Дэндүү олон гоё санааг зүгээр л уншаад өнгөрөх хайран санагддаг…

Дэндүү олон гоё санааг зүгээр л уншаад өнгөрөх хайран санагддаг…

Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу? 

Хүүхэд насандаа их бүтээлч байсан гэж одоо боддог. Гарт баригддаг гоё биет зүйлс бүтээж тоглох дуртай хүүхэд байв. Ахлах ангид орохдоо л архитектураар сурна гэж шийдсэн. Одоо яг мэргэжлээрээ ажиллахгүй ч бүх хийдэг ажил маань дизайн, эд юмс бүтээхтэй нягт холбоотой.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

4р ангид байхдаа Насүда Минорү зохиолчийн “ОГТОРГУЙД ДҮҮЛЭН ОДОХ МОТОРТ ДУГУЙ” гэсэн хүүхдийн зохиол уншиж байсан. Тэгж бүтнээр нь анх удаа ном дуусгаад өөртөө их л итгэлтэй болж билээ.

Та унших сэдэл/мотивацаа яаж олдог вэ?

Уншмаар байгаа үедээ л уншдаг. Фикшн болон нонфикшн ээлжлээд уншдаг.

Таны амьдралыг болон хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Хувь хүнд нөлөөлсөн номнууд гэвэл 10 жилийн ширээнээс их сургуулийн ширээ рүү шилжих жилүүддээ би Ц.Оюунгэрэл “Америкт сурсан тэмдэглэл” болон “Ажлын ноу хау” гэх номуудыг нь уншиж байсан. Тухайн үедээ надад энэ номнууд их чухал мессэж өгсөн гэж боддог. Би багаасаа их бие даасан хүүхэд байсан болохоор энэ номуудаас хувийн сахилга бат, хувийн зохион байгуулалт мөн зорилготой байх их чухал юм байна гэж ойлгож байсан. “МИНИЙ АЖЛЫН НОУ ХАУ” номыг нь олж аваад одоо дахиж эргүүлэх юмсан гэж боддог.

Таны ширээний ном?

Надад ширээний ном гэх ном байдаггүй ээ. Дизайнтай холбоотой олон ном ширээн дээр байдаг. Байн байн биш ч хааяа цайны цагаараа эргүүлэх дуртай.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Lindsay Gibson: Recovering from Emotionally Immature Parents гэсэн сэтгэл зүйчийн бичсэн номыг уншиж байгаа.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Орой хүүхдүүд унтсаны дараа, буйдан дээрээ сууж байгаад унших гоё байдаг. Бас онгоцонд унших дуртай. Цаг хурдан явдаг.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Сүүлийн жилүүдэд би аль болох харандаа бариад уншдаг. Таалагдсан зүйлийнхээ доогуур нь зурчихдаг. Дэндүү олон гоё санааг зүгээр л уншаад өнгөрөх хайран санагдаад байдаг.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

SUE TOWNSEND “the woman who went to bed for a year”, Muriel Barbery “the elegance of hedgehog” гэсэн романуудыг зөвлөж байна. Харин Монгол зохиолчдоос Аюурзана зохиолчын номнуудтай танилцаарай гэж хүсье.  Мөн Ц.Оюунгэрэл гуайн миний дээр дурдсан номнуудыг уншиж болно.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Уран зохиолын номоор дамжаад өөр хүмүүстэй өөр ертөнцөд хэсэг орших нь гоё байдаг.

Нон фикшн номнууд харин багаж л гэсэн үг, хэрэгцээнийхээ дагуу уншаад ажил амьдралдаа хэрэгжүүлж болох зүйлс олж болно.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Аль аль байдлаар уншдаг.

Унших дуртай зохиолч?

Яг тийм зохиолч гэхэд хэцүү юм, бүгд л өөрсдийн гэсэн ул мөрөө сэтгэлд үлдээдэг, гэхдээ хамгийн их номыг нь уншсан зохиолч бол ХАРУКИ МУРАКАМИ.

Уншихыг төлөвлөж буй ном?

Өлзийтөгс “Үзэхийн хязгаар” номыг эхлүүлнэ гэж бодож байгаа.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Тийм баатар байхгүй юм байна.

Таныг дэлхийд алдартай хүүхдийн зохиолууд орчуулдаг бас хүүхдийн эко тоглоом үйлдвэрлэдэг гэдгийг тань мэднэ. Ном орчуулах, тоглоом үйлдвэрлэх хоёр таныг юугаараа өөртөө татаж чадсан вэ?

Аль аль бүтээлч ажлууд бас хүүхэд настай холбоотой ажлууд. Магадгүй миний дотор энэ бүх гоё ном тоглоомоор дутсан хүүхэд байгаа юм болов уу. Орчин үеийн хүүхэд нас нэг талаар бас миний санааг зовоодог. Уламжлалт (модон тоглоом/ цаасан ном) хэрэглээтэй хүүхэд нас их үнэ цэнтэй санагддаг.

“Ойн 14 хулгана нүүдэл суудал”, “Арслан ба шувуу” номнууд уншигч хүүхдүүдийн дунд нилээд сэтгэл ханамж өндөр үнэлгээ авч чадсан номнууд дараагийн уншигч хүүхдүүдэд хүргэх юм сан гэсэн бүтээл байгаа юу?

Дараагийн номнуудаас гэвэл “Ойн 14 хулганы” шинэ цуврал гарна. Мөн өөр нэг япон зохиолчийн номын эрхийг бас авчихсан байгаа.

Баярлалаа 

 

Munkhzul.B