Жаргалсайхан Шижир: Комик нь хүүхдийн уран сэтгэмжийг илүү сайжруулж өгдөг

Жаргалсайхан Шижир: Комик нь хүүхдийн уран сэтгэмжийг илүү сайжруулж өгдөг

Овог нэр: Жаргалсайхан Шижир

Эрхэлж буй ажил, албан тушаал: “Том Амжилт” ХХК-ийн Ерөнхий захирал

Сошиал хаяг: Пэйж хуудас  https://www.facebook.com/Amjiltcom

Инстаграм                              https://www.instagram.com/amjilt 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

-Та анх хэдэн настай номын ертөнцөөр аялж эхэлсэн вэ? Энэ талаар дурсамжаа  бидэнтэй хуваалцахгүй юу?

Би багадаа ном бага уншдаг, тоо их боддог хүүхэд байлаа. Аав минь “Ном бол ертөнцийг харах цонх мөн”- Максим Горькийн хэлсэн эшлэл үгнээс иш татаад л  “Дайн ба энх”, “Газар шороо” роман гэх мэтчилэн зузаан номнууд уншихыг шаарддаг байсан боловч сонирхолтой санагддаггүй байсан. Би номыг саяхнаас буюу 4, 5 жилийн өмнөөс уншиж эхэлсэн.

-Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ямар  чадварыг эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?

Эхлээд хүүхдүүд аливаа зүйлийг хүсч сурдаггүй. Тиймээс эхлээд бага зэрэг урам зориг өгч  сэдлийг нь төрүүлж суурийг нь тавьж өгөх хэрэгтэй. Харин дараа нь сурсан зүйлсээсээ итгэл  үнэмшил кайф авч эхэлдэг.

-Танай “Том Амжилт” ХХК компани  ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ? Компанийхаа түүхээс хуваалцаач?

“Том Амжилт” компани маань 2007 онд анх нэг ч компьютергүй эхэлж байлаа. Бага багаар өргөжин тэлж , хийж байгаа ажлаа улам сайжруулан  тасралтгүй, шантрахгүй, худлаа ярьж, хулгай хийхгүй, чөлөөт зах зээлийнхээ хуулиар маркетинг менежментээ зөв хийж, хэрэглэгчдийн итгэл  үнэмшлийг авч өдий зэрэгтээ  тогтвортой өргөжин тэлж томорсоор байна.  Манай компани IT мэдээлэл технологийн суурьтай боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал их сургууль, дунд сургууль, цэцэрлэг, сургалтын төв, хүүхэд багачуудад зориулсан анимэйшн  эдгээрт зориулсан программ гэх мэт.

-Та монголын анхны бүрэн хэмжээний “Мора” хүүхэлдэйн кино, “Зуузуугийн найзууд” 3D анимэйшн хүүхэлдэйн киног хийсэн. Зарим хүмүүс комик муу л гэдэг, гэтэл дэлхий дахинд комик хийгдсээр, хэвлэгдсээр, кино болсоор байна. Таны бодлоор ач холбогдол нь юу вэ?

Комик нь хүүхдийн уран сэтгэмжийг илүү сайжруулж өгдөг. Комик нь кино хийхээс илүү хялбар байдаг. Анимэйшн хийнэ гэдэг бол нүсэр ажил байдаг одоог хүртэл монголд надаас өөр 3D бүрэн хэмжээний  хүүхэлдэйн кино хийсэн  хүн  байхгүй.

-Номын сангийн салбарын хөгжилд:  IT  буюу мэдээллийн технологийн хөгжил ямар түвшинд хөгжих нь зохистой вэ? Таны бодлоор …

Номын санд очоод уламжлалт байдлаар унших сонирхолтой хүмүүс байхад  зарим нь  аудио ном унших, гар утас, таблет зэргээс  дижитал хэлбэрээр унших сонирхолтой байдаг. Тиймээс өөрт аль тохиромжтой арга барилаар унших нь зөв гэж бодож байна. Миний хувьд цаг хугацаа хэмнэдэг  болоод байгаль орчинд ээлтэй байдлаас нь аудио ном уншихыг илүүд үздэг. Ихэвчлэн   гар утсан дээр манай хөгжүүлсэн “Оdosury” апп болон монголчуудын маань хөгжүүлсэн “Mplus” аппыг байнга ашигладаг.

-Залуучууд гарааны бизнес хийхэд номын сангаас хэрэгцээтэй мэдээ мэдээллийг авах боломж нь хангалттай байдаг уу?

Гарааны бизнесийн тухай номноос хайж байгаагүй болохоор  мэдэхгүй байна.

-Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Хамгийн анх хувь хүний хөгжлийн тухай Стефен Ковигийн “Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал” номыг бүр 2 удаа уншиж байлаа. Энэ ном надад их нөлөө үзүүлсэн бөгөөд одоо ч энэхүү номны зарим зарчмуудыг баримталдаг.

-Та ямар ном бүтээсэн вэ?

Бага насны хүүхдүүдэд зориулсан үлгэрийн, зохион бичлэгийн, өгүүлбэртэй бодлогын гэхчлэн цогц номыг бүтээсэн байгаа. Түүнчлэн манай компани амжилттай яваа хүмүүсээс ярилцлага авсан “Ментор” гэж ном болоод “Нобелийн шагналтнуудын сод 33 зохиол” хэмээх номыг орчуулан гаргасан. Мөн өөрийнхөө бизнесийн замнал түүхийн тухай өгүүлсэн “Шийдэл үргэлж байдаг” номыг 6 сарын турш бичиж гаргасан байгаа.  Ном бичнэ гэдэг бол их хүнд ажил байсан ч олон хүмүүсийн тусламжтайгаар ойлгомжтой уншихад хялбар байдлаар бичсэн.

-Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Мэдээллийг  эмх цэгцтэй дэс дараалалтай системтэйгээр олж авдгаараа цаг хугацаа их хэмнэдэг.

-Өөрийгөө ном гэж дүрсэлбэл ямар төрлийн ном  вэ?

Шинжлэх ухааны ном.

-Танд номын сангийн үнэмлэх байдаг уу?

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн номын сангийн үнэмлэх байдаг.

-Бидний ярилцлага өндөрлөж байна. Та номын садан уншигч үйлчлүүлэгчдээ “Ном” гэж юуг хэлэх вэ, цөөн үгэнд багтааж хэлбэл?

Цэгцтэй мэдээ мэдээлэл.

-Бидний урилгыг хүлээн авч сайхан дурсамжаасаа хуваалцаж ярилцсанд баярлалаа.Таны ажил хөдөлмөр, бизнест өндөр амжилтыг хүсье.

 – Баярлалаа.

 

О. Долгорсүрэн