Р.Отгонбаатар: Багшгүй шавийн ном үзэх нь худал

Р.Отгонбаатар: Багшгүй шавийн ном үзэх нь худал

Иргэншил

Монгол

Овог нэр.

Онход овгийн Р.Отгонбаатар

Яг одоогоор эрхэлж байгаа ажил, албан тушаал

ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан.

Танд Social хуудас бий юу?

Байхгүй ээ. Би тийм боловсон хүн биш, хоцрогдсон хүн.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Өө мэдэхгүй. Мартсан байна. Бодоход бүр бага сургуульд ороод тэр үед хэвлэгдэж байсан, шинэ үсгээр бичсэн, зурагтай хүүхдийн далбагар номууд гарч байсан. Тэднээс л уншиж байсан байх. Алтан загасны үлгэр, Муурын байшин ч байсан юм уу даа.

Эрдэм номын амьдралд хөл тавихад, хувь хүнийг тань өөрчлөхөд нөлөө үзүүлсэн ямар ном байна вэ?

Манай аавын хайртай “Оюун сэтгэлт ноёны тууж” гэж гар бичмэл судар бий. Одоо ч надад байгаа. Тэр ном байж магадгүй. Яагаад гэвэл манай аав сар жил болгон ч биш байхаа түүнээс хааяа уншиж өгдөг байсан. Би өөрөө ч ухаарсан юм биш. Сүүлд олон дахин хуулж бичиж байж ухаарсан хэрэг, 1990-ээд оны үес Цог сэтгүүлд хэвлүүлж байсан удаатай.

Яг одоогоор таны ширээний ном.

Яг тэгэж нэрлэхээр ном байхгүй дээ. Гарын дор хэдэн толь бичгүүд, ялангуяа Монгол бичгийн зөв бичих, дуудах ёсны толиуд юм уу, Төвд- Монгол, Монгол-Төвд, Хятад-Монгол, Монгол-Хятад гэх мэтийн толиуд нэлээд бий. Лавлагааны лам нарын сүмбүм, Монголын төвд судрын барын гарчиг гээд хэдэн ном байдаг. Энэ хэдэн номоо сууж байгаад авч үзэхэд ойрхон байдлаар байрлуулсан байдаг. Хүмүүсийг дууриаж ширээний ном гэж нэрлэ гэвэл Шагж гуайн толь бичгийг ширээний ном гэж нэрлэж болно. Энэ ном, Монгол үгийг ухаарахад товч тайлбарууд нь их тус болсон. Гэхдээ энэ толь хэд хэдэн янз бий. Монгол үсгийн дүрмийн толь, хураангуй дэлгэрэнгүй хоёр зүйл, Монгол үгний тайлбар толь гэж бий. Эдгээрээс Монгол үсгийн дүрмийн толь гэдэг томоохныг нь би олон жил голлон ашиглаж байна. Оюутан байхдаа олж аваад эхнээсээ нэг хэвлэлийн хуудас шахуу дутуу байсныг нь гараараа нөхөж бичээд одоо болтол ашиглаж байна. Надад хамгийн их тус болсон ном гэж үүнийг хэлж болно.

Бие дааж ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Бие дааж бүтээсэн ном гэвэл эх бичгийг галигласан, оршил, судалгаа бичсэн ганц хоёр ном бий. Зарим нь угаасаа худалдаанд гараагүй цөөн хувиар нийтэлсэн тул их ховорджээ. Зарим ганц нэг номын дэлгүүрт бий байх. Хорь гаран жилийн өмнө Токиод “Монгол модон барын номын эх гарчиг” гэдэг номыг Буриад, Халх Монгол, Өвөр Монголын гээд залгаа гурван Монголынхоо нэг нэг хийдийн нэг нэг том ламын бүтээсэн ном судруудын барын гарчгийг монгол, төвд бичгээр нь мөргүүлээд нэг ном хийсэн. Тэр бол миний бие дааж бүтээсэн томоохон ажлын нэг. Сүүлд нь “Дөрвөлжин үсгийн дөрвөн зүйл” гээд ном хийсэн. Итгэл гээд олон газрын бар бичмэл номыг баримттай, эвлүүлсэн авсаархан ном гаргасан. “Монгол үсэг бичгийн дээж” хэмээн монголоороо нэрлэсэн. Оросоор бол “Умард Монголын үсэг бичгийн жишээ” гэсэн орос, монгол хоёр хэлээр овоо том номыг багшийнхаа охинтой хамтарч Москвад хэвлүүлсэн. Хамтарч хийсэн ажил дотроос энэ бол том ажил болно. Хамаг судар, материал нь надаас гарсан. Мөн багшийн ном бүтээл, цуглуулсан судрын гарчиг зэргийг хүмүүстэй хамтран хэвлүүлсэн.

Яг одоо ямар ном, судар уншиж байгаа вэ?

Бүх насаараа л Бурхны ном унших буянтай ажил хийж байна даа. Тэр нь сүсэгтэн, хувраг хүний уншлагын журмаар уншдаг ном биш ээ. Судалгааны хүний маягаар үзээд, хэвлэлийн түүх, үсэг бичгийн түүх чиглэлийн номууд дээр л ажиллаж байна даа. Ер нь энэ чиглэлээр ажилладаг, цуглуулдаг. Шинэ хуучин энэ мэт судар, судалгааны номуудынхаа дунд л эргэлдэж байна.

Номыг хаана уншвал илүү тав тухтай, үр бүтээлтэй санагддаг вэ? Ямар орчинд уншвал?

Ном бол эзэндээ тохирсон орчинд л сайн байх. Миний хувьд сургууль, номын сан, гэр гэх мэт чимээгүй, гаднын нөлөөгүй газар бол зүгээр санагддаг. Хүний ажил амьдрал гол төлөв гэртээ л байх учраас би гэртээ, номын өрөөндөө л ихэвчлэн үзэж суудаг.

Ном унших арга барил, техникээсээ хуваалцахгүй юу. Олон ном зэрэг уншдаг уу? Яаж уншдаг вэ?

Ном унших арга янз янз. Хүн хүнд тохирох тохирохгүй байж магадгүй. Дээр үеийн хөгшчүүл “наян хасаг тэрэг ном уншсан хүн” гэж ярьдаг байсан. Түүн шиг биш боловч наян хасаг тэрэг номыг задалж хавтсыг нь харсан хүнд орно. Тийм учраас хэдэн үг хэлж болно оо. Эхлээд таарсан номыг эргүүлж тойруулаад гүймэгхэн нэг үзнэ. Чухал ном бол бараг үсэг дараалан уншина. Дахин дахин уншина. Зарим номыг тэгсхийгээд орхичихно. Эрдэм шинжилгээний хүнд зарим ном бүхэлдээ хэрэгтэй, зарим номоос ганц үг хэрэг болох удаа байна. Тийм учраас тэгж, ингэж гэж хүнд хэлэхэд тохиромжгүй байж магадгүй. Ерөнхийдөө номын ажил хийх, номоос үр шимийг нь хүртэх гэсэн залуус бол өөрт тохирсон сайн аргатай үзвэл хожим хэрэгтэй.

Номыг ашиглахдаа дунд нь цаас хавчуулах, орчин үед бол номонд сэв суулгадаггүй уут, өнгө өнгийн хуруу цааснуудыг ашиглавал тун зүгээр. Мөн балын харандаагаар хэрэгтэй газраа бичиж, зурж тэмдэглэх нь өөрт эргээд хэрэг болдог. Эх судар дээр бол огт тэмдэглэгээ хийж болохгүй. Харин хувилж авчихаад тэмдэглэгээ хийх өөр хэрэг. Хуулбарыг яаж ч ашиглаж болно.

Буддын гүн ухааныг сонирхдог, эрдэм шинжилгээний ажил хийхээр яваа залуучуудад ухаарал, урам зориг хайрлах ном санал болгооч. Та өөрийнхөө салбараас, үүнийг ядахдаа уншчихаасай гэсэн ном байвал нэрлэнэ үү.

Ном болгон хүн бүрт өөрт нь тохирсон санааг л өгнө дөө. Бараг цагаан толгойн үсэг, Итгэлээсээ эхлээд чамбай сурах ёстой. Дараа нь төрөл, мэргэжлийнхээ багш нар, суурь болдог номоо л барьж авах нь зүйтэй. Түүнийгээ задалж, бодож, яргаж үзэх нь хэрэгтэй байх. Буддын ухааны хувьд орчин үед бурхад, гэгээнтнүүдийн намтарчилсан юм уу эсвэл Монголын ард түмэнд өргөн дэлгэрсэн Оюунтүлхүүр шастир болон сургаалийн зохиолуудыг үзвэл бурхны шашны суурь ухаан байна. Тэднийг багшаар хөтлүүлж үзэхгүй бол болохгүй. Ноён хутагтын сургааль дотор “Багшгүй шавийн ном үзэх худал” гэж үг бий. Ялангуяа бурхны номыг лүн ван, эш авшгийг нь авсан эрдэмтэй багш нараар хөтлүүлээд нэг номон дээр олон янзаар, удаан цагаар сууж тайлбарлуулж, харгуулж үздэг, олон багш нараар нэг номыг заалгадаг янз янзын уламжлал байдаг. Ийм аргаар үзвэл бурхны номын гүнд нэвтрэх тустай болох байх.

Танд хэдэн улс, орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Нэг их олон улсын номын сангийн үнэмлэх байхгүй ээ. Гэхдээ явж байсан улс орныхоо номын сангуудад нь орж сууж байсан. Дээр үед биднийг Орос энэ тэрт явж байхад бол нэг их үнэмлэх өгдөггүй байсан. Өнгөрсөн хавар Бээжингийн номын сан, их сургуулийн номын санд очиход үнэмлэх нээлгэх шаардлагатай болсон байна билээ. Гадаадад явахдаа өөрийнхөө судалдаг чиглэлийн номуудыг харахаас нийтийн уншлагын номын сангуудаар нэг их явдаггүй.

Өөрийгөө ном, судар гэж дүрсэлбэл ямар төрлийн ном бэ?

Уран сэтгэдэг хүмүүс бол тийм ном, ийм ном гэж хэлэх байх. Тулгамдаад ийм, тийм ном гэж хэлэхэд бэрх байна.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юундаа орчдог вэ?

Өөрийнхөө аж амьдрал, зан заншил, үг хэллэгтээ хэрэгтэй юмыг тусгаж аваад, бодоод, түүнийгээ хэрэгжүүлж чадвал нэмэр тус болж байгаа нь тэр. Тэгэхлээр хүн болгон номны уран сайхан, ухааныг сурахаас гадна, ядахдаа мэддэггүй нэг үгээ тогтоогоод авах ч юм уу, аль болох өөртэй үлдэцтэй байдлаар номтой харилцах л ашигтай байх.

Цаасан ном уншиж байна уу? Цахим ном уншиж байна уу?

Цаасаар байхгүй, зайлшгүй хармаар эрдэм шинжилгээний номыг цахимаар нь харж байна. Түүнээс биш гол төлөв сурсан заншлаараа цаасан ном л уншиж байна. Цаасан хэлбэр нь илүү тогтвортой, ширээн дээрээ тавьчихад хөдлөхгүй, цахим хувилбар нь гялалзсан, гүйсэн, наашаа цаашаа урвасан, хөрвөсөн юм л байдаг. Тэр нь сурсан залуучуудад болж л байгаа байх. Бидэн шиг багаасаа цаасан номд дассан, хожим нөхөрлөсөн цахим ном нь нас ахиж яваа хүмүүст бол тийм ч наалдацтай, түшигтэй биш л юм шиг санагддаг.

Унших дуртай зохиолч хэн бэ?

Гадаад, дотоодын уран зохиол, зохиолчдыг шүтээд, уншаад байгаа юм бараг байхгүй шүү. Мэргэжлийн үүднээс бол эрдэмтэй лам нарын бүтээлүүд байна. Ноён хутагтаас авахуулаад Цахар гэвш, Дай гүүш, Халхын Алтангэрэл увш, Буриадын олон Агваанууд гээд зөндөө дөө. Тэдний зохиолууд ч сонин, орчуулсан сайчуудын үг хэл ч сонирхолтой. Миний үздэг юмны маань хүрээ ийм болохоор эднийгээ л харах юм даа. Түүнээс биш би дэлхийн алдартай тэр зохиолчийн бүх номыг нь унших сан гэх бололцоо, цаг байхгүй.

Уншихыг хүссэн, гартаа барьж үзээгүй ямар судар байна вэ?

Зөндөө бий. Одоогоос долоо, найман зуун жилийн өмнөх Монголоор гарч байсан хэд хэдэн зохиолууд байна. Зарим нь бичмэлээр, зарим нь модон бараар, дөрвөлжин үсгээр бичигдэн үлдсэн номын тасархайнууд Турфан, Дунхан, Хар хот гээд эртний хуучин судалгаа, малтлагаар гарсан номууд, тэдний бүрэн эхүүд олдоосой хэмээн хүсэн, хүлээж байгаа олон чухал ном байна. Энэ номууд гэнэтийн чанартай л гарч ирэхгүй бол бараг мэдэгдэхгүй, бараг хойшдоо ч олдохгүй болчихсон ч байж магадгүй. Хожуугийн ном гэвэл Бандид ламтан Цэвэлванчигдорж гуайн монголоор барласан номуудыг бүрэн олж үзэж чадаагүй л байна.

Уншиж байсан зохиолууд дотроос сэтгэлд тань хамгийн тод үлдсэн баатар гэх юм уу, дүрийг нэрлэнэ үү. Эерэг сэтгэгдэл үлдээсэн, хайрладаг баатар.

Янз бүрийн зохиолын баатрыг нэрлэж болно. Гэхдээ Монголын эртний уран зохиол дотор л бий дээ. Багшийн засаж, шүлэглэж үлдээсэн Жангарыг бүрэн бүтэн болгохоор ажиллаж байсан болохоор Жангар байж магадгүй, Гэсэр ч байна шүү дээ.

Баярлалаа. Таны цаашдын эрдмийн үйлсэд тань өндөр амжилт хүсье.

 

Vandan Tuvshintogtoh