“Хурлийз бүсгүй”-д дурлаад бараг гурав, дөрвөн ч удаа уншиж байлаа…

“Хурлийз бүсгүй”-д дурлаад бараг гурав, дөрвөн ч удаа уншиж байлаа…

Урилга хүлээн авч ярилцаж байгаа танд баярлалаа.

Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцана уу?

Их багаасаа танилцсан. Аав, ээж хоёр маань нэг их боловсролтой байгаагүй ч номын амтанд орсон хүмүүс байлаа. О.Цэндсүрэнгийн “Халуун салхи”, Д.Маамын “Газар шороо”, Ж.Пүрэвийн “Манан будан”, “Зүрхний хилэн”, Бямбын Ринчений “Үүрийн туяа”, Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” гэх мэт зузаан романуудыг, I, II, III дэвтэртэй бол тэрийг нь хаанаас л бол хаанаас олж аваад дуустал нь уншина. Уншиж байхдаа зарим үед түс хийтэл инээж, их л баясна. Заримдаа хөмсгөө зангидсан, таагүй, ууртай царайлж, эсвэл нулимс дуслуулж сууна. Харин оройн цагаар малаа хотлуулж, хоол ундаа идсэний дараа аав, ээж хоёр маань биднийг тойруулан суулгаад уншсан үлгэр, домог, бадарчны балаг гээд элдэв сонин хачин ярьж өгдөг байлаа. Тэр бүхэн нь ямар ч чихэр, жимснээс илүү амттай байдаг сан. Эгч надаас хоёр насаар эгч. Сургуульд хэдийнээ орчихсон, бичиг үсэг тайлагдсан учир хичээлээ хийхэд нь хараад суучихна. Тиймээс би сургуульд орохоосоо өмнө үсэг нүдэлж, ойр зуур юм уншиж, бас тоо бодож сурсан. Мөн радиогоор үлгэр их сонсдог хүүхэд байлаа. Энэ бүхэн нь ном унших сонирхлыг төрүүлсэн байх. Манай сумын номын санч Д.Дашлонжид гэж эгч байсан. Одоо ч бий л дээ, гавьяаны амралтаа авсан. Ангийн Чимэдцогзол багш маань биднийг дагуулаад номын санд очно. Тэр үеийн ном их гоё гоё зурагтай, хийц загвар сайтай байсан санагддаг. Нээхэд л дотроос нь үйл явдлынх нь баатрууд, амьтад, мод чулуу, уулс хүртэл өндийгөөд босоод ирнэ. Номон завсраа дүр бүхнээ урлаж, дэлгэхэд л ургах мэт бүгд өндийх байдлаар хийсэн номууд л даа. Тэр бүхэнд нь дурлаж, сонирхож номын сан руу үе үе гүйчихнэ. Ер нь, миний багад нутгийнхан тэр чигтээ ном уншдаг байсан санагддаг. Аав намайг “Тэднийг очоод тийм номыг нь аваад ир” гэж гүйлгэнэ. Очтол “Өө өчигдөр Болдын эхнэр унших гээд аваад явсан. Харин ийм ном байна. Үүнийг аав чинь уншаагүй л байх ёстойг” гэх жишээний. Хүмүүс хэнийд ямар ном байгааг, хэн уншсан уншаагүйг андахгүй мэднэ. Өнөөгийнх шиг зурагтын олон суваг байгаагүй учир ном л их уншицгаадаг байсан юм болов уу. Би ном уншихаараа үйл явдалд нь бүр орчихдог хүүхэд байлаа. Зарим дүрд нь уур хүрч, номоо шидэх шахна, заримыг нь өрөвдөж уйлна, учиргүй ихээр инээнэ. Хөндлөнгөөс харвал галзуурсан мэт л харагдах байх. Шөнө унтахгүй л уншина. Ямар сайндаа ээж “Лаа барлаа, эрдэмтээ унт. Толгой чинь цоорлоо” гээд л орилно, бүр гутлаа хүртэл шиднэ шүү дээ. Тэгсэн хэр нь ээж өөрөө надад ном их авч өгнө. Оторт дүү охинтойгоо хоёулаа гарсан үед алимны хайрцгаар илгээмж ирвэл бараг талд нь ном хийсэн, дээр нь будаа, гоймон зэрэг хүнс байдаг сан. Андерсений үлгэрүүд, Үүлэн бор, Вьетнам ардын үлгэр… гэхчлэн маш олон үлгэр уншсан. Түүнийгээ дүү нартаа болон айлуудын хүүхдүүдэд их ярьж өгнө. Өдөрт хэд хэдэн үлгэр ярьж, эцэстээ ярих үлгэргүй болбол зохиочихдог байлаа.

Ямар мэргэжлээр аль сургуульд суралцаж төгссөн юм бэ?

Би хожим оюутан болсон. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны үүсгэн байгуулсан “Монголын нууц товчоо” уран зохиолын эрдмийн дээд сургуульд 2005 онд элсэж байлаа. 2009 онд утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлээр төгссөн.

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Хөдөө анх унших ном ховор учир таарсан бүхнээ уншдаг байлаа. Хавтасгүй, эхний хэдэн хуудас нь байхгүй ном таарсан ч уншиж л орхино. Арван гурав дөрөв хүрч, өөрөө дэлгүүрээс ном худалдан авахтай болсон хойноо л юу уншихаа сонгож эхэлсэн санагдана. Илүү сонирхолтой ном олж уншихыг хичээдэг болсон. Дэлхийн сонгодог зохиолуудыг их уншсан. Жюль Верний “Усан доогуур 20000 бээр аялсан нь”, Достоевскийн “Кармазовын хөвгүүд”, Лев Толстойн “Дайн ба энх”, “Анна каренина” Томас Майн Ридийн “Хурлийз бүсгүй”, Стендалийн “Улааныхан ба харынхан”, Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг”, “Монте кристо гүн” гээд нэрлэвэл дуусахгүй.

Номыг хаана уншвал илүү тухтай санагддаг вэ?

Номынхоо гүнд орсон үед орчин ер нөлөөлдөггүй. Эвтэйхэн суудал олоод авсан байхад бол би хаана ч хамаагүй уншчихдаг. Хөдөө байхдаа гэрийн сүүдэрт, малын бэлчээрт унших сайхан. Хааяа сумын номын сандаа суучихна. Харин оюутан болсноор номын сангаар л их үйлчлүүлсэн. Манай сургуулийн оюутнууд “Горькийн номын сан”-гаар үйлчлүүлдэг байсан. Тэндээс олдохгүй номыг Үндэсний номын сан, эсвэл Нацагдоржийн нэрэмжит номын сангаас хааяа олж уншдаг байлаа.

Таны хувьд ном уншдаг хүн гэж хэнийг хэлдэг вэ?

Зүгээр л нэг уншаад, юу ч ойлгож авч үлдэхгүй бол ном уншдаг хүн гэж хэлэхэд бэрх. Өөрөөр хэлбэл, зарим оюутнууд шалгалтад зориулж хүчээр ном уншдаг шүү дээ. Осолдохгүй л асуугдахдаа уншсан номынхоо сэдвийг ярьж байдаг. Тэгээд л хэдхэн хоноод өнөө номын агуулга, сэдэв нь мартагдчихдаг. Тиймээс номыг шимтэж, хүсэн дурлаж уншдаг хүнийг л ном уншдаг хүн гэж хэлэх болов уу.

Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?

Ер нь, уншсан ном бүр л надад оюун санаа болоод сэтгэл зүйн өөрчлөлтөд ихээр нөлөөлсөн гэж боддог. Ном уншихдаа ном бичдэг хүн болохыг хүсэж, түүнийгээ ч одоо биелүүлэх гээд явж байна. Одоо бодоход би их гэнэн, уран төсөөлөлтэй хүүхэд байж. “Хурлийз бүсгүй”-д дурлаад бараг гурав, дөрвөн ч удаа уншиж байлаа (инээв). Тэр сайхан бүсгүйг бүр сэтгэл дотроо зурчихсан. Уншихдаа үг хэлийг нь сонсож, үйл хөдлөлийг нь хүртэл маш тод харна. Одоо ч миний зүрх сэтгэлдээ төсөөлөн бүтээсэн буржгар урт хар үстэй, дүрлэгэр алаг нүд, яралзсан цагаан шүдтэй хурлийз бүсгүй маань инээмсэглэн суусаар байна. Мөн “Монте Кристо гүн”-ийг уншихдаа гоо үзэсгэлэнт бүсгүй Мерседестэй сүй тавьж буй Дантест атаархаж, гэвч түүнийг хилс хэргээр Иф цайзад хоригдоход хүргэсэн Данглер, Вильфор, Фернан нарт уур хүрч бухимдаж сууснаа тод санаж байна. Хэрэв миний амьдралд өөрчлөлт орсон гэж үзвэл магадгүй Дантесаас суралцсан ч байж болох юм. Дантесын бүх боломж нь хаагдсан мэт боловч итгэл найдвараа алдалгүй, хичээн зүтгэсээр 14 жил хоригдсоны эцэст эргээд зорьсон бүхнээ биелүүлж буй нь их баатарлаг санагдаж билээ.

Уран бүтээлч хүний сайхан хийгээд сөрөг тал нь юу байдаг вэ?

Дандаа л уран бүтээлч хүмүүстэй уулзаж, нөхөрлөж байдаг нь сайхан. Мөн бичсэн ном зохиол, шүлгийг маань уншигчид мэдэх, уншихыг харах том шагнал болдог. Ер нь, бүтээлийг маань хэн ч уншихгүй, мэдэхгүй байна гэж төсөөлөх хамгийн хэцүү. Тиймээс хүнд хэрэгтэй юм бичихийг л ихэд хичээж, бодож сууна даа.

Шүлэг зохиол туурвисны дараа танд ямар мэдрэмж үлддэг вэ?

Сэтгэлдээ бүрэн нийцсэн шүлэг биччихээд сууж байх ч сайхан шүү. Хэн нэгэнд уншиж өгөх гэж яарч, өөрөө ахин дахин уншаад л… Нэг л тийм жингүйдлийн байдалтай болчихдог. Ялангуяа, нэг өгүүллэг бичсэний дараа сэтгэл жигүүрлээд л байдаг юм. За тэгээд номоо хэвлүүлээд гар дээрээ авах мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан даа.

Зохиол бүтээл хүний сэтгэл хөдлөлөөс ихэвчлэн төрдөг гэсэн үг байдаг. Энэ хэр үнэн үг юм болоо?

Үнэн байх аа. Миний хувьд ямар нэгэн зүйлд сэтгэл хөдөлж, тэгээд төвлөрч байж л зохиол бүтээл бичдэг. Түүнээс биш сэтгэл нь ер хөдлөөгүй, хэвийн үед юу бичих вэ дээ. Бичсэн ч амьгүй, амтгүй болно.

Сүүлийн үед ямар зохиол бүтээл  бичиж байна вэ?

Өнгөрсөн жил зохиолч найз С.Баттулгатай хамтраад “Депо” хэмээх түүхэн роман бичиж оны босгон дээр хэвлүүллээ. Том бүтээлийн ард гарчихсан чинь сэтгэл уужраад нэг хэсэн юм бичсэнгүй. Харин өмнөх сараас л ганц хоёр богино өгүүллэг бичлээ. Ер нь, надад шүлгийн гэхээсээ илүү өгүүллэгийн санаа л төрөөд байдаг болж. Нас тогтоно гэдэг нь болж байгаа юм болов уу даа (инээв).

Сүүлд уншиж буй номоосоо хуваалцана уу?

Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан Хатадын 70 зохиолчийн богино өгүүллэгийн хоёр ботийг уншиж байна. Богино өгүүллэг бичиж байгаагийнх ер нь богино өгүүллэгийн ном л их уншдаг боллоо.  

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном байх байсан бол?

Сайн хэлж мэдэхгүй байна. Хүн бүрийн амьдрал л амжилт ололт, алдаа оноо, нугачаа даваа, баяр гунигтай байдаг. Магадгүй намайг ном гэвэл хайр сэтгэл, баяр жаргал, үхэл хагацал, харуусал гуниг хосолсон уянга ухаарлын л ном байх юм болов уу.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Ном их уншдаг хүний төсөөлөл, сэтгэн бодох чадвар их хөгжсөн байдаг. Тиймээс аливаа зүйлийг олон талаас нь эргэцүүлэн бодож дүгнэх чадвар бусдаас илүү гэж би хэлнэ.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Ном бол багш гэж би боддог доо.

Танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье!

 

Munkhzul.B