Б.СУВДДУЛАМ: Номонд шимтээгүй бол өнөөдөр хэн болчихсон, хаана юу хийж явах байснаа төсөөлшгүй

Б.СУВДДУЛАМ: Номонд шимтээгүй бол өнөөдөр хэн болчихсон, хаана юу хийж явах байснаа төсөөлшгүй

Номын сангийн Зочны ярилцлагын буланд маань “Тагтаа паблишинг”-ийн орчуулагч, редактор Б.Сувддулам оролцож сонирхолтой яриа өрнүүллээ.

Сайн байна уу. Улаанбаатар хотод анхны бороо орсон сайхан өдрүүд тохиолоо. Таныг хөдөөгийн сууринд суудаг хэмээн дуулж байсан. Таны суугаа газарт ямархан шиг хавар болж байна даа? Хөл хорионы үед уншигчдад маань сонин сайхан дуулгаач?

Сайн байна уу? Танай хамт олонд болон уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Би Булган аймгийн төвд амьдардаг юм аа. Манай энд тэнгэр түмэн аашаа дэлгээд л. Цастай, бороотой, салхитай, шуургатай, нартай хавар болж байна даа.

Номын сантай анх хэзээ танилцаж байв. Хүүхэд ахуйдаа уншиж, тэр чигтээ сэтгэлд тань үлдсэн зохиолын баатар хэн бэ?

Үсэг сурч эхлээд л ээжийнхээ “бяцхан” номын сантай танилцаж байлаа. Уран зохиол, яруу найргийн ном голдуу байх. Явуухулангийн түүвэртэй л хамгийн их найзалсан даа. “Би хаана төрөө вэ?”, “Тэхийн зогсоол”, “Сохор зоосны дууль” гээд л урт шүлэг, найраглалыг нь түүж цээжилчихээд дуржигнатал уншаад явдаг хүүхэд байв даа. Хүүхэд ахуйдаа уншсан номуудаас Санжийн Пүрэв гуайн “Цаг цагийн урсгал”-ын Хатантөмөр, Шагдайн Цэнд-Аюуш гуайн “Хүлээх өрөөний эзэгтэй”-н Дүрээрээ,  Фёдор Достоевскийн “Дорд үзэгдэгсэд” –ийн  Нелли одоо ч сэтгэлд дотно хэвээрээ. Бас Ж.Дашзэвгэ гуайн “Цэцэг нялхарсан зун” гээд бэсрэгхэн өгүүллэгийн Дэнсмааг их л өрөвдөж хайрладаг сан. Айлын эхнэртэй хоног төөрүүлсэн нөхрийнх нь унаж явсан морь шөнө дүлээр алдуураад ирэхэд өглөө нь эмээлээ үүрч гараад амьтны нүдэнд шившиг болох вий гэж санаа зовохдоо эзгүйчлэн яваа айлынх нь уяан дээр аваачиж тугалын зэлийг тайлж аргамжчихаад, өглөөний шүүдэр дундуур хүүхэд шиг дэгдэн гэр рүүгээ гүйж яваа шавилхан бүсгүйг бодохоос л гол зураад байдаг байж билээ.  Тэгэхэд уг нь нэг их том болоогүй л байсан санагддаг юм.

Таныг манай уншигчид,  номын хорхойтнууд орчуулсан бүтээлүүдээр тань эчнээ танина. Хөдөлмөрч, авьяаслаг орчуулагчийн хэрхэн ажилладаг нь бидэнд сонирхолтой санагдаж байна. Хувийн зохион байгуулалт  гэх тэр нууцаасаа манай уншигчдад хуваалцаач?

Надад ажлын, амралтын гэж тусгайлсан өдөр байдаггүй. Өдөр бүр л ажиллаж байдаг даа. Ажлынхаа хажуугаар ахуйн аар саархан зүйлсээ амжуулаад л. Арга барилын тухайд гэвэл удаан даамай талдаа хүн. Ямар ч ажлыг санаандаа тултал хийж байж сэтгэл амардаг. Тэр болтол хэчнээн ч удсан нухаад л байдаг.

Ном уншихын утга учир, үнэт зүйл юунд оршдог вэ?

Ном бол миний хувьд маш үнэ цэнтэй зүйл. Номд шимтээгүй бол өнөөдөр хэн болчихсон, хаана юу хийж явах байснаа төсөөлшгүй. Амьдралд тохиож болох байсан таагүй явдлуудаас ном л намайг хамгаалсан гэж боддог. Амьдралд минь тохиосон хамгийн сайхан үйл явдлууд, эрхэм сайхан хүмүүс  ч номтой л хамаатай.  Тэгэхээр ном миний хувьд намайг аврагч, нөмөр нөөлөг, бас дотоод ертөнцийг минь бүтээгч юм даа.

Ном сонгох, унших арга барилаасаа хуваалцаач?

Унших дуртай монгол зохиолчдоо шинэ бүтээл гаргамагц нь алдалгүй авахыг хичээдэг. Орчуулгын бүтээлүүдийг сонгохдоо орчуулагчийг нь харж авах нь түгээмэл. Гадаад хэл дээрх ном зохиолуудыг Granta, The New Yorker, Asymptote, Literary Hub, Paris Review зэрэг утга зохиолын цахим хуудас, сэтгүүлүүдээс уншиж судалж байгаад сонгодог. Бас үлгэр дуурайл авдаг зохиолч, орчуулагчдынхаа Goodreads дээрх үнэлгээ, сэтгэгдлийг харна. Уншихын тухайд нэг дор 3-аас илүү ном зэрэгцүүлж уншиж чаддаггүй. Ихэнхдээ нэг номоо дуусгаад л дараагийнх руугаа ордог.

Уншихыг төлөвлөж буй номноосоо нэрлэвэл?

Яг одоо Л.Өлзийтөгсийн “Хараацай зогсолт-II” экспериментал роман, Чимаманда Нгөзи Адичигийн “The Thing Around Your Neck” өгүүллэгийн түүврийг уншиж байна. Энэ хоёрыгоо эхлээд уншиж гүйцээнэ дээ. Дараа нь зохиолч Ц.Буянзаяагийн “Сэтгэлзүйн тууриуд”, Тагтаа паблишнгаас хамгийн сүүлд гаргасан  Жулиан Барнсын  “Төгсгөлийн мэдрэмж”, Хан Ганы  “Хөвүүн ирлээ”, Хироми Кавакамигийн “Хотын жигтэй агаар”, Хунот Диазын “This Is How You Lose Her”  зэрэг номуудыг уншихаар төлөвлөж байна.

Олон сайхан газраар аялж, ховор нандин номын сантай айлд уригдаж байсан байх. Өөрийн эрхгүй уулга алдмаар “тийм” номын сантай хаана таарч байв даа?

Манай Баясаа эгч (орчуулагч, яруу найрагч Б.Баясгалан), Тэгшээ эгч (орчуулагч Ж.Тэгшзаяа) хоёрын номын сан нүд унамаар шүү.  Ялангуяа гадаад хэл дээрх номууд нь баялаг сонголттой, шидээвэр бүтээлүүд байдаг.

Таныг орчуулгын бүх төрлөөр орчуулдаг орчуулагч гэж анзаарсан. Манай оронд тохиодог дөрвөн улирлаар төсөөлбөл роман, шүлэг, богино өгүүллэг , тууж зэрэг эдгээр төрлүүдийг та аль аль улирлаар төлөөлүүлэх вэ. Яагаад?

Роман – өвөл. Би хүйтэнд дургүй л дээ. Гэхдээ Шинэ жил болдог учраас өвөлд дуртай. Роман орчуулна гэдэг яг үнэндээ хүсэх ажил биш. Гэхдээ орчуулсан номоо гартаа барих өдрийг Шинэ жилийг хүлээдэг шигээ догдлон хүлээдэг. Өгүүллэг –хавар. Аль аль нь адармаатай. Орчуулгын бүх төрлөөс өгүүллэг хамгийн хэцүү нь. Яагаад гэвэл өгүүллэг бичихийн тулд зохиолч хүн эх хэлнийхээ өв санг уудлах хэрэгтэй болно. Цөөн үгэнд том утга санаа багтаахын тулд ур ухаан, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө шавхана.  Эргээд тэр бүхнийг орчуулагчаас  ч бас шаарддаг. Тууж –зун. Роман шиг нүсэр биш. Өгүүллэг шиг адармаатай биш. Ер нь бол зун миний дуртай улирал. Шүлэг –намар.  Намар шиг яруу улирал хаа байна. Бодоод байх нь ээ, намраар шүлэг их уншдаг юм байна шүү.

Орчуулахаар төлөвлөж, мөрөөдөж явдаг зохиолч, зохиол тань юу вэ?

Виржиниа Вүүлфийн романуудаас орчуулах сан гэж мөрөөддөг. Манайд “Өөрийн гэсэн өрөө” эсээний ном нь л орчуулагдсан.  Өөрийгөө бага багаар бэлдээд л явна.  

Ярилцсанд баярлалаа

Баярлалаа

Ярилцсан Т.Амар-Амгалан

 

Munkhzul.B