Хувь хүний сонирхлоос үл хамаараад эх орны түүх, хэл, соёл, газар нутаг, уул усны талаар ерөнхий мэдлэгтэй болох нь хүн бүрт маш чухал. Тэндээс хувь хүний, нийгмийн бүр үндэсний үнэт зүйл бүрэлдэн тогтоно.

Хувь хүний сонирхлоос үл хамаараад эх орны түүх, хэл, соёл, газар нутаг, уул усны талаар ерөнхий мэдлэгтэй болох нь хүн бүрт маш чухал. Тэндээс хувь хүний, нийгмийн бүр үндэсний үнэт зүйл бүрэлдэн тогтоно.

Иргэншил: Монгол

Овог нэр: Батсүхийн Мөнхбадрал

Эрхэлж буй ажил, албан тушаал: СУИС-ийн Соёлын сургуулийн Соёл судлалын судалгаа, сургалтын профессорын багийн багш

Сошиал хуудсууд: Facebook Батсүхийн Мөнхбадрал

Таны хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

10 жилээ төгсөхдөө хэрэндээ хөдөлгөөнтэй, сургуулийнхаа урлагийн тэмцээн уралдаанд оролцож явдаг хүүхэд байлаа. Ээж аавдаа хэлэлгүй СУИС-ийн жүжигчний ангид орохоор төлөвлөчихсөн, бас нэг шинэ киноны пробонд орчихсон, бөөн дур явж байлаа. Гэтэл ээж мэдээд хориглочхов оо. Чи жүжигчин болно гэж байхгүй, хэцүү хатуу, хошин шогийн жүжигчин болох гээ юу? гээд л бууж өглөө. Тэгвэл би аялал жуулчлалын чиглэлээр суралцана. Аялал жуулчлалын нэгэн дээд сургуульд орно гэтэл бас л хувийн сургууль дэмий гээд дургүйцээд байв. Манай аав бол миний хүү юу чадмаар байна, түүнийгээ л сонго гээд тайван харзнаж байсан. Гэтэл “СУИС-д аялал жуулчлалын шинэ анги нээгдэж байна гэнэ. Тийшээ оч” гээд ээж ороод ирлээ. Яваад очтол СУИС-д соёлын аялал жуулчлалын ангид анхны элсэлт авна гээд байж байдаг байгаа. Бүр Соёл судлаач-соёлын аялал жуулчлал буюу хос мэргэжилтэй. За тэгээд л хүссэн сургуульдаа, хүссэн ангидаа орсон доо. Мэргэжил минь ээлтэй байж СУИС-даа соёлын аялал жуулчлалын мэргэжлийн багшаар үлдэж ажиллаад, мөн эндээ магистр, докторын зэргээ хамгаалаад, монгол соёлын дархлааны төлөө ажиллаж амьдарч явна даа.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Багадаа өвөө эмээ дээрээ хөдөө голдуу байдаг байв. Монгол ухааны амьд номууд байлаа. Тэднээсээ монгол хүн байхын тухайд том зүйл авсан гэж боддог. Манай аав ээж 2 багш хүмүүс л дээ. Гэрт маш их ном байдаг байлаа. Хүүхдийн ном ч их. Монгол ардын домгууд гээд газар усны талаар болон голдуу хүчит бөхчүүдийн талаар домогтой сайхан ном байдаг байлаа. Тэр номыг их олон давтаж уншиж байв. Бас “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” гурван боть улаан номыг байсхийгээд л эхнээс нь уншдаг байсан. Энэ хэдэн номоос ер нь анхны өөртөө тохирсон мэдлэг, монгол орны талаар, монгол хүний талаар, бид ямар гайхалтай ард түмэн бэ? гэж гайхшрах анхны бодол, мөн дэлхийн улс гүрнүүдийн талаар ойлголтыг авсан.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Яахав багадаа янз бүрийн л ном уншиж байсан. Голдуу л танин мэдэхүйн номд дуртай байсан. Яг амьдрал, хувь хүнийг өөрчлөх хэмжээнд гэвэл мэргэжлээ сонгосны дараа юм болов уу? Шинэ оюутан нэг хэсэг мэргэжлээ сайн ойлгож чадахгүй явлаа. Соёлын аялал жуулчлал гээд л яваад байдаг. Бидэнд Ч.Дашдаваа гэж Монголын түүхийн мундаг эрдэмтэн Монголын соёлын түүх хичээлийг ордог байсан.  Тэгээд “Монголын соёлын түүх” гэж 3 боть ном байгаа, түүнийг унш. Үгүй бол юм ойлгохгүй шүү гэдэг байв. Тэгээд л нөгөө 3 номыг олж харлаа, уншлаа. Зузаан ном л доо. Зарим хэсгийг нь гүйлгээд л өнгөрнө. Тэгтэл нөгөө хайгаад байсан мэргэжлийн утга учир, монгол соёлын гайхамшиг чинь өөрөө орчин үеийн аялал жуулчлалын үндсэн бүтээгдэхүүн болоод байгаа юм байна гэхчлэн нүдийг нээж, чихийг онгойлгоно гэдэг зүйл болсон. Тэгээд дараа нь БНМАУ-ын угсаатны зүй гээд үндэсний өв соёлын чиглэлийн номуудыг уншиж өөрийн гэсэн үндэсний үзэлтэй болж,  одоо ч үе үе сөхөж үзэж л явна.

Таны ширээний ном?

Үндсэн ажил багшлах учраас хичээлтэй холбоотой номууд голдуу үзэх юм даа. Гэртээ бол түүх, соёлын чиглэлийн номууд түлхүү хардаг. Яг ширээний ном гээд байдаггүй. Миний авга ах Б.Чимид гэж олон сайхан ном гаргасан хүн бий. Ах маань хамгийн сүүлд өөрийн бичсэн олон салбарт хамаарах нийтлэл, ярилцлагуудаас бүрдсэн Чулуужсан мод, Нарны навч, Бургасны самар, Элсний үнэр гээд 4 цуврал бүтээл гаргасанаа надад дурсгасан. Энэ номуудаа ойрхон байлгаж, завтай үедээ уншиж байна даа.

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Олон ном байхгүй ээ. 2017 онд тэр хүртлээ бичсэн, өөрийн судалгаа, диссертацид холбогдох илтгэл, өгүүллүүдээ эмхэтгээд “Үндэсний соёлын дархлаа ба соёлын аялал жуулчлал” өгүүллийн эмхтгэл ном гаргасан. Одоо СУИС-аас цуврал болгон эрхлэн гаргаж буй тайлбар толиудын үргэлжлэл болох “Соёлын өв” тайлбар толь, мөн сургуулийнхаа 30 жилийн ойн ном бүтээх ажилд гар бие оролцоод явж байна. Цаашдаа олон ном гаргаж, олон бүтээлд оролцох байх аа. Хамтран ажилласан судалгааны ажил болон төслийн эмхтгэлүүд 5-6 хэвлэгдсэн байх аа. 

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Ойрд хийж буй ажилтай холбоотойгоор мөн л соёлын өвийн чиглэлийн номууд дунд л байна. Монгол үндэстний биет бус соёлын өв, Монголчуудын хувцасны түүх, Монгол эсгий ширмэлийн урлаг гэх мэт нэлээн хэдэн ном эргүүлж байна.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Мэдээж ном уншихад зориулагдсан хамгийн тохиромжтой газар бол номын сан шүү дээ. Гэхдээ ном үзье гэсэн хүнд орчноос илүү анхаарал төвлөрөл чухал. Хичнээн сайхан номын санд анхаарлаа төвлөрүүлж ном уншихгүй бол уншаагүйтэй адилхан. Харин ном уншъя гэж чин сэтгэлээсээ хичээж буй хүн орчныг үл анзааран анхаарлаа төвлөрүүлж чаддаг тухай, сарны туяанд, зулын гэрэлд ном үздэг тухай хуучны мэргэд хэлсэн байдаг. Тийм учраас орчин үед ном унших орчин бол гайхалтай сайхан болсон, гол нь ном унших дадал хэрэгтэй. Гэртээ ном унших ч сайхан л орчин. Гэрийн номын сантай байна гэдэг хамгийн гоё интерьер гэж би боддог.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг дээр нийтлэлч Б.Баабар оролцохдоо “Би бараг номыг идчихдэг юм дөө. Энд нэгийг эхлүүлээд, тэнд нэгийг эхлүүлээд, зэрэг эхлээд зэрэг дуусгадаг”гэж ярьдаг. Гайхалтай арга барил шүү. Би бол тэгж чадахгүй, тийм мундаг уншигч бол биш. Гэхдээ яваандаа тэгж уншдаг болохсон. Би нэг барьсан номоо зүгээр л эхнээс нь дуустал уншдаг. Дунд нь анхаарал сарниад ойлгохгүй өнгөрвөл тэр хэсгээ дахиад уншдаг. Ер нь жаахан удаан, тайван унших гээд байдаг.   

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Сүүлийн үед хувь хүний хөгжлийн чиглэлийн маш олон ном гардаг болсон. Олон дунд сайнтай муутай л байдаг байх. Тиймээс хувь хүний хөгжлийн ном, хэрхэн амархан баяжих тухай номыг унших гэж байгаа бол юутай ч маш сайн шалгуур тавьж байгаарай гэж хэлмээр байна. Миний зүгээс залуучуудыгаа Монголынхоо түүх, соёлын талаар өргөн мэдлэгтэй байгаасай гэж хүсэж байна. Монголын түүхийн олон сайхан ном бий, үндэсний соёлын чиглэлийн ч маш олон ном бий. Эдгээр номуудаас хангалттай урам зориг, ухаарал авах боломжтой. Монголын нууц товчоог нийтээрээ уншмаар л байгаа юм. 

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Гаднын хэд хэдэн улсаар явж байсан ч одоогоор номын сангийн үнэмлэх алга байна. Яваандаа үйлчлүүлж, гишүүнчлэлтэй болноо.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Үр хүүхдүүддээ үлгэрийн цуврал ном, хань ижилдээ хайрын зузаан роман, үе тэнгийнхэндээ олон төрлийн кейс агуулсан туршлага нэмэх ном, оюутнууддаа гайгүйхэн сурах бичиг, ахмад үедээ хэрэг болчихоор мэдээлэл агуулсан даруухан хавтастай, нимгэвтэр ном байсаар, нас өндөр болохдоо олон төрлийн мэдээллийг нэг дороос авчих боломжтой нэвтэрхий толь шиг байхсан. Төсөөлөл, дүрслэл, гэгээн мөрөөдөл шүү. Одоогоор бол монгол өв соёл, соёлын дархлааны талаар бичигдээд, олон хүнд хэрэгтэй ном болчих санаатай хэвлэлтэд бэлтгэгдэж байгаа эх бэлтгэл юм уу даа.     

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Номын ач тус, түүний үнэ цэнийг хүн төрөлхтөн мянга мянган жилийн турш шагшин магтсаар ирсэн шүү дээ. Ном хэрэггүй гэж хэлдэг нэг ч хүн байхгүй байх. Тэгэхээр ямар их үнэ цэнэтэй зүйл вэ? гэдэг нь ойлгомжтой. Хорвоогийн бүх номыг уншиж барна гэж үгүй. Тиймээс өөрийн сонирхолд нийцсэн, өөрт тустай мэдлэгийг бүтээхэд чиглэсэн номуудыг шүүж унших нь хүний үзэл бодлыг цэгцэлж, мэргэжил мэдлэгийг тэгшитгэж өгнө л дөө. Үүний хажуугаар улс үндэстнээрээ нийтлэг унших сэдэв гэж баймаар санагддаг. Хувь хүний сонирхлоос үл хамаараад эх орны түүх, хэл, соёл, газар нутаг, уул усны талаар ерөнхий мэдлэгтэй болох нь хүн бүрт маш чухал. Тэндээс хувь хүний, нийгмийн бүр үндэсний үнэт зүйл бүрэлдэн тогтоно. 

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Аль алинаар нь л уншиж байна. Хэвлэмэл ном уншихыг эрхэмлэдэг. Анхаарал төвлөрөх нь илүү. Тэгээд ч ном гэдэг утгаараа. Орчин үед цахим хэрэглээ ихэсч буйтай холбоотой зарим номуудыг цахимаар уншиж байсан. 

Унших дуртай зохиолч

Голдуу түүх, соёлын ном уншдаг болохоор зохиолч онцлоход хэцүү л дээ. Судлаачдын бүтээлүүд бүгдээрээ л сайхан. Би уран зохиолын ном тийм ч ихийг уншаагүй. Тэр зохиолч, энэ зохиолч гээд байдаггүй. Харин шүлэг, яруу найраг унших, сонсох дуртай. Яруу найрагч Р.Чойном, О.Дашбалбар нарын шүлэг, найраглалыг Д.Сосорбарам гуайн уншсанаар, яруу найрагч Б.Лхагвасүрэн, П.Бадарч нар шүлгүүдээ өөрсдөө уншсанаар машиндаа их сонсдог. Яруу найраг, шүлэг гэдэг бол хүний сэтгэлийн нарийн утсан дээр бичигддэг үгэн аялгуу шүү дээ. Тэндээс дандаа л монгол ахуй, монгол хүний сэтгэлийн өнгө төрх нэвт ханхалж байдаг юм.  

Уншихыг төлөвлөж буй ном?

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхим, Степпе паблишинг компанийн хамтарсан төслийн хүрээнд бүтээгдсэн “Монголын эзэнт гүрний түүх” 5 боть номыг уншина гээд төлөвлөсөн байгаа. Одоохондоо авч амжаагүй л байна.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Хүүхэд насандаа уншсан зохиолын дүрүүд л хайртай зохиолын баатар болж үлддэг юм шиг байна. Багадаа “Хүүхдийн уран зохиолын түүвэр” билүү, тэр номыг нэлээн уншсан. Тэнд “Адтай Мятав” гэж зохиол байдаг байв. Тэр Адтай Мятав гэж хүний дүр их гайхалтай санагддаг байсан. Одоо ч мартдаггүй. Юм юманд арга эвтэй, олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн, ямар ч хэцүү байдлаас өөрийн арга эвээрээ гарч чаддаг, авхаалж самбаа ихтэй, тийм хүн. Уран зохиол учраас жаахан хэтрүүлэгтэй мэт боловч цаанаа л монгол хүний ухаан шингэсэн байдаг. Одоо цагт монгол хар ухаантай, олон өнцгөөр харж, сэтгэдэг хүн цөөрөөд, нэг л баригдмал, хэвшсэн, хайрцаглагдсан ч гэдэг тийм сэтгэлгээтэй хүмүүс олширчээ. Хүүхэд багачууд энэ зохиолыг уншиж, Мятав шиг сэтгэдэг монгол хүмүүс олшроосой.

 

nyamjaw tvmentogotkh