиолч?

 Дээр дурдсан зохиолчид. Харин дуртай яруу найрагч гэвэл М.И.Цветаева юм. Түүний амьдарч байсан гэр музей Орос дахь Монголын ЭСЯ-ын яг эсрэг талд нь байдаг. Миний бага насны хамгийн дурсгалтай үе мөч Монголын ЭСЯ-нд амьдарч байхад өнгөрсөн. Харин гурван жилийн өмнө тэнд зочлонгоо дуртай яруу найрагчийнхаа гэр музейгээр орсон юм. Хөл газарт хүрэхгүй алхсан мэт санаж байна. Туйлын их баярласан.      

Уншихыг төлөвлөж буй ном?

Хүүхдийнхээ хөгжилд их анхаарал хандуулж буй болохоор монтессори аргачлалыг судлах бодолтой байна. Инстаграм дээр дагадаг нэгэн америк ээж маань Simone Davies “The Montessori Toddler” номыг уншиж байхыг харсан. Унших сэдэл төрсөн.

“Ноён Гантай өнгөрүүлсэн 100 өдөр” дээр Mitch Albom-ын “Tuesdays with Morrie” номыг уншихыг зөвлөж байсан тул заавал уншина гэж шийдсэн байгаа.     

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Ж.Д.Сэлинджерийн “Хөх тариан талбайн ирмэгт” номын баатар Холден Колфилдод миний сэтгэл зүрх одоо ч алдарсан хэвээр. Дэггүй, түрэмгий ааш занд нь татагдахын байхын аргагүй. Хар шуурган бодлуудтай нь нийцэхийн байхын аргагүй.  

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Хүн төрснөөсөө хойш “Би хэн бэ?”, “Энэ ертөнц ямар юм вэ?” гэх асуултанд хариулт хайдаг. Эдгээр асуултанд ямар хариу авснаас шалтгаалан амьдралынх нь утга учир, үнэт зүйлүүд нь бүрддэг. Харин хамгийн зөв, оновчтой хариултууд ихэнх тохиолдолд номд л оршдог. 

 

Vandan Tuvshintogtoh