Нэг л мэдэхэд “Амьдралд бэлэн үү?- гийн Дулам гэж дуудуулдаг болсон байсан…

Нэг л мэдэхэд “Амьдралд бэлэн үү?- гийн Дулам гэж дуудуулдаг болсон байсан…

Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач

Сайн байцгаана уу? Намайг Б.Дулам гэдэг. Философи, олон улсын харилцаа мэргэжилтэй. Философич мэргэжлийнхээ дагуу ном зохиол бичээд, одоогоор 4 ном бичиж гаргасан байна.

Анх 2019 онд Амьдралд бэлэн үү? төсөл эхлүүлээд “Амьдралд бэлэн үү? Охин үр минь..”, “Амьдралд бэлэн үү? Хүү минь..”, “Амьдралд бэлэн үү? Хайрт минь..” гэсэн 3 цуврал ном бичсэн. Тэр үеэс хойш хүмүүст Амьдралд бэлэн үү-гийн Дулам гэж дуудуулдаг болсон байсан ккк.

Энэ 3 цуврал ном маань өсвөр насны охид, хөвгүүд, хосууд болон залуу ээж, залуу аав нарт зориулагдан захидал хэлбэрээр бичигдсэнээрээ онцлог.

Ингээд энэ оны буюу 2023 оны 3-р сард “Хайр өөрөө БИ..” нэртэй номоо гаргасан. “Хайр өөрөө БИ..” ном бол хувь хүн илүү өөр лүүгээ чиглэсэн, өөртэйгөө танилцсан, өөртэйгөө уулзсан, “Би гэж яг хэн юм бэ?” гэх асуултын хариултыг үйл явдлын дараалалтайгаар өөрийнхөө СЭТГЭЛ, БОДОЛД эрэл хайгуул хийж буй байдлаар бичигдсэнээрээ илүү сонирхолтой болов уу гэж бодож байгаа.    

Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Одоо л би яг таарч байна даа гэж бодож, өөрийгөө хүлээн зөвшөөрч эхэлж байгаа ккк.

Үнэндээ бол хүүхэд байхдаа би яг тийм хүн болно гэсэн тодорхой мөрөөдөл байгаагүй юм билээ. Яахав багаасаа хятад хэл сурч байсан болохоор хэлээ маш сайн сурна, тэгээд хятадын ямар нэгэн том компанид ажиллана л гэж боддог байсан. Тэгсэн хэрнээ ном унших дуртай, юмсын учир зангилааг нь заавал олж мэдэхийг эрмэлздэг хүүхэд байсан. Анх 11-р ангид философийн үндсэн ойлголтууд гээд 40 минутын хичээл орж байсан. Тэр хичээлийн дараа миний толгой маш их өвддөг, тэр хичээл дээр багшийн ярьсан зүйлсийг ЯАГААД юм бол гэж үргэлжлүүлэн бодсоор байдаг байсан. Магадгүй энэ нь миний мэргэжил сонголт, миний сонирхолд илүү нөлөөлсөн болов уу гэж боддог.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

   Цагаан толгойн л ном байх даа ккк. Сургуульд ороогүй байхдаа эгчийн цагаан толгойн номыг аваад өвөөгөөс мэдэхгүй үсэгнүүдээ асууж байгаад үсэглэж уншаад өвөөдөө их магтуулдаг байсан. Сургуульд орохдоо бараг бүх үсгээ сурчихсан байсан. 

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Би 10 жилд байхдаа хувь хүний хөгжлийн тухай номууд их уншдаг байсан. Хэрхэн амжилтанд хүрэх вэ?, Хэрхэн мөнгөтэй болох вэ?, Хэрхэн өөрийгөө бусдаас илүү гэдгийг мэдрэх вэ? ч юм уу, иймэрхүү төрлийн номууд тухайн үед угаасаа ч маш олон төрлөөр гардаг байсан ш дээ. Тэр бүхнийг уншдаг байсан.

Тэгээд яг ийм төрлийн 3,4 ном уншсаны дараа “Өө энэ олон номын хэлэх гээд байгаа санаа нь эцсийн дүндээ яг адилхан юм байна ш дээ. Хүн өөрөө л өөрийнхөө чадвар, амьдралын хэв маягт тохируулаад хичээх хэрэгтэй юм байна, хөдөлмөрлөх хэрэгтэй юм байна” гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тэр үеэс хойш дахиад ийм төрлийн ном уншихаа больсон юм даа ккк. Харин дараа нь хэд хэдэн уран зохиол, философийн ном уншиж, харьцуулж, эргэцүүлдэг болсон.  

Таны ширээний ном

За яг үнэнийг хэлэхэд миний өөрийн бичсэн анхны ном “Амьдралд бэлэн үү? Охин үр минь..”. Би одоо ч сэтгэлээр унах үедээ, өөртөө мотивац авмаар санагдсан үедээ энэ номоо энд тэндээс нь уншсаар байдаг ккк. Хүн хэдий насанд хүрсэн ч эцэг эхийнхээ охин үр, хүү нь хэвээр байдаг шүү дээ. Хэдий насанд хүрсэн ч заримдаа хүүхэдтэй адилхан үйлдэл хийх тохиолдол олон байдаг тэ? Үүнтэй л адилхан ккк.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Яг одоо би ямар ч ном уншаагүй байгаа. Яагаад гэхээр ойрын хугацаанд би “Амьдралд бэлэн үү? Охин үр минь 2..” буюу энэ номныхоо хоёрдугаар хэсгийг бичиж байгаа. Би өөрөө ном бичиж байхдаа өөр ном уншихаар бичиглэл маань уншиж байгаа номтойгоо адилхан болчих гээд байдаг асуудалтай.

Номыг хаана уншвал тав тухтай санагддаг вэ?

Миний хувьд уншиж байгаа номоосоо шалтгаалах байх. Үйл явдал, үг хэллэг нь ойлгомжтой шууд уншигдаад байдаг номыг бол хажууд хүмүүс хашхирч байсан ч уншчих байх. Номын дэлгүүрт ороод эхний хэдэн хуудсыг гүйлгээд уншихад л яг мэдэгддэг дээ. Уншигдаад байдаг номыг тэндээ зогсож байгаад бараг 10,20 хуудас дуусгачихсан байдаг шд ккк.

Гэхдээ мэдээж нээх гоё гэрээ цэвэрлэчихээд, нээх гоё хоол хийж идчихээд өөртөө цаг гаргаад тухтай суугаад унших хамгийн сайхан даа.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

 Би бол ном уншихдаа хамгийн түрүүнд гарчгийг нь хардаг. Үйл явдлын дараалалгүй номыг бол өөрийнхөө дуртай гарчигнаас эхэлнэ, уран зохиолын номыг бол сэдэв сэдвээр багцлан уншвал их амар санагддаг. 

Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ямар ямар чадварыг эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?

Шууд л энийг хий, тэрийг хий гэхээсээ илүү хичээл хийснээр, энэ зүйлд суралцсанаар ямар ач холбогдолтой вэ? гэдгийг нь эхлээд тайлбарлаж хэлэх хэрэгтэй байх гэж боддог. Эцэг эхчүүд бид бүгдээрээ хүүхдээ “Сайн хүн л болгох юм шүү” гэдэг ч үнэндээ өөрсдөө ч мэдэхгүй үүнийхээ эсрэг зүйлийг хийгээд байдаг юм шиг.

Тэгэхээр хүүхэддээ ямар чадвар эзэмшүүлэх хэрэгтэй вэ гэдгээ мэдэхийн тулд эхлээд хүүхэд тань ямар чадвартай байгааг, юуг хамгийн сайн хийж чадаж байгааг эхлээд анзаараарай. Тэрний дараа хүүхдээрээ юу хийлгэх үгүйгээ эцэг эхчүүд өөрсдөө ойлгоод ирнэ.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

За яг тэр ном шүү гэж хэлэхэд жаахан хүнд байна. Надад таалагдсан ном бусад хүнд таалагдахгүй байж болно шүү дээ. Өөрийнхөө дуртай, сонирхож байгаа номоо л зоригтойгоор эхлүүлээд уншаарай гэж хэлмээр байна. Нэг айхтар үг байдаг ш дээ. “Муу ном гэж байдаггүй. Муу уншигч л гэж байдаг” гээд ккк. Тэгээд бас хүн ямар цаг үед ямар ном унших нь, түүнийгээ хэрхэн ойлгож, өөртөө урам зориг ухаарал болгож авч байгаа нь өөр өөр байдаг шүү.

Уншихыг төлөвлөж буй ном?

Агнистын гэгээг эхлүүлсэн байгаа. Тэрийгээ л дуусгана даа.

Унших дуртай зохиолч?

Яг нэг зохиолчийг дагнадаггүй. Гадна дотны олон зохиолчийн номуудаас өөрт тохирохыг л сонгодог доо.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

 Уучлаарай, байхгүй юм байна ккк.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Хэсэг хугацаанд ч гэсэн бодит ертөнцөөс тасарч, яг тэр уншиж байгаа зүйлдээ гүн орох нь сайхан. Бас ертөнцийн юмс үзэгдлийг арай өөр өнцгөөс харах боломж олгодог доо.

Баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.

 

Munkhzul.B