Унгар, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэн

Унгар, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэн

Өмнөх үг

2020 онд Унгар, Монголын хооронд Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Түүхт ойн хүрээнд Унгар Улсын Элчин сайдын яамнаас хоёр орны түүхэн найрсаг, хамтын ажиллагааны түүхийг өгүүлсэн фото зургийн үзэсгэлэнг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн вэб сайтад онлайн хэлбэрээр зохион байгуулж байна. Мөн Та бүхэнд энэхүү фото зургийн товхимлыг өргөн барьж байна.

Унгар, Монгол хоёр орны түүхэн харилцаат энэ жилүүдэд улс төрийн дээд түвшний айлчлалууд өрнөж, бүхий л салбарын харилцаа хөгжиж, тэр дундаа хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагаа илүү өргөжин тэлж байгаад баяртай байна. Бидэнд хамтдаа бүтээж, хамтдаа хөгжсөн сайхан түүх их бий. Тухайлбал, Унгарын усны мэргэжилтнүүд Монголын говь цөлд олон зуун худаг өрөмдсөн бөгөөд нутгийн малчид одоог хүртэл Унгарын худаг гэж нэрлэдэг. Судлаачид, уран бүтээлчид, зохиолчид хоорондоо холбоо тогтоож хамтарч, ном гаргаж, кино хийсэн байдаг. Монголын эртний түүх, соёлын дурсгалт газруудыг судлах хамтарсан экспедицүүдийг эхлүүлсэн.

Унгар, Монголын Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олон чухал ажлуудыг хийхээр төлөвлөж байсан боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ажлуудын маань ихэнх нь цахимаар эсвэл хэвлэмэл хэлбэрээр үргэлжилж байна. Гэвч ирэх жил хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин тэлсэн жил байна гэдэгт итгэж байна.

Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд миний бие өнө эртний түүхт Монгол орны түүх, нүүдлийн соёл иргэншил, зан заншлыг шимтэн судалдаг Монголч эрдэмтэн бөгөөд өдгөө Унгар Улсыг төлөөлөн суухдаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийг маш их хичээж байна. Унгарын мэргэжилтнүүд Монгол оронд дахин ирж ажиллаж, харилцан туршлага солилцож, хамтдаа хөгжих бүрэн боломж  байна. Ийнхүү харилцаагаа өргөжүүлэхийн тулд Унгарын соёлын чухал суурь болж чадах Унгар хэлний тэнхимийг Улаанбаатарт байгуулах хэрэгтэй хэмээн төлөвлөж байна.

Төгсгөлд нь энэхүү гэрэл зургийн товхимлыг бэлтгэхэд маш их туслалцаа үзүүлсэн Кристина Телеки мөн профессор Агнеш Бирталан, Альберт Коня, Золтан Фүредид талархал илэрхийлье.

Dr.Обрущанский Борбала Анна

Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

 

Vandan Tuvshintogtoh