Ш.Баатар: Өнгөрснийг сануулж, өөрт байхгүй мэдлэгийг хайрлаж байдаг номд ямагт талархаж явдаг

Ш.Баатар: Өнгөрснийг сануулж, өөрт байхгүй мэдлэгийг хайрлаж байдаг номд ямагт талархаж явдаг

Овог нэр: Ширчингийн Баатар

Эрхэлж буй ажил, албан тушаал: АНУ-ын Оолстэйт даатгалын компанийн МТ-гийн салбарт ахлах инженер

Сошиал хуудаснууд: https://www.facebook.com/shirchin.baatar/

Таны багадаа болохыг хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Миний хүсэл маань өнөөгийн эзэмшсэн мэргэжлээс тэрс өөр байлаа. Түүхч, хэл шинжээч болно гэж хар багаасаа сонирхсон боловч 10 дүгээр ангиа төгсөхдөө инженерийн мэргэжил сонгосон. Гэхдээ хүсэл маань талаар болсонгүй, сонирхлоо хаяагүй гүрийсээр явсан тул хожим бие дааж, Монголын түүх дэлхийн соёл иргэншил, угсаатны зүй эчнээгээр үзсээр давхар мэргэжилтэй (double major) болов. АНУ-д хүмүүс давхар мэргэжилтэй байх нь түгээмэл зүйл болно. Би бас өөрийгөө азтай нэгэн гэж бодож явдаг. Америкийн зүүн эрэгт амьдрахад хоёр алдартай их сургуулиар дамжиж, баруун эрэгт нүүж ирэхдээ бас хоёр алдартай их сургуулийн хаяанд буусан нь их тус дэм боллоо.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Бүр сайн санахгүй байна. “Баавгайтай чихэр” гэдэг хүүхдийн ном анх уншсан санагдана. Харин уран зохиолын номоос бол Жангар туульс бас Б.Ринчен гуайн “Заан залуудай”, “Их нүүдэл” романыг уншсан. Дунд сургуульд байхдаа нэг хэсэг Жангараар өвчилж, Дүгэрсүрэн гуайн халимгаас буулгасан хөх хавтаст Жангарыг бараг тэвэрч унтаж, хэсэгчлэн цээжилдэг байсан санагдана. Ам дамжсан Хатанбүүвэй баатрын домгийг мөн их ярьдаг байж дээ.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Николай Осторовскийн “Болд хэрхэн хатаагдсан нь”, Расул Гамзатовын “Миний Дагестан”, Даниэл Гранингийн “Аянга сөрсөн нь” зэрэг романууд гэж би боддог. Амьд байхын үнэ цэнэ, зовлон туулахын хатан зоригийг “Болд хэрхэн хатаагдсан нь” романы Павел Корчингонаас сурахыг чармайж, өв соёл, үүх түүхээ хэрхэн дээдэлж болдгийг Гарсул Гамзазатовоос сурч, зорьсон зорилгодоо хэрхэн хүрдгийг Даниэл Гарнингаас мэдэж авч явлаа.

Таны ширээний ном?

Хураалгаатай олон ном байна. Түүн дотроос нэгийг онцгойлон хэлье. Хуучны ЗХУ-ын “Библиотека всемирной литературы” цувралаар гарсан. М. Горькийн 3 боть миний дэрний хажууд тавиатай байдаг. Хүмүүнлэгийн зохиолч Горькийг унших их дуртай. Миний насан туршдаа суралцах ундарга сайтай булаг болсон түүний зохиолоос хүний амьдралын жинхэнэ мөн чанар, үнэр ханхалдаг тул хааяа харахад сайхан байдаг. Би их сонин хүн юм уу даа, орос ном л уншаад байдаг талтай. Энэ сонин зуршил бол хүний залуу насанд тогтсон дэг журамтай шууд холбоотой зүйл байх аа.

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Хөх нуурын хошууд удмын дээд монгол гаралтай Ажаа гэгээнтний намтар болох “Цагийг билэгдэгч наран чөлөө” номын тэргүүн бүлгийг орчуулсан. Түүнээс өмнө “Монгол гэгээн Ажаа ринбүүчи” гэдэг бэсрэг номыг 2000 оны эхээр бичиж, Гандангийн соёлын дэлгүүрт тавьж борлуулж байлаа. Сүүлд “Миний өссөн монгол ахуй” номоо бичсэн, нэлээд олон уншигчдад хүрсэн гэж боддог. Аливаа хүн ахуйгаа дагаж өөрчлөгдөж байдаг. 40-50 жилийн тэртээ өөрийн нүдээр үзэж харсан нүүдэлчин ахуй өнөөдөр үгүй болсон тул, тухай үеийн ахуйн соёл, хэл яриаг өөрийн чадахаар хойч үедээ үлдээхийг зорьж, эмэг эхээ голлож энэхүү номоо бичсэн билээ. Одоо гараас гардаггүй хэдэн ном дуншиж байна. Хэвлээд гаргачих гэхээр чанар нь өөрийн сэтгэлд хүрэхгүй байна. Ном бол үлдэх эд тул их бодож боловсруулж, санаандаа хүрсэн цагт хэвлэн гаргах хүсэл тээж явдаг. Япончуудаас сурсан нарийн, нягт нямбайн хэвшил ч байж магад.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Өвөр Монголоос захиж авсан, Жавзаны Хоролсүрэнгийн “Алшаа халхчуулын угсаа гарал, түүх тэмдэглэл” номыг хоёр дахь удаагаа уншиж байна. Энэ номд аавын талаас зүүнтний нугалааны үед урагш дүрвэж гарсан хүмүүсийн тухай нэлээд баримт бий тул түүнийг тунгаан шүүж, бас өөрт буйтай харгуулан судалж байна. Тухай үед болоод өнгөрснийг өвөө, эмээ нараасаа дуулж сонссон бид л энэ талаар бичиж үлдээхгүй бол тэр гунигт түүх улам холдож, цаашид замхран алга болохоор шинжтэй болжээ.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Номыг гэртээ нам гүмд, болж өгвөл өглөө эрт цонхоо нээчхээд, шувуудын жиргээ сонсоод, сэтгэл тогтож нэг хоёр цаг унших сайхан байдаг. За тэгээд би гарахдаа нэг ном уншина гэж авдаг боловч гарчиглаж чадалгүй барьж явсаар гэртээ буцаад ирдэг муу зуршилтай хүн билээ. Ном барихгүй бол гар хоосон оргиод эвгүй байдаг.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Би номыг чихэр хүлхэж буй мэт их удаан уншдаг тааруухан зуршилтай, хүн суралцаад байхаар юм юмгүй маруухан хүн дээ. Уншсанаа чадвал уураг тархиндаа шингээхийг хичээдэг болоод тэр. Ойлгоогүй хэсгээ ахиад лавлаж уншдаг. Номынхоо уншсан хэсгийн агуулгыг аль болох хураангуйлж, өөрийн дүгнэлтээ нэмээд өдрийн тэмдэглэлдээ бичиж авдаг. Хурдан ном уншдаг хүнийг хэрхэн тогтоодог бол хэмээн гайхдаг билээ.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Монголын түүх соёлын түлхүүр болсон Монголын нууц товчоо, Гэсэр, Жангар гурвыг заавал уншаарай хэмээн хүсэж байна. Цаашлаад Ц.Дамдинсүрэн гуай, Б. Ринчен гуайн зохиолоос уншаарай хэмээн нэмж хэлмээр байна. Монгол хэлний яруу тансгийг мэдэрье гэвэл “Үүрийн туяа” романыг уншихдаа тухайн үеийн үзэл суртлыг гээж уншаарай. Хүн өөрийн гэсэн нэг тийм босго тогтоож авбал хожим унших ном зохиолд шүүлтүүр сайтай ханддаг, харьцуулах эх үүсвэртэй болдог юм шиг билээ.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Монгол улсын Үндэсний номын сангийн үнэмлэх одоо ч надад хадгалаатай байна. Японд сурсан тул сургуулийн маань номын сангийн үнэмлэх бий. Америкт ирээд их дээд сургуулиудын хаалгыг татаж, босгыг элээж нэлээд явсан тул Harvard University, MIT, University of California Berkleley, Stanford University зэрэг сургуулиудын номын сангийн үнэмлэх мөн үлдсэн байна. Дурдсан 3 улсын номын сангийн үнэмлэхүүд надад үлдсэн байна. Цар тахлын дараа тус сургуулиудын номын сангаар хэрэн явах болно. ЗХУ-д сурсан гэхэд надад харин орос номын сангийн үнэмлэх үлдээгүй байна. Оюутан залуу насны хайхрамжгүй зантай холбоотой байх аа.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Өөрийгөө их ганганаар дүрсэлнэ ээ. Easton Press, Frankling Library зэрэг хэвлэлийн газрын савхин хавтастай, алтан үзэг, чамин хээтэй хавтас бүхий номоор дүрслэх юм байна. Би номыг уншихдаа аль болох хамгийн чанартай сайн хэвлэлийг олохыг хичээдэг. Ингэж сайхан хэвлэсэн номыг уншиж барахгүй бол хайран юм гэсэн сэтгэлээр би ханддаг.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Цаасаар л уншдаг. Гарцаагүй шаардлагатай бус бол цахимаар унших тийм дуртай биш. Бүтэн өдөр дэлгэц ширтэж ажил хийдэг учир аль болох дэлгэцээс хол байхыг хичээдэг. Номыг барих, хуудас эргүүлэх, модны хамар цоргим үнэр авах гээд дадал болсон зуршлаа энэ насандаа хаяхгүй бололтой.

Унших дуртай зохиолч?

Монголоос Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Л.Хүрэлбаатар, Х.Пэрлээ, Б.Пэрлээ (өвөр монгол), Оросоос М.Горький, М.Шолохов, А.Гайдар, Америкаас Эрнест Хэмингуэй, Жэк Лондон, Японоос Нацумэ Соосэки, Шиба Рютаро, Оэ Кэнзабүро гээд сонгодог зохиолч олон юм байна. Л.Хүрэлбаатар багш бол Монголын Бурхны шашны уран зохиолын талаар, Х.Пэрлээ гуай, Б.Пэрлээ нар бол Хятан нарын соёлын талаар гайхалтай сайхан бичсэн. Орос, Америкийн эдгээр зохиолчдыг манайхан сайн мэдэх тул Япон зохиолчийн талаар товч дурдъя. Нацумэ Соосэкийн зохиолыг япон хэлний хичээлд заавал үздэг. Хээр талын од өгүүллээрээ япон хүн болгоныг Монголд явах хүслийг бадраасан зохиолч Шиба Рютаро нь 60 орчим ном бичжээ. Шиба Рютарогийн “япончууд Монголоос Солонгосын хойгийг дамжиж Арлын оронд ирсэн” тухай таамаг нь сонин байдаг.

Уншихыг төлөвлөж буй ном?

Өмнө дурдсан зохиолчдынхоо номыг эргүүлж тойруулж уншина. Жэк Лондон бүх ботийг англи, оросоор, Эрнест Хэмингуэйн олон ботийг англиар олоод явчихсан. Түүнийгээ л зугуухан уншиж ахиулна даа. Сонгодог зохиолуудыг уншиж байж гэм сая ном сонгох төвшин тогтдог гэдэгт бат итгэлтэй явдаг нэгэн билээ. Миний энэ зарчим орчин үед хоцрогдсон бол өршөөнө буй за.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Хүүхэд байхад Н.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” романы гол баатар Павел Горчагин байсан. Одоо бол ямар ч зохиол бүтээлээс олж авдаг Чингис хаан болж хувирсан даа. Чингис хааны талаар гарсан номыг өөрт байхгүй л бол авах хоббитой.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Өнгөрснийг сануулж, өөрт байхгүй мэдлэгийг хайрлаж байдаг номд ямагт талархаж явдаг. Ном уншиж байж хүн ямагт шинэ мэдлэг олж авдаг, амьдралын мөн чанарыг улам ухаардаг, нэг ёсондоо гэгээрдэг билээ. Насан залууд ном их уншвал бүр сайн юм шиг байна. Номын цагаан буян дөрвөн зүг, найман зовхист түгэн дэлгэрч улам арвижих болтугай.

 

Vandan Tuvshintogtoh