Ном бол дотоод ертөнцийг аюулаас аврах, бодлыг цэгцлэх эм…

Ном бол дотоод ертөнцийг аюулаас аврах, бодлыг цэгцлэх эм…

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Сайн байна уу? Баярлалаа.

Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юү?

Бага байхад эмээ маань олон үлгэрийн ном авчирч өгдөг байсан юм гэхдээ Англи,Орос хэл дээр байдаг байсан болохоор уншиж чадахгүй ч гэсэн зургийг нь хараад өөртөө үлгэр зохиож ярьдаг байлаа. Хамгийн анхны шимтэн уншсан ном маань 8 настай байхдаа Сүүлэнхүүд тохиолдсон адал явдал гэх номыг уйгагүй шимтэн уншиж дуусгаж байснаа ерөөсөө мартдаггүй юм.

Та ямар мэргэжлээр сурч төгссөн бэ?

Санжжав докторын нэрэмжит сэтгэл судлалын Энх-Орчлон дээд сургуулийг 2017 онд Хүүхдийн сэтгэл зүйч мэргэжлээр сурч төгссөн.

Таны хүүхэд  насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Хүүхэд байхдаа дандаа хүн баярлуулна гэж мөрөөддөг байсан юм. Тэгэхээр тийм гэж хэлж болох байх.

Яагаад та энэ мэргэжлийг сонгосон учир

9-р ангид байхад ээж маань миний охин үргэлж бусдын учрыг олох гэж бусдад туслах гэж их хичээх юм. Ээж нь бодохдоо Сэтгэл зүйч мэргэжилтэй болбол миний охинд таалагдах байх гээд санал тавьж байсан. Ээжийн маань санал надад их таалагдсан болохоор энэ мэргэжлийн тухай сонирхож, судлаж дурлаж эхэлсэн дээ. Магадгүй миний давуу тал хүнд туслах, бусдыг гэдэг сэтгэл байсан учир сонгосон байх.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

8 настай байхдаа зохиолч Ч.Арьяасүрэнгийн Сүүлэнхүүд тохиолдсон адал явдал гэх номыг уншиж байсан.

Арван жилд байхдаа хэр номын сангаар үйлчлүүлдэг хүүхэд байв  дурсамжаа хуваалцахгүй юу?

Номын санч эгчтэйгээ их дотно байсан. Зарим үед ганцаараа чимээгүй байхыг хүссэн үедээ ном унших дуртай байсан юм. Дараа нь Дархан-Уул аймгийн хүүхдийн номын санд карт нээлгээд ЕБС төгсөх хүртлээ үйлчлүүлсэн. Хүүхдийн номын санд байдаг цуврал номнууд, өсвөр насны хүүхдийн адал явдал хайр дурлалын тухай номнуудыг уншиад найзууддаа ярьж өгөх их дуртай байсан.

Та ном бичих сэдэл/мотивацаа яаж олдог бэ?

Одоогоор ном хэвлэж гаргаагүй байгаа хэдий ч “Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан харилцааны арга зүй” сэдэвт ном гаргах гээд судалгааны ажлаа хийж байна. Нийгэмд өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлыг хүн бүр анхааралдаа авч байгаа хэдий ч аав ээж нар маань яаж харилцах, хэрхэн хүүхдээ чиглүүлэхээ мэдэхгүй байгаа нь энэ тухай ном гаргах санааг өгч байсан.

Таны амьдралыг болон  хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” роман. Яг өсвөр насны охин өөрийгөө ойлгохгүй, оршихуйн хямралд орсон хэцүү үед уншиж байсан юм. Эрдэнээс  хүн хүсвэл ямар ч цаг хугацаанд эрдмийг ямар ч нөхцөлд сурч болдог, өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч байх гээд олон зүйлийг сурч мэдэж авч байсан даа.

Та номыг хэрхэн уншдаг вэ?

Өглөө ном унших дуртай, эсвэл бүр шөнө. Яг л ганцаараа байхдаа уншиж төвлөрдөг дөө.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?               

Дамбын Төрбат “Үүд тогших зүүд” гэх роман Проф.Др.Адам Прайс “Таны хүү залхуу биш” гэх номнуудыг уншиж байгаа.

Таны ширээний ном?

Мэргэжлийн номнууд маань л байдаг даа. Ш.Батболд “Сэтгэл судлалын сонгодгууд”, МУБИС Сэтгэл судлал тэнхим “Сэтгэл судлал” хажуудаа байлгаж нээж харах дуртай номнууд маань.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Ц.Оюунгэрэл “Ногоон нүдэн лам” романы Сэндмаа юм уу даа.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Зөөлөн сандал дээр шигдэж суугаад унших хамгийн тухтай байдаг даа.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Түүхэн романыг удаан удаан уншиж бодлоо цэгцэлдэг. Заримдаа сонирхолтой санагдсан номоо маш хурдан уншаад дуусгасан байдаг. Нэгэн зэрэг хоёр  өөр төрлийн утга агуулгатай ном эхлүүлээд аль нь илүү үр өгөөжтэй байсныг нь түрүүлээд уншаад дуусгасан байдаг. Ер нь л амьдралын хэв маяг өөрчилөгдөх тусам ном унших арга барил хүртэл солигдоод өөрчилөгддөг юм байна.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Өсвөр насны хүүхдүүдэд хэн нэгэнтэй харилцаж чадахгүй хэцүү үе тулгардаг яг тэр үедээ өсвөр насны хүүхдэд зориулсан уран зохиолын адал явдалтай номыг уншиж, сэтгэл гутралаас өөрийгөө хамгаалаарай гэж хэлье даа.

И ЖИ СОН “Дээврийн өрөөн дэх миний мөрөөдөл”. Өсвөр насны сүүл үе буюу 16-18 нас хүртэл хүүхдүүд хэтэрхий бодитоор хардаг болчихсон байдаг. 8 настай байсан үеээ 17 настайгаа харьцуулаарай гэвэл илүү бодит сэтгэхүйтэй асуудлыг хөнгөн шийдвэрлэж чадахгүй болчихсон байдаг нь мөрөөдлөөсөө холдчихсон байгаагын илрэл. Хүн ер нь хэзээ ч мөрөөдлөө орхиж зогсоож болохгүй гэж өсвөр насны дүү нартаа захимаар байна.

Таны хувьд ном уншдаг хүн гэж яг ямар хүнийг хэлдэг бол?

Ном бол хэн нэгэн хүнтэй тухтай суугаад хуучилж буй мэт мэдрэмж,мэдээллийг өгдөг зүйл. Тэгэхээр бусдын ертөнцөөр аялах дуртай хүн бол заавал ном уншдаг гэж бодож байна.Бусдын ертөнцөөр чимээгүй аялах дуртай хүмүүсийг хэлэх байх.

Өөрийгөө ном гэж дүрсэлвэл та ямар төрлийн ном бэ?

Философи, түүхийн ном байх байсан байх.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Үл ухамсар буюу дотоод хүнээ нээж,хөгжүүлж тэжээх нь ном уншихын утга учир гэж бодож байна. Номын үнэт зүйл бол үргэлж өгдөгт байдаг болов уу? Үр өгөөжгүй ном гэж үгүй шүү дээ.

Унших дуртай зохиолч?

Л.Өлзийтөгс, Б.Шүүдэрцэцэг, Л.Түдэв, Анна Быкова, Ш.Батболд, Дэлгэрмэнд

Уншихыг төлөвлөж буй ном?

Ш.Батболд “Амьдралын философи” гэх номыг уншихаар төлөвлөж байна.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Одоо бол номын сангын үнэмлэх байхгүй юм байна. Номын санд очиж ном уншаагүй 3 жил болсон байна.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ном гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Ном бол дотоод ертөнцийг аюулаас аврах, бодлыг цэгцлэх эм. Ном уншихгүй удвал бодол хоосорч, хаашаа яваа, яг одоо ямар үзэл бодол давамгайлж байгаа, ерөнхий “БИ”  хэн байх ёстой гэдгээ мартаж ирдэг.

Ном унших нь сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах бас нэгэн арга юм. Мөн сэтгэл зүйн боловсролтой болоход ном хүн бүхэнд маш их туслана.

Танд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

Маш их баярлалаа.

 

Munkhzul.B