П.Мягмарцэрэн: Төсөөлөл, оюун санааныхаа мөн чанарыг мэдэх хамгийн зөв, чухал арга зам бол ном унших.

Овог нэр: Пүрэвийн Мягмарцэрэн (Жина)

Эрхэлж буй ажил, албан тушаал: Ванжил Урлагийн Институтийн туслах куратор

Сошиал хуудсууд: Facebook Myagmartseren Purev

Таны хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Хүссэн мэргэжлээрээ сурч, ажиллаж байгаа. Гэхдээ ажиллаж буй салбар маань бага залуу насандаа төсөөлж байснаас маань өөр гэдгийг мэдэх, ойлгох мөчүүдэд би үүнийг хүссэн юм байхдаа гэж өөрөөсөө асуух мөчүүд байдаг.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Бага байхдаа үлгэрийн ном их уншдаг байлаа. Монгол ардын үлгэр, олон улс орны үлгэрүүд гээд үлгэртэй ном, сонин сэтгүүл аль нь ч бай олдвол л уншдаг байсан. Бүгдийг нь бие даагаад л уншдаг байсан. Хэн ч унш, тэг ингэ гэж хэлж байсангүй. Аав ээжид маань тэгээд сууж байх цаг зав нь ч алга байлаа. Одоо санаж байгаагаар хамгийн анх уншсан хатуу хавтастай зузаан ном гэвэл “Мянга нэгэн шөнийн үлгэрүүд”.  Миний аав ном их уншдаг хүн. Бага байхад аавын номын сан л гэрийг маань их чимдэг байж. Тэр номын сангаас нь балчир байхдаа ганц хоёр ном ямар ном гэдгийг нь мэдэхгүй гаргаж ирээд хуудас бүрээр нь эргүүлж, зургуудыг нь ажиглаж хардаг байлаа. Тэгээд 9 настай байхдаа аавын номын сангаас “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийг бас л санамсаргүй татаж гаргаж ирээд үлгэр гээд биччихсэн болохоор нь баярлаад барьж аваад салгаж чадалгүй унтаж сэрээд уншсаар дуусгаж байсан юм. Одоо бодоход “Мянга нэгэн шөнийн үлгэр” 9 настай хүүхдэд арай л романтик,  сэнсуалний  ном байсан шиг санагддаг.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Яг тийм ном гэж нэрлэхэд хэцүү юм. Академик бүтээлүүд, бичвэрүүд л нэлээд нүдийг маань нээж, амьдрал, хорвоо ертөнцийг олон талаас нь эргэцүүлэх хаалгыг нээсэн байдаг. Гэхдээ сайн бичсэн намтар, дурдатгал бүтээлүүдээс их урам авч нэгийг бодож, хоёрыг тунгаадаг. Нэг хүний амьдралын түүх ялангуяа эгэл хүний амьдралын түүх нь томоохон түүхэн үйл явдал, нийгмийн өөрчлөлтүүд хийгээд нийгмийн жинхэнэ дүр төрхийг ойлгож, мэдэж авахад тусалдаг.

Таны ширээний ном?

Ширээний ном гэвэл Англи-Монгол толь бичиг бас мэргэжлийн гарын авлагууд юм даа. Байнга хэрэг болдог болохоор.

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Олон ном зохиол дээр ажиллаж байсангүй дээ. Өөрийгөө чамласаар л явна. Энэ зун “Mongolia, Lost and Found” гэдэг Америкийн урлагийн түүхч, судлаач Гэйл Лэвиний монолог эссе бүтээлийн орчуулгын ажил дээр ажилласан.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Хоёр ном зэрэг эхэлчихсэн уншиж байгаа. Шотландын зохиолч Гейл Ханиманы “Eleanor Oliphant is completely fine” бас Японы зохиолч Харуки Муракамигийн “Men Without Women” гэдэг богино өгүүллэгийн түүвэр. Эхний бүтээлийг цаасан хувилбараар сүүлийн бүтээлийг нь Kindle дээр уншиж байгаа.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Уран зохиолын номыг унтахын өмнө орондоо унших л хамгийн амттай. Гэхдээ бас амралтын өдөр өглөөний цай ууж байхдаа унших ч таатай. Харин академик, судалгааны ном бүтээлийг бол ширээндээ нам сууж аваад эсвэл номын санд сууж байгаад уншиж, судлах тохиромжтой байдаг.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Чухалчлаад хуваалцаад байхаар онцгой арга барил миний хувьд байхгүй юм байна. Мэргэжлийн ном бүтээлийг бол байнга тэмдэглэл хийж, аль болох гол аргумент, факт дээр нь ач холбогдол өгч гүйлгэж уншдаг. Учир нь олон ном, бичвэрийг зэрэг унших шаардлагатай болдог болохоор аль болох хурдан гэхдээ үр дүнтэй унших хэрэгтэй. Харин уран зохиолын номыг бол төсөөлж, төсөөлөлдөө умбаж, зохиолынхоо дүрийг дагаж сэтгэлийн хөдлөлд орж уншдаг.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

The Shock Doctrine: The Rise of Disaster Capitalism, “Kafka on the shore”, “Educated бүтээлүүдийг санал болгоё. Бүгдээрээ Монгол хэл дээр орчуулагдаад гарчихсан гэж бодож байна.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Олон улс орны номын сангийн үнэмлэх байхгүй юм байна. Яг одоо байгаа нь Нью Йорк хотын МЕТ музейн номын сангийн үнэмлэх бас Монгол Улсын Үндэсний номын сангийн үнэмлэх.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Х.Муракамигийн уран зохиолуудтай л төстэй байж магадгүй байхдаа.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Аль аль хувилбараар нь уншиж байгаа.

Уншихыг төлөвлөж буй ном?

Одоо уншиж байгаа хоёр номоо дуусгаад Америк гаралтай Германы зохиолч Дебора Фельдман “The Unorthodox” бүтээлийг уншихаар төлөвлөж байгаа. Энэ номыг Goodwill гээд хуучин барааны дэлгүүрээс авчихсан. Ширээн дээр минь ээлжээ хүлээгээд хэвтэж байна. 

Унших дуртай зохиолч

Яг нэг зохиолч нэрлэх хэцүү юм. Саяхан уншсан номынхоо хоёр зохиолчийг нэрлэмээр байна: Мин Жин Лий ба Маргарет Этвүүд

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Харамсалтай нь надад тийм зохиолын баатар байдаггүй юм байна. Би ер нь нэг дүр, нэг хүнийг хэт шүтэх дургүй. Зохиол бүтээл уншихад тухайн зохиолын бүх дүрүүд нэгдэн нийлж зохиолыг бий болгодог учир цор ганц нэг дүрийг сонгож хайрлаж чаддаггүй. Зохиолчийн хэрхэн дүрүүдийн зан төрхийг гаргаж ирж байгаа ур чадварыг бол шагшран магтдаг. Тухайлбал сүүлд Мин Жин Лий гээд Солонгос-Америк зохиолчийн “Пачинко” гэдэг зохиолыг уншаад төгсгөлд нь зохиолд гарсан бүх дүрүүд тэдний амьдралыг бодоод уйлж билээ. Зохиолч нь тэгж сэтгэлд хүртэл бичиж чадсан байгаа юм.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Төсөөлөл, оюун санааныхаа мөн чанарыг мэдэх хамгийн зөв, чухал арга зам бол ном унших. Гэхдээ миний хувийн туршлагаар бол ном унших сайн, хэрэгтэй эсвэл утга учиртай гээд ном болгоныг унших шаардлагагүй. Өнөө цагт зах зээлийн нийгэм зарим нэг хүний оюуны бөөлжсийг гоё хавтаслаад, сурталчилгаа ухуулгаар уншвал зохих сайн бүтээл гэж итгүүлэн бусдын оюун санааг бохирдуулж бас хүмүүсийн цаг, мөнгийг үрдэг. Унших номоо сонгохдоо шүүлтүүртэй хандаж, бас уншсан хойноо номтойгоо холбоотой асуултуудыг өөртөө тавих хэрэгтэй. Бас зарим хүмүүс жилдээ тэдэн ном уншина гэх мэтчилэн зорилго тавьж, өөрсдийгөө сорьдог. Сорилт тавьж өөрийгөө шалгаж байгаа нь зөв хэдий ч хамгийн чухал нь чанартай бүтээлийг чанартай уншдаг байх нь чухал. Тэгж байж л үнэ цэнэ бий болно.  

 

Vandan Tuvshintogtoh