Б.Болор-Эрдэнэ: Урам зориг, ухаарал хоёр заримдаа эсрэг тэсрэг байдаг

Б.Болор-Эрдэнэ: Урам зориг, ухаарал хоёр заримдаа эсрэг тэсрэг байдаг

Иргэншил: Монгол Улс

Овог нэр: Базарсүрэн Болор-Эрдэнэ

Эрхэлж буй ажил, албан тушаал: trends.mn сайтын эрхлэгч, нийтлэлч

Сошиал хуудсууд: bolushka

Таны хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Үгүй. Намайг сурагч, оюутан байхад тоотой хэдэн мэргэжил, хэдэн сургууль моодонд орж байсан. Тэр үед нийтлэлч гэх мэт сонголт толгойд байгаагүй.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Аав ээжийг эзгүйд “Хөгшин Чоно Ульсан нь” гэж ном уншаад, үг холбож уншиж байгаагаа анх удаа анзаарснаа санадаг. Тэрнээс хойш цэцэрлэгт хүүхдүүдэд ном уншиж өгдөг ажилтай болсон.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Олон ном байна. Мэдээж философичид амьдралын суурь асуудлуудад хандах гүн бодол өгдөг учраас жинтэй нөлөө үзүүлсэн олон сэтгэгч байна. Дарма Батбаяр зэрэг Монголын зохиолчид, Оросоос, Японы зохиолчдоос, уран зохиолоос бас үнэт зүйлс шингээж авна.  

Таны ширээний ном?

Данзангийн Нямсүрэнгийн шүлгийн түүвэр бүтээлүүд. Японоос Дазаи Осаму.

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

“Амжилтад Хүрэх Гал Эрмэлзэл”, “Сурахад суралцах нь” зэрэг 10 гаруй ном хамтран гаргасан ЭМОС клубийн гишүүн. Олон улсын үйлдвэрлэлийн түүхээр гаргасан нэг ном бас бий.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Gordon M Hahn-ий Ukraine Over the Edge. Энэ маш сайн ном байна. Уран зохиолын хувьд Нацүмэ Сосэки, Кусамакураг дахин уншиж байна.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Орондоо, хэвтээд.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Их тэмдэглэж, эрээчиж уншдаг.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Урам зориг, ухаарал хоёр заримдаа эсрэг тэсрэг байдаг. Урам зориг өгөх ном мундахгүй олон харагддаг. Ухаарал бол уран зохиол, философи уншихгүй бол нэг номоос авдаг бэлэн жор байхгүй л гэж боддог.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Япон, Монгол, Канад гурван орных байна.

Өөрийгөө ном гэж дүрсэлвэл та ямар төрлийн ном бэ?

Хоёр өөр төрөл байх болов уу. Нэг нь логиктой онолын хүнд агуулгатай ном. Нэг нь  нэлээн нихилист өгүүллэг ч юм уу.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Аль аль нь.

Уншихыг (уншихаар) төлөвлөж буй ном?

Чомский.

Унших дуртай зохиолч

Олон зохиолч байна, ялангуяа ойрын үед локал буюу нутаг нутгийн зохиолчдын ном унших дуртай болоод байна. Сүүлд манай элчингээс гаргасан Хятадын 70 шилдэг өгүүллэг, Төвд өгүүллэгүүд, Африк яруу найрагч, Монсударын өнгөт цуврал гээд олон орны соёл, “сүнс” мэдэрч үзэж байна.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Өөрийгөө хайр найргүй ичгүүрлэдэг Дазаи Осаму л юм уу даа.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Айхтар сүртэй утга учир, үнэт зүйл байхгүй гэж харж ч болох байх. Эсвэл ор тас танихгүй хүний оюун бодол үг хэлээр илэрхийлэгдсэн байгааг өөрийнхөө оюун санаанд нэгтгэж, шингээж авч байгаа нь хэчнээн гайхалтай болох тухай ч өгүүлж болох байх.

 

Vandan Tuvshintogtoh