Х.БАЯРМАА: Богино хугацаанд хурдан уншсанаар илүү их зүйлийг ойлгох боломжтой
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Сайн уу? Юуны өмнө урьж оролцуулсанд баярлалаа.
Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?
Хүүхэд насны минь мөрөөдөл өнөөдрийн минь эзэмшсэн мэргэжилтэй маань таарч байгаа. Хүүхэд наснаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан.
Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?
Хамгийн анхны миний уншсан ном бол Вилгелм Хаюфын “Шпессарт дахь буурчийн газар” гэдэг нэртэй цэнхэр хавтастай хуучны ном байдаг. Хэзээ ч санаанаас гардаггүй, одоо ч хааяа уншдаг, унших дуртай номны минь нэг. Аав маань өөрөө ном унших дуртай, жаахан байхаасаа л номон дунд өссөн.
Таны амьдралыг болон хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?
Оюутан байхдаа уншдаг байсан Жорж Сандын “Консуэло” гэдэг ном байдаг. Энэ номыг уншаад Консуэло гэдэг эмэгтэйд дурлаж байсан. Эмэгтэй хүн яаж биеэ авч явдаг, яаж байх тухай энэ ном дээр гардаг. Хүүхэд байхаасаа л уран зохиолын номонд дурладаг байсан, одоо ч уран зохиолын ном унших дуртай ”Хатсан гар” гээд Английн зохиолчдын өгүүллэгүүд байдаг. Энэ номыг уншихад амьдралын нарийн ширийн зүйлүүд гээд уншихад гоё ном шүү. Уран зохиолын ном уншиж байгаарай гэж зөвлөе.
Таны ширээний ном?
Миний ширээний ном гэвэл би “Загалмайлсан эцэг” сургуульд сурж байхдаа англи хэл дээр уншихыг хичээдэг байсан. Мөн мэргэжлийн чиглэлээр ном их уншдаг. Мишель Обама “Миний түүх” энэ ном бол ширээн дээр байнга байж байдаг. Сүүлд бол Ф.М.Достоевскийн “Гэм зэм”-ийг уншиж дуусгасан. “Гэмт хэрэг ба ял шийтгэл” Баатар гуайн орчуулга. Мөн “Маршал Голдсмит”, Салли Хелгесен нарын “Зоримог эмэгтэй” ширээн дээр байж байдаг унших дуртай номын нэг.
Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
Би аягүй удаан “Алхимич” номыг унших юмсан гэж бодож байсан. Яг одоо “Алхимич” номыг уншиж байгаа. Би нэг номоо удаан бариад суудаггүй янз янзын номнуудыг эхлүүлээд бага багаар уншиж дуусгадаг. Миний дутагдалтай тал гэх үү давуу тал гэх үү мэдэхгүй.
Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?
Би лав өглөө болгон 30 минут ном уншихыг хичээдэг. “Цойлогсод” ном дээр еврей нарын хүүхдүүддээ сургасан арга юм байна лээ. Ер нь бол өдөртөө багадаа 30 минут ном уншаад суух хэрэгтэй. Номыг болж өгвөл өдөр болгон унших нь зөв. Гэхдээ хүн болгоны ном уншдаг арга барил өөр өөр байдаг юм байна лээ. Миний хувьд чимээгүй орчинд өрөөндөө цонхныхоо дэргэд халуун цай уугаад ном унших дуртай.
Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?
Би ер нь тэгж боддог номыг уншиж сураагүй хүмүүс байдаг ш дээ. Уншиж сурахын тулд хурдан унших юм байна гэж ойлгосон. Хүн хурдан унших тусам анхаарал илүү төвлөрдөг. Аль болох богино хугацаанд хурдан уншсанаар илүү их зүйлийг мэдэж, толгойд тогтдог.
Өөрийг тань АНУ-д суралцахаар явсныг мэдэх юм байна. Сургуулийнхаа сониноос хуваалцаач?
Америкт байхад ном унших шаардлагатай, багш нар шаарддаг байсан. Миний хувьд мэргэжилтэйгээ холбоотой ном уншдаг байсан. Ер нь санхүүтэй холбоотой номуудыг унших хэрэгтэй. Америкт суралцахад санхүүг ойлгох, бие дааж санхүүгийн мэдлэгтэй байна гэдэг чухал. Эрик Ризийн “Дэвшилтэт стартап” Эрдэнэбилгүүн залуугийн “Фриланс”, В.Баярсайхан ахын “Санаанаас сая долларын стартап” 1, 2-р дэвтрүүд гарчихсан тэрийг бол заавал унших хэрэгтэй. “Баян эмэгтэй”, “Америкт суралцсан түүх, мөнгө хэрхэн эргэлддэг вэ” гэх мэт санхүүгийн номнуудыг уншихад зүгээр.
Таны хувьд ном уншдаг хүн гэж яг ямар хүнийг хэлдэг бол?
Энэ их том хэцүү асуулт байна. Хүн болгон л тодорхой хэмжээгээр уншдаг. Ном уншдаггүй хүн гэж байхгүй байхаа. Их уншдаг хүнийг хэлэх юм болов уу гэж бодож байна. Уншсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Манай өвөө, аав насаараа уншсан уншсанаа амьдралдаа хэрэгжүүлээд явдаг.
Өөрийгөө ном гэж дүрсэлвэл та ямар төрлийн ном бэ?
Би бол уран зохиолын ном. “Монте Кристо гүн”, “Консуэло”, “Зуун жилийн ганцаардал”, “Керри эгч”, Виктор Хюго “Инээмтгий хүн”, “Парисын дарь эхийн сүм” бол төсөөлөхийн аргагүй гэх мэт уран зохиолын утга уянгын номуудад маш их дуртай.
Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?
Сүүлийн үед өсвөр үеийнхнээс сэтгэл гутралыг яах вэ, ганцаардлыг яаж даван туулах вэ? гэсэн асуултыг надад их ирүүлэх болсон. Дэлхийн хаана ч явсан тухайн орны хэлээр болон төрөлх хэл дээрээ ном уншина гэдэг асуудлыг хэрхэн шийдэх, амьдрах аргыг заах шидэт луужин юм. Адилтгаваас “Алтган гадас чигийг заана” гэдэгтэй агаар нэг. Тийм болохоор сэтгэлээр унах, ганцаардах, ямар нэг тохиолдолд ном сайн уншиж байгаарай. Хүний туулсан амьдралын баялаг, тэр амьдралыг номоос олж мэдэж авна. Бүтэн ном уншаад ялангуяа том роман уншаад дууссаны дараа яагаад ч юм цаанаасаа аз жаргалын гармон цацарч дотор цэлмээд гоё мэдрэмж төрдөг. Ном бол амьдралд маш их хэрэгтэй.
Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?
Ер нь бол цаасаар нь уншсан нь илүү үнэ цэнэтэй тэгээд уншихад дээр нь тэмдэглэл хөтлөөд явах боломжтой. Цахимаар уншихаар хараанд жаахан муу юм шиг санагдаад байдаг юм. Хэрвээ үнэхээр ажил төрөл чинь амжихгүй байдаг бол сонсдог ном худалдаж аваад, сонсох нь хөгжим сонсохоос илүү үр дүнтэй байдаг юм болов уу гэж боддог. Цахимаар сонсдог ном ч юм уу, англи хэл дээр ном уншихаар илүү нөлөөтэй юм болов уу л гэж би боддог. Би бол цаасаар нь унших дуртай.
Унших дуртай зохиолч?
Мэдээж Монголын уран зохиолчдоос дурдахгүй байж болохгүй. Монголын уран зохиолчдоос би С.Эрдэнийг унших маш их дуртай. Д.Батбаярын зохиолууд маш гоё. За тэгээд сүүлийн үед одоо унших дуртай номнуудаас М.Пүрэвмаагийн бичсэн номнууд байна. Тэгээд бас Хятадын, Японы зохиолчид, Акира Куросава гээд зохиолчид байдаг. Ер нь бол янз янзын уран зохиолын ном бичдэг зохиолчдод л дуртай. Марио Пузог бол мартаж болохгүй. Загалмайлсан эцгийг бичсэн гэх мэтчилэн. Ер нь уран зохиолын л номуудыг хэлэх байхдаа. Рабиндранат Тагор, Жорж Санд, Жек Лондонгийн зохиолуудад дуртай. Ф.М.Достоевский бол их гайхамшигтай зохиолч юм байна лээ. Манай аавын минь хамаатны ах нь Ш.Шажинбат гэж мундаг зохиолч байсан. Ш.Шажинбат гуайн “Элс цас” гээд роман байдаг. Олон зохиолчид байдаг тэр зохиолч нарт бүгдэд нь дуртай. “Шадар гурван цэрэг” гэх мэт.
Уншихыг төлөвлөж буй ном?
Ер нь бол монгол зохиолчдыг их сайн уншиж байя гэж би бодсон. Монголын зохиолчдын шилдэг түүврүүд гээд 108 боть байдаг. Бүгдийг нь унших юмсан гэж бодож байна. Эндээс бол олон монгол хүмүүсийн монголчуудын түүх болон сонирхолтой сэдвүүдийг уншиж мэдэж болно. Сүүлийн үед бас өөр хувилбараар бичигдээд гарч байгаа юм байна лээ. Габриэль Гарсия Маркесийн номуудыг уншиж дуусгая гэж боддог. Ф.М.Достоевскийн “Карамазовын хөвгүүд”, “Маанаг” гэх мэтчилэн олон сайхан зохиолууд байна. Эдгээрийг ер нь уншиж дуусгана.
Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?
Миний хамгийн хайртай зохиолын баатар бол “Консуэло”. Хэзээ ч мартдаггүй. Тэгээд Консуэло гэдэг чинь өөрөө испани үг. Өөрөө бол испани хүүхэн байдаг. Буржгар үстэй дуучин хүүхэн их үзэсгэлэнтэй эмэгтэй байдаг. Уншиж үзэж байж хүмүүс мэднэ. За тэгээд “Мянган эрийн сэтгэл булаасан бүсгүй” гээд зохиол байдаг. Тэр нь дээр гардаг эмэгтэй үнэхээр гоё. Тэгээд Виктор Гюго “Инээмтгий хүн” дээр Жозиана гэж мундаг хүчирхэг эмэгтэй байдаг. Бас Дэя гэдэг сохор эмэгтэйн тухай гардаг. Шиллерийн “Дээрэмчид” зохиолын Амалиягийн дүрд бас их дуртай. Ер нь уран зохиолын номыг л их унших юм бол дээр нь олон гоё эмэгтэйчүүдийн дүр их гардаг. Мэдээж Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романы Сонягийн дүрийг мартаж болохгүй. Эрэгтэй дүрүүд гэвэл “Инээмтгий хүн” романы Гуинплен, “Хонгор найз” романы Жорж Дюруа, Квазимодод дургүй хүн байдаггүй байх. Мэдээж “Монте-Кристо гүн” романы Эдмон Дантес гоё гэх мэт зохиолууд байгаа.
Танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.
Ярилцсан: Г.Шүрэнчимэг