Б.Сувд: Гэрийн номын сан хүний хөгжилд чухал нөлөө үзүүлдэг

Б.Сувд: Гэрийн номын сан хүний хөгжилд чухал нөлөө үзүүлдэг

Таны хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Бага байхдаа хүсэж байсан мэргэжил бол балетчин болох байлаа. Ахлах ангидаа сэтгүүлч болцгооё гэж ангийн найзтайгаа хоёулаа сэтгүүлч мэргэжил сонгохоор ярилцсан юм. Гэтэл би сэтгүүлч болж харин нөгөөх маань эмч болчихсон юм. Энэ мэргэжлээрээ оюутан байхаас эхлээд 10 гаруй жил ажилласан. Мэргэжлээ ахиулаад магистрын зэрэг хамгаалсан. Хожим нь Номын сан судлалын чиглэлээр сурч төгссөн.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

“Багачууддаа уншиж өгөөрэй” гээд хөөрхөн ном байдаг. Энэ номыг бол ёстой салбартал уншсан. Үүнээс цааш гэвэл “Үүлэн бор”, “Чулуун арслан”, Орос ардын үлгэрүүд, “Маргад эрдэнэ хотын илбэчин” гээд зөндөө ном бий. Ах эгч бид 3 тэрсхэн өссөн болохоор номоо ээлжилж уншсаар байгаад навсайлгаж орхино. Одоо тэр номууд  манай номын санд ихэд элэгдэж хуучирсан байдалтай хадгалагдаж байгаа.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Хүүхэд байхдаа шог хошин өгүүллэг унших дуртай байсан. 9-р ангиа төгсөөд драмын дугуйланд хэсэгхэн явж байв. Тухайн үед өөртөө өгүүллэг суулгах гээд “Инээдмийн өврийн дэвтэр”-ийг хэсэгтээ тэвэрч явсан юм. Би ер нь даруухан үг дуу цөөтэй хүүхэд байсан тул энэ ном ёстой намайг нээсэн гэж хэлж болно. 

Харин өнөөдрийн Сувдааг бий болгоход гэрийн номын сан маань чухал нөлөө үзүүлсэн гэж боддог. Биднийг бага байхад амьдрал амаргүй байсан. Хоногийн хоолоо яая гэсэн хүнд өдрүүдэд аав ээж хоёр минь биднийг ёстой номоор л хооллож байжээ. 

Хүүхдүүд буруу замаар орж гудамж, траншейнд амьдарч, томчууд өвгөтийн хөндийд, арай дөнгүүр нь үр хүүхдээ умартан өдрийн талхныхаа төлөө зүтгэж байсан тэр хэсэгхэн хугацаанд биднийг гэрийн номын сан маань сөрөг муу зүйлээс  хамгаалж хол байлгаж байжээ гэж боддог. 

Таны ширээний ном?

Ширээний ном бол байнга өөрчлөгдөж байдаг. Ялангуяа “Номын ертөнц” нэвтрүүлгийг хийж байх үед ширээн дээр 7 хоног болгон өөр өөр номууд  байж байдаг байлаа. Яг одоогийн байдлаар миний ширээ битгий хэл ном ч байхгүй байна. Харин өчигдөр Б.Наминчимэд ахын “Аугаа эрин” романыг хүнээс зээлж аваад уншиж байна. 

Яагаад гэвэл би одоо гадаадад гацсан 12000 иргэний нэг болчихсон Америкийн Нэгдсэн Улсад байна. Хэзээ буцахаа мэдэхгүй хүлээгээд л байна. Гэхдээ гар утсаараа унших, цахимаар ном унших арга барилд суралцаж байгаа. 27 дахь удаагийн Ub book fair-ыг бид саяхан Мишээл экспод зохион байгууллаа. Хөл хорионы үед иргэдэд цахим орчинд унших, оролцох боломж олгохоор баяраа бид цахим орчинд давхар зохион байгуулсан. Энэ ташрамд цахимаар хаанаас ном уншиж болохоо тодорхой хэмжээнд судалж мэдлээ. Саяхныг хүртэл цаасаар л уншдаг хүн байлаа шүү хэхэ.

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Бүтээхэд оролцсон бэ? Хянаж засах түвшинд ч гэдэг юм уу хоёр, гурван ном байдаг. Үүнийгээ ном бүтээсэн гэж арай хэлэхгүй байх. Харин “Номын ертөнц” нэвтрүүлгийн чимэг ишлэлүүдийг эмхэтгээд жижигхэн ном гаргасан. Өөрөөр бол бүтээсэн ном байхгүй. Харин ном бичих урмыг олон зохиолчдод өгөх ажлыг санаачлан хийж байгаадаа баяртай байдаг. Ном бүтээсэн гавьяа байхгүй ч өнгөрсөн жил “Шинэ гандан” номын санг байгууллаа. Номын ертөнц нэвтрүүлгийн буянаар олон номтой болсон. Тэдгээр номоо уншлагат гаргах зорилгоор UB Hub инновацийн газартай талбай ашиглах гэрээ хийж номын сангаа нээсэн. Шинэ мэдлэг, бүтээлч сэтгэлгээгээ бодит үйл хэрэг болгохоор ажиллаж буй залууст номын сан тодорхой хэмжээгээр тус болно гэж бодсон. Одоогоор 2000-аад номтой.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Энд ирээд хагас жил орчим болжээ. Олдсон номоо уншсан нь тав болж байна.  Харин сүүлийн хоёр сар номын баярын ажилдаа анхаараад үнэхээр завгүй өнгөрлөө. Цахимаар унших дадалд суралцахаас гадна цахимд “Номын ертөнц” сэтгүүлийнхээ 15 дахь дугаарыг байршуулсан байгаа уншаарай. Яг одоо гэвэл өчигдөрхөн хүнээс зээлж авсан “Аугаа эрин” романыг уншиж байна. Цахимаар бол П.Батхуягийн  эссенүүдийг M+ -аас уншсан. Би хуучинсаг хүн тул утсаараа удаан уншиж дадахгүй л байгаад байна.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Одоо бол би гэртээ унших дуртай. Оюутан байхдаа номын санд унших дуртай байлаа.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

“Номын ертөнц” нэвтрүүлэг хийх явцдаа ном унших арга буюу номын тухай агуулгыг гүйлгэж харах арга барилыг сурсан. Өөрөөр хэлбэл, долоо хоног болгоны шинэ нэвтрүүлэгт маш олон ном ордог байв. Тэндээс мэдээллийг базаж, нэгтгэх ажлыг нэлээн сурчээ. Харин уншихын тухайд бол нэг барьсан бол араас нь нэлээн хэдэн ном унших хэрэг гардаг. Тухайн сэдвийн хүрээнд бүх зүйлийг хамруулж унших гээд байдаг.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Сүүлд “Хайрын таван хэл” номыг уншлаа. Уншиж байх явцад хүмүүс бие биенээ хайрлах, хайрын тухай илүү их бодож эргэцүүлээсэй гэж бодлоо. Залуучууд маань хайр гэж чухам юу юм бэ, би, бид хүнийг яаж хайрлаж байна, бусдын хайрыг яаж мэдэрч байна гэдэг ч юм уу, тэр тухайгаа илүү нухацтай бодоход энэ ном хэрэг болохоор санагдлаа. Энэ номыг уншихыг санал болгоё.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Яг одоо бол Америкийн Нэгдсэн Улсын хоёр л номын сангийн үнэмлэх байна. Конгрессийн номын санд өнгөрсөн жил ирэхдээ, сүүлд энд гацаж эхлэхдээ амьдарч байгаа дүүргийнхээ номын санд карт нээлгээд амжсан, дүүргийнх гэхэд нэлээн сайн үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэрийг бол биеэрээ мэдэрсэн шүү. 

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Хэдийгээр залуу хүн боловч яг энэ салбартаа урт удаан хугацаанд ажилласан болохоороо Ж.Нэргүй ахын бичдэг “Хүмүүсийн тухай роман” шиг ном байх юм уу даа. Номын гол зорилго нь хүмүүсийн тухай сайхан гэгээг түгээх. 

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Ном уншихаар л ухаан нэмэгдээд явчихна гэж байхгүй. Гэхдээ ном уншихгүйгээр ухаанаа нэмэх арга байхгүй гэдэг. Утга учир нь ухаан нэмэхэд, үнэт зүйл нь үзэл бодлоо төлөвшүүлэхэд тусладаг гэж хэлнэ. Харин одоогийн нөхцөлд бол ном унших нь надад нэг төрлийн бясалгал шиг санагдаж байна. Хэзээ харихаа мэдэхгүй байна гэдэг шаналан юм.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Хуучинсаг хүн гэж дээр хэлсэн дээ.  27 дахь удаагийн номын баярын буянаар цахимаар уншихад суралцаж байна. Бүүр анх 2007, 2008 оны үед Apple-ээс анхны I pad гарахад  “за үүнийг чинь олж авья” гэж хүсэж тэмүүлж байгаад авч байсан. Гэхдээ тухайн үед түүн дээр тийм олон ном унших боломж байгаагүй. Нэг хэсэг гангарч байгаад л зарсан байдаг юм. Харин яг одоогийн нөхцөл байдалд бол сүүлийн үеийн kindle авахыг хүсч байна. Гадаадад гар утаснаас өөр нөхөргүй энэ үедээ сайн ашиглаад сурчих юмсан гэж бодож байна.  

Унших дуртай зохиолч?

Их олон хүнийг нэрлэх болно. Энэ асуултыг алгасъя. Сүүлд Герман гаралтай зохиолч Курт Воннегут нэг өгүүллэгийг уншаад нэлээд бодолд орж билээ. Тэгээд зохиолуудыг нэлээд их шүүж, ухаж хайж уншиж байснаа санаж байна аа. 

Уншихыг төлөвлөж буй ном?

Надад энэ онд гарсан шинэ номуудаас уншихыг хүсэж байгаа номууд маш их байна. Цахимаас харж байна. Очоод л тэдгээр номуудыг нухацтай үзнэ дээ. 

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Том болсноос хойш дуртай зохиолын баатар гэж орж ирэхгүй байна. Хүүхэд байхад уншсан ном зохиолуудаас гэвэл Буратиногийн адал явдал дээр гардаг цэнхэр үстэй охин  Малевина л санаанд орж ирээд байна. Одоо түүнд дуртай үгүйгээ сайн хэлж мэдэхгүй юм. Малевинаг бодвол их хөөрхөнөөр төсөөлсөн байсан байх. Монголд очоод охинтойгоо ахиад уншиж үзэхээс (инээмсэглэв)

 

Vandan Tuvshintogtoh