Э. Эрдэнэцэцэг: Ном бол гэрэл. Бүх зүйл эцэстээ гэрэл болдог. Гэрэл болохын төлөө л оршдог

Э. Эрдэнэцэцэг:  Ном бол гэрэл. Бүх зүйл эцэстээ гэрэл болдог. Гэрэл болохын төлөө л оршдог

Овог нэр: Энхболдын Эрдэнэцэцэг

Эрхэлж буй ажил, албан тушаал:  “Ач тусын тухай үлгэрүүд” хүүхдийн цуврал номын зохиолч

Сошиал хаяг:  Хөх цас

Групп: Зохиолч Э.Эрдэнэцэцэг (Бүтээлүүд, эргэцүүллүүд)

Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юу?

Миний анхны ном  Оросын зохиолч П.П.Ершовын “Бөгтрөгтэй морьхон”.  Зургаан настай байхад нагац ах маань бэлгэнд өгч билээ.  Би номоо тэврээд  гэрт орж ирсэн хүн бүрийг уншаад өгөөч гэж гуйгаад уншуулсаар үг үсэггүй цээжилсэн дээ.  Номонд их хорхойсдог хүүхэд байсан. Сурагч ах эгч нарынхаа номуудыг гуйж аваад зургийг нь үзээд өөрөө өөртэйгээ яриад, уншиж байна гээд мөрөөдөөд суудаг сөөсгөр охин байлаа.  Тэгсээр 1-р ангидаа орсон ч харамсалтай нь үсгээ дөнгөж сурч байхдаа хүндээр өвдөж эмнэлэгт 2 жил болсон. Эмнэлэгт сахиураар суух ааваараа, бас тариа хийхээр орж ирсэн сувилагч эгчээр  үсэг заалган уншиж сурсан.  Уншиж сурсан анхны   ном гэвэл  агуу Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу” байсан. Аавын минь сахиур хийж суухдаа эмнэлэгт уншиж байсан ном нь тэр байж таарсан л даа. Бусад хүүхдүүд “Аав үхрээ хураав. Хүү өөрөө үхрээ хураа” гэж уншиж сурч байхад би бүүр сүрдмээр бүтээл дээр үсэглэж хэвтсэн  байна шүү дээ.  Ингээд  уншиж сурсан цагаас сумын маань номын санч эгч үүргэвчээр ном зөөж надад өгдөг байлаа.  Би өвчнөөсөө болоод хөдөлгөөн хориотой. Байнга орондоо хэвтэж байна.  Уйдсан намайг номын ертөнцөд их зөв залж өгсөн хүн аав, ээж бас номын санч эгч байсан. Санаанаас гардаггүй нэг дурсамж гэвэл: Номын санч эгч нэг их шуургатай хавар ногоон үүргэвчээр надад ном зөөж ирсэн тэр зураглал. Саатай алчуураараа нүүрээ битүү боосоор бүүр нэг дайн дундуур чухал даалгавар биелүүлж яваа цэрэг шиг л орж ирж билээ.  Тэгээд үүргэвчнээсээ Л.Түдэв гуайн “Үл ажиглагдах онцгой учирлууд” гээд номыг өгсөн нь нүдийг минь нээсэн гэж боддог.

Бага байхад тань хүсдэг байсан мэргэжил одоогийн эрхэлж байгаа ажил мэргэжилтэй тань хэр таарч байна.

Багадаа сэтгүүлч болно гэж мөрөөдсөөр ярьсаар сэтгүүлч болсон. МУИС-ын МХСС-ыг 2009 онд Сэтгүүлч, Утга зохиол судлаач мэргэжлээр төгсөөд ТВ5 телевизэд мэргэжлээрээ ажиллаад Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан болсон сайхан үе бий. Амьдралын шаардлагаар мэргэжлээ солиод одоо “Самсара гэр бүлийн йогийн төв”-ийг үүсгэн байгуулаад  хувийн бизнесээ хийгээд амжилттай ажиллаж байна. Хэдийгээр мэргэжлээрээ дагнан ажиллаагүй байгаа ч мэргэжил минь цаг ямагт надтай хамт байгааг мэдэрдэг. 2018 оноос хүүхдийн зохиолын төсөл дээр ажиллаж одоо 9-н цуврал номын зохиолчоор ажиллаж Монголынхоо өв соёл, түүх, уламжлал, хэл найруулгыг багачуудад таниулж байгаадаа баяртай байна. Бас “Намрын шүүрс”, “Хорин нэгдүгээр гудамжны хөх цас” гэсэн яруу найргийн номууд, “Эгэл амьдралын зам” хөрөг бүтээл бичиж хэвлүүлсэн байна.

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Ном унших дадал суусан  маань аавын гэрийн жижигхэн номын сангаас эхлэлтэй.  Социализмын үед айл бүр  гэртээ номын сантай, номоор гоёдог байсан шүү дээ. Тэр жишгээр аав маань өөрөө уншихгүй ч ном их цуглуулна. Ховор сайхан номууд зөндөө. Гол нь аав номоо орж гарсан хүн аваад явчих вий гээд дангинатал цоожилчихдог.  Нэг их гоё номууд шкафны шилэн хаалганы цаанаас харагдана . Би ч яах вэ сүрхий том номуудаар үсэглэж сурсан хүн чинь аваад уншчихмаар санагдана. Тэгээд шилэн хаалганых нь хадаасыг сугалаад шилийг нь эвтэйхэн мултлаад аавын амь шигээ хайртай номуудыг нь нэг нэгээр нь аваад  уншина даа. Ингээд аавынхаа номын санд хулгайгаар жаргасаар ном унших дадалтай болсон байх аа. Тэр дадлаараа одоо ч ном цуглуулна. Номоо нандигнана. Гэртээ аавынхаас хэд дахин том номын шүүгээтэй ч болсон. Одоо тэр хуучин  номын сан болох жижиг модон шүүгээ аавын амбаарт алх, хадаасны тавиур болсон харагдана лээ. Харин миний ертөнц болдог байсан тэр номууд хаашаа ч юм алга болсон байна. Ном бүр өөрийн замналтай. Хэрэгтэй хүндээ хэрэгтэй газраа тэд амьдарч л байгаа байх.

Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?

Расуль Гамзатовын “Миний Дагестан”. Одоо ч унших дуртай. Эгэл амьдрал өөрөө эгэлгүй гайхамшиг болохыг таниулснаараа миний амьдралд хамгийн их нөлөөлсөн бүтээл гэж боддог.

Зохиолын сэдвээ хэрхэн олдог вэ?

Ер нь энэ талаар бодож байгаагүй юм байна шүү. Шүлгийн сэдвээ хайж явдаггүй.  Тэд өөрсдөө нисч ирдэг байх. Харин хүүхдийн номынхоо сэдэв, агуулга, зохиомжийг хүүхэд насныхаа амьдралаас олдог. Багадаа хөдөө, уламжлалтайгаа ойр өссөн минь эрдэнэсийн авдар минь болж байна. Ээж минь  үгийг цэгцтэй, сонин зэвүүн үзэгдлийг амьдралаас анзаардаг билэг авьяастай хүн бий. Тэгээд анзаарснаа надад ярина. Тэр тэгж билээ, энэ ингэж билээ гээд хүмүүсийн яриа, байдлыг уран зохиолын гол дүрийг дүрслэх шиг ургуулж ярина. Түүнийг нь сонссоор, гайхсаар, дагаж юмыг ажигласаар зохиолч болсон байх аа.  Хүүхдийн зохиол оролдоход хамгийн их нөлөөлсөн хүн бол миний хүү. Их мэдрэмжтэй хүү. Хүүгийн минь асуулт бүр зохиолын сэдэв шиг байдаг. Хүүгийнхээ асуултад хөтлөгдөж явсаар нэгэн гайхамшигтай хаалгаар орсон минь хүүхдийн зохиол гэдэг өнгөлөг, гэгээн орчин байсан даа.

Та хэдэн настайгаасаа зохиол бичиж эхлэв? Анхны зохиол тань…

Сурагч байхдаа шүлэг бичээд аймгийнхаа “Хүрэл тулга” наадамд оролцоно. Түрүүлнэ, удаална. Тэмцээн бүрт ээж маань өөрөө оролцох гэж байгаа юм шиг хөөр хөл болон бэлдэнэ. Дагаж явна, хөөрхөн ш дээ. Тэр үед л анхныхаа бүтээлийг бичиж байсан байх даа. Сум нэгдсэн цахилгаангүй. Гэртээ лаа бариад шөнөжин л агуу зохиолч шиг бодол болж янз бүрийн юм бичээд суудаг байсан. Инээдтэй шүү. Өөрийгөө бол суут яруу найрагч л гэж боддог байсан шиг байгаа юм. Бас ээж минь нэгэн хөөрхөн цоожтой тэмдэглэлийн дэвтэр надад бэлэглэснийг нууцаа бичдэг орон зайгаа болгосон. Энэ тэмдэглэлүүдийн зарим нь өгүүллэг болоод анхны номонд маань хэвлэгдээд амжсан байна. Ингэж сэтгэл хөдлөл мэдрэмжээ бичих болсон  зуршил маань одоо ч надад маш том ач тусаа өгч байна.  Сэтгэл зүйгээ эмнэх, уужрах, амьдралд дурлах шалтгаан болсоор байна шүү дээ. Тэмдэглэл хөтлөх үнэхээр сайхан зүйл.

Та өдий хүртэл хичнээн уран бүтээл туурвиж байна вэ?

Яруу найргийн 2 ном, үргэлжилсэн үгийн 1 ном, хүүхдийн 9 ном бүтээжээ.  Хамгийн сүүлд хүүхдийн цуврал номынхоо нэгэн дэвтэр  “Сэргэлэн хүү Бат” гээд Бат хааны тухай зохиол бичсэн. Одоо бол шүлгийн шинэ номоо өлгийднө дөө гээд сууж байна. Удахгүй хэвлэлтэд өгнө өө.

Сүүлд уншиж буй номоосоо хуваалцаач ?

Одоо Г.Аюурзана зохиолчийн “Зэн-Буддизм: Амьдралаас ангижрахуй” номыг уншиж байна. Ер нь бүх үзэгдэл явж явж буддизмд очиж тулаад байгаа юм шиг санагдаад бурхны номыг өөрийнхөө хэмжээнд уншиж, эргэцүүлсэн өдөр хоногуудтай амьдарч байна.

Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

            Өөртөө ойртуулаад тавьсан байгаа  ном гэвэл “Очир огтлогч” .

Таны ширээний ном?

Буддизмийн тухай бүтээлүүдээр ширээний номоо хийж байгаа гэвэл арай хэтэрхий сонин хариулт болчих юм болов уу?

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Би яалт ч үгүй нэрд гараагүй гэхдээ задгай авьяастай, дорнын залуу шүлэгчийн засаж редакторлаагүй шүлгийн ном байх байсан.

Унших дуртай зохиолч

Зохиолч Л.Өлзийтөгс

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Монголын 3 номын сангийн  үнэмлэх байгаа.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Хамгийн хайртай зохиолын баатар гэвэл Л.Түдэв “Үл ажиглагдах онцгой учирлууд” бүтээлийн Боролзой хүү. Одоо хүртэл багадаа уншсан тэр зохиолынхоо хүүг бодож зүрх шимширсээр байдаг.  Мөн яруу найрагч А.Эрдэнэ-Очир ахынхаа “Голын тохойд” шүлгийн би баатарт, түүний яруусалд, гэнэн гэгээн долгисолд  нь үргэлж хайртай.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Миний бодлоор ном бол гэрэл. Бүх зүйл эцэстээ гэрэл л болдог. Гэрэл болохын төлөө л бүх  зүйл оршдог шүү дээ.

                                                                                                Ярилцсан: И.Энхтуяа

 

Vandan Tuvshintogtoh