Б.Алтантуяа: Өвөг дээдсийнхээ үлдээсэн их өв, соёлыг өвлөн авч, уламжлуулах “Үргэлжийн үүрэгтэй” хүмүүс нь та бид юм шүү…

Б.Алтантуяа: Өвөг дээдсийнхээ үлдээсэн их өв, соёлыг өвлөн авч, уламжлуулах “Үргэлжийн үүрэгтэй” хүмүүс нь та бид юм шүү…

Сайн  байна уу?  Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Сайн. Сайн байна уу? Танд болон танай уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.

Та номтой  анх  хэдэн  настайдаа танилцаж  байв. Энэ талаар дурсамжаа  бидэнтэй  хуваалцахгүй  юу?

5-6 настайгаасаа. Би малчин айлын хүүхэд л дээ. Ээж маань оройны үнээгээ саачихаад сүүгээ хөөрүүлэх зуураа “Монгол ардын үлгэр”, “Үүлэн бор” гэх мэт үлгэрийн номоос өдөр бүр уншиж өгнө. Ээжийн үлгэрийг сонсох гээд хот айлын хүүхдүүд манайд цуглачихна. Тэгээд би чинь үлгэрийн баатрын дүрүүдээ өдөржин бодоод, заримдаа шөнө нь зүүдлэнэ. Цуутын цагаагч гүүний унагыг бодож өрөвдөнө, Хөхөөний тухай үлгэрийг сонсоод ээж минь хөхөө болоод нисчихвий гэж айдаг хүүхэд байсан. Ингээд бодохоор үлгэрээр хүмүүжиж, үлгэрийн орноор аялуулдаг байсан жаргалтай дурсамж сэргэж байна. 

Та  ямар мэргэжлээр сурч төгссөн бэ?

Эх бичиг судлаач – Төвдөч мэргэжилтэй.

Таны хүүхэд  насны мөрөөдөл, өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн бага сургуульд анх сурагч болж байлаа. Одоотой адил бүх хүүхдэд сурах бичиг байхгүй, багшид л ганцхан ном байдаг. Багш минь самбараа хоёр хувааж, цагаан толгойн үсэгнүүдийг кирилл болон дармалаар бичиж сургаж  байв. Миний хувьд аль хэзээний уншаад бичээд сурчихсан сургуульд орсон учраас багш маань намайг самбар дээр гаргаж бичүүлдэг байсан юм. Багшийн надад итгээд самбарт бичүүлэхээр их гоё санагдана.  Хүүхдүүд бас “Багш аа” гэж дуудаад л, хүүхдийн хөөрүү сэтгэлээр өөрийгөө багш болсон ч юм шиг баярлаад, тэр үеэс багш болно гэж боддог байсан. Одоо яг л хүүхэд насныхаа мөрөөдлөөрөө багшлаад, басхүү олон сайхан шавьтай болсондоо сэтгэл хангалуун байдаг.                       

Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?

Хөдөө хонь,ямаагаа саах гэх мэт гэрийн ажлуудаа хийчихээд цаг л гарвал ном уншдаг, заримдаа орныхоо доогуур нуугдаж, шимтэж уншдаг хүүхэд байсан.   

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Уншмаар санагдсан үедээ номоо барьж аваад уншдаг төрлийн хүн. Учиргүй дадал, зуршил тогтооё гэж зорьж байгаагүй юм байна.

Арван жилд  байхдаа номын  сангаар хэр үйлчлүүлдэг хүүхэд байв дурсамжаа хуваалцахгүй юу?

10 жилд номын сангаар үйлчлүүлж байсан нь ховорхон санагдаж байна. Харин оюутан байхдаа номын сангаас салдаггүй байв.

Танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан ном?

Жамбын “Асрагч нэртийн түүх” хэмээх эзэн Чингис хаанаас ухаант Тогоонтөмөр хаан хүртэлх монголын түүхийг бичсэн сурвалж бичиг байдаг. Энэхүү сурвалж бичгийн үгийн сан, хэлний судалгаа сэдвээр эх бичиг судлалын магистрын зэрэг хамгаалахын зэрэгцээ хар муутуун дээр алтаар, хичээнгүй тигээр сударчлан хуулж бичсэн маань бийрийн бичгийн тигээ тогтоох, тууштайгаар энэ салбарт дурлах суурь нь болж өгсөн гэж боддог.

Орчин үед маш их дэлгэрч байгаа уран бичлэгийн мастер хүн гэж таныг хэлдэг. Уран бичлэгээр хэзээнээс эхэлж бичиж эхлэв? Уран бичлэгийн талаар товчхон өгүүлбэл…

Би мастер хүн биш ээ. Уран бичлэг хэмээх энэ том салбараас суралцаж, судалж, чадлынхаа хирээр сургаж яваа нэгэн. 2006 оноос эхлээд бийрийн бичлэгээр хичээллэж эхэлсэн. Бичиг үсгийг уран сайхны зорилгоор  ашиглан бүтээдэг нэг зүйл урлагийг каллиграф буюу уран бичлэг гэдэг. Энэ нь тухайн үндэстний бичиг соёлын уламжлал, хөгжлийн хэр хэмжээг илтгэн харуулдаг бичлэгийн урлагийн дээд илэрхийлэл юм.

Уран бичлэгээр бичихэд танд ямар мэдрэмж үлддэг вэ?

Амар амгалан, тайвширлыг мэдэрдэг.

Анхны номоо яагаад “Оюун Түлхүүр” гэж нэрлэсэн бэ Номынхоо тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч

Монголчууд эртнээсээ үр хүүхдээ бага насанд нь монгол бичгийн цагаан толгойгоо заагаад  “Оюуныг нээгч оюун түлхүүр нэрт шастир оршвой” хэмээх билиг сургаалыг уншуулж, ухааруулж сургадаг заншилтай байж. Бид ч мөн их сургуульд ороод дахин дахин хуулж бичээд, цээжилсэн байдаг байсан. Үүнээс үүдээд “Оюун Түлхүүр” гэхээр шууд л монгол бичгийн ном санаанд нь буух нь бий. Нөгөө талаас хүмүүний үндэсний бичгийнхээ мэдлэг оюуныг нээх түлхүүр нь болоосой хэмээн бэлгэдэж номоо ийн нэрийдсэн.Номын агуулгын тухайд бол цаг наргүй их ажил амьдралын завсраар өдөр бүрийн цөөн хормыг үндэсний бичиг, хэл соёлоо суралцахад зориулж, 30 өдрийн сургаал үгийг унших, бичих, дүрмээ сэргээн санах, чадвараараа ахиулах, уран бичлэгийн бүтээлүүд болоод монгол бичгийн олон хэв тигүүдийг тольдон харах боломжтой юм.

Та  хэр  их сэтгэл хөдлөлтэй  хүн  бэ?

Сэтгэл хөдлөлгүй хүн гэж байхгүй болов уу. Илэрхийлэмж нь л өөр өөр байх. Тухайн үеийн нөхцөл байдлаасаа хамаарах байх аа.

Сүүлийн үед эх хэл бичгийн талаар хийх гэж  төлөвлөж  байгаа  зүйл байгаа юу?

Бодсон, төлөвлөсөн зүйлс зөндөө бий. Өөрийнхөө хэмжээнд хувь нэмрээ оруулахын тулд хичээж л явна даа.

Уншихыг  төлөвлөж  буй  номоосоо  нэрлэвэл?

Мэргэжлийн номууд, мөн яруу найраг, түүхэн сурвалжууд гээд унших номууд зөндөө байна. Яг одоо бол монгол уламжлалт албан бичгүүд болон захидал бичих, үгийн сан, найруулгаас нь суралцмаар “Дилов хутагтын захидлууд” хэмээх номыг уншиж байна.

Таны  ширээний  ном?

Толь бичгүүд. Ш.Чоймаа багш маань “Толь бичиг бол хамгийн сайн зөвлөх, хамгийн сайн багш. Толь бичиг харахаасаа бүү залхуур, бүү ичиж байгаарай” хэмээн захидаг байсан.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном байх байсан бол?

За одоо тийм ийм гэж хэлэхэд хэцүү юмаа. Гэхдээ С.Удвал гуайн хэлсэнчлэн “Ойлгоход ярвигтай ном гэлээ би. Олдоход жирийн нэгэн билээ би. Ойлгосон хойноо хэрэгтэй ном байхсан. Олдсон хойноо марташгүй нөхөр байхсан…” даа.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Биеэр очиж үзэж, харж, мэдэж чадахгүй олон зүйлсийг номоос авч чаддаг. Мөн эрдэмтэн, судлаач, зохиолчдын маш урт хугацааны туршид судалж шинжилж, шүүн тунгааж гаргасан бүтээлүүдийг уншиж, цэгцтэйгээр богино хугацаанд мэдлэг, мэдээлэл авах боломжийг бүрдүүлж өгдөг нь талархмаар.

Танд хэдэн улс орны  номын  сангийн үнэмлэх  байгаа  вэ ?

Монгол, БНСУ.

Бидний ярилцлага өндөрлөж байна.Ярилцлагын төгсгөлд эх хэл, соёл, үндэсний бичгийн талаар өөрийн бодол санаагаа хэлбэл?

Өвөг дээдсийнхээ үлдээсэн их өв, соёлыг өвлөн авч, уламжлуулах “Үргэлжийн үүрэгтэй” хүмүүс нь та бид юм шүү. Надаар л дутав гэж дээ бусад нь сурчихна биз гэж битгий бодоорой. Монгол бичгийн хувь заяа та бидний гарт байна. Хүн бүр монгол бичгээрээ уншдаг, бичдэг болох зорилго тавьж, үр хойчдоо уламжлуулах сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэгж байж монгол бичиг үеийн үед, үрийн үрд уламжлагдана.

Танд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

Munkhzul.B