Ц.Цэрэндорж: Бүхий л эрдэм мэдлэгийн суурь бол бичиг үсэг, ном унших түлхүүр нь ч бичиг үсэг

Ц.Цэрэндорж: Бүхий л эрдэм мэдлэгийн суурь бол бичиг үсэг, ном унших түлхүүр нь ч бичиг үсэг

Иргэншил: Монгол

Овог нэр: Боржигин монход Цэгмэдийн Цэрэндорж

Эрхэлж буй ажил, албан тушаал: МУИС-ийн Ази судлалын тэнхимийн багш, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн салбарын эрхлэгч 

Сошиал хуудсууд: 

Facebook Цэгмэдийн Цэрэндорж  

Таны хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Ерөнхийдөө таарч байгаа. Гэхдээ хүн гэдэг мэргэжлийн чиг баримжаагаа олох гэж нэлээд төөрдөг юм билээ. Бага байхдаа цэргийн хүн болно гэж боддог байлаа. Арай том болоод математик, физик, тэгээд гадаад хэл сонирхсон. Тийм чиглэлийн хүн болно гэж боддог байсан. Одоо би гадаад орон судлалын чиглэлээр бас ажилладаг. Түүхэд хар багаасаа л дурласан боловч үнэнийг хэлэхэд түүхч болно гэж бодож байсангүй. Гэхдээ одоо болчихоод байна. Нэг их зөрөөгүй гэж бодож байна. 

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж  байсан бэ?

Яг сайн санахгүй байна. Биднийг бага байхад “Номын сайн нөхөр” гээд тэдмгийн болзол хангах гээд ном их уншдаг байсан. Түүнийхээ талаар бүртгэл, тэмдэглэл хөтөлнө. Сүүлдээ бүр гартаа таарсан, ямар л бол ямар ном уншдаг болсон. Өөрөөр хэлбэл, ном л бол ном гэсэн байдлаар. Гэхдээ тэр буруу юм шиг санагдсан шүү. Хүүхэд бол өөрийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон ном унших хэрэгтэй. Бодоод байсан чинь, Ч.Лувсанжав гэдэг зохиолчийн “Сүхбаатарын бага нас” гээд хүүхдийн зохиол уншиж байсан шиг санагдана. Жижиг форматтай, тууж л даа.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Ерөнхийдөө хүний амьдралд хамгийн их нөлөөлдөг ном бол “Цагаан толгой” гэж бодож байна. Бүхий л эрдэм мэдлэгийн суурь бол бичиг үсэг, ном унших түлхүүр нь ч бичиг үсэг. Тиймээс энэ бүхэнд хөтөлдөг “Цагаан толгой” маш чухал ном. Харин яг миний амьдралд нөлөөлсөн ном гэвэл түүх сонирхоход анх хөтөлсөн ном юм уу даа. 1 дүгээр ангид байсан байх аа. Хагас сайнд эмээгийндээ очдог байсан юм. Нэг очсон чинь түлээнийх нь авдар дотор эхний ганц нэг хуудас нь урагдсан нэг ном байна. Аваад унштал дайн байлдаантай ном байна. Сонирхолтой санагдаад уншиж дуусгалаа. Үнэндээ заримыг нь сайн ойлгоогүй. Арай том болоод тэрхүү ном бол нэрт түүхч Н.Ишжамц гуайн “Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэг тэмцэл” хэмээх ном байсныг олж мэдэж билээ. Энэ номыг л нэрлэе дээ.

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Миний хийж буй ажил өөрөө ном бүтээдэг ажил. Нэрийг нь бүгдийг нь дурдахад жаахан хэцүү байна. Ерөнхийдөө эрдэм шинжилгээний бүтээл, орчуулгын бүтээлүүд гэж ангилж болно. “Монголчуудын түүх соёлын атлас”, “Чингис хаан”, “Үлэмж их Чингис хаан”, “Чингис хааны өв”, “Хубилай хаан ба түүнийг залгамжлагчид” зэрэг хамтын бүтээл бий. Бас “Юань улсын судар”, “Илтгэл шастир”, “Сарны гэрэл”, “Манжийн үнэн магад хууль” зэрэг түүхийн сурвалжийг судалж нийтлүүлсэн. “Гурван улсын нөхсөн судар”, “Хоёр засгийн газартай 1921 оны Монгол”, “Монголын эзэнт гүрний мандал буурал”, “Дэлхийн Монгол гүрэн”, “Умар газар одсон хувийн тэмдэглэл”, “Мин улсын судар”, “Гурван улсын түүхэн тэмдэглэл” зэрэг сурвалж, судалгааны бүтээлийг орчуулж гаргасан. Уран зохиол бага орчуулсан. “Хон Гилдон нэрт шастир” гээд Солонгосын эртний сонгодог зохиол л байх шив дээ. Өгүүлэл, илтгэлийг оролцуулахгүй, яг бие даасан ном гэвэл орчуулгын ном, эмхэтгэлийг оруулбал 60 шахам болох байх аа. Эрхэлж хэвлүүлсэн, редакторласан бүтээлийг оруулбал бүр ихсэх биз.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Яг одоо гэвэл, Японы нэг түүхчийн Зүчийн угсааны улсуудын талаарх судалгааны том бүтээл уншиж байна даа.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Мэдээж дуу чимээ багатай, анхаарал төвлөрөхүйц орчинд уншвал сайн. Тэгэж байж уншсан шиг болдог. Миний хувьд орон дээрээ хэвтчихээд эргэж хөрвөөсөн шигээ ном харж байх л дуртай даа.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Айхавтар сүрхий арга барилсаад байх юу байх вэ дээ. Ойрдоо бол уран зохиолын ном бага уншиж, эрдэм шинжилгээний ном түлхүү уншиж байна. Нэг бариад авбал дуусгаж байж л салдаг даа. Хааяа хоёр, гурван ном зэрэг, ээлжлэн уншдаг. Мэргэжлийн номыг бол зарим хэсгийг нь гүйлгэж харчихаад, яг судалгаандаа холбоотой хэсгийг нухацтай уншина шүү. Зарим хүн зурж тэмдэглээд уншдаг бол би тэгж уншдаггүй. Ном нь хайран санагдаад байдаг юм. Хааяа хэрэгтэй хэсэгтээ цаас нааж тэмдэглэнэ ээ. Би чинь ном уншихын өмнө заавал гараа угаадаг хүн. Ном бол ариун зүйл гэж боддог. Арчиж цэвэрлэж болох номноос бусад номыг, ялангуяа нимгэн хавтастай номыг заавал хавтаслана шүү.

Бас нэг сонин зуршилтай. Шинэ номтой товч танилцахын тулд хойноос нь урагшаа гүйлгэж хардаг юм. Эртний дорно дахины ном араасаа уншигддаг шүү дээ. Яг тэрэн шиг. Яагаад тэгдэг болсныг бүү мэд. 

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Яг тэр энэ гээд хэлэхэд хэцүү байна. Сүүлийн үед хүмүүс ном гэхлээр уран зохиолын ном гэж ойлгоод байх шиг. Ном өөрөө олон янз шүү дээ. Ер нь бүх л номноос урам зориг, ялангуяа ухаарал авч болно. Ном сайн бол сайхан эрч хүч авна, муу ном бол сургамж, туршлага болно. Ядаж л ийм муу ном зохиож болохгүй юм байна шүү гэдгийг ухаарна даа. Хүн ер нь аливаа юмыг олон талаас нь харж эргэцүүлж боддог болох хэрэгтэй. Тиймээс сонирхсон чиглэлээсээ гадна, аль болох олон чиглэлийн ном уншвал сайн. Үлгэр, домгоос авахуулаад дэлхийн сонгодгууд, орчин үеийн шинэ хэлбэрийн зохиол, нарийн мэргэжлийн ном хүртэл уншвал тэр хэрээр нүд нээгдэнэ гэж бодож байна.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Монголынхтойгоо нийлээд 4 орны номын сангийн үнэмлэх бий.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

За, одоо сайн мэдэхгүй л байна. Төрөл гэдэг чинь нөгөө уран зөгнөлт, детектив, хошин шог энэ тэрийг хэлж байна уу, эсвэл яруу найраг, үргэлжилсэн үг энэ тэрийг хэлээд байна уу? Тэгвэл би яруу найраг лав биш. Тэгэхээр үргэлжилсэн үг, тэр дундаа түүхэн тууж, роман хавьцаа л юм болов уу даа. Хуучны юм судалдаг, өөрөө бас хуучинсаг маягийн хүн чинь тэр хавьцаа л тусах байх даа. Гэхдээ нэг их сонирхолтой ном байж чадахгүй л болов уу. (инээв)

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Сайхан асуулт байна. “Ном бол ертөнцийг харах цонх” гээд сайхан үг бий. Одоо бараг сонсдохоо больж. Тэгэхээр ном уншихгүй бол ертөнцийг гүйцэд сайн харж чадахгүй, хагас дутуу үзчихээд буцна гэсэн үг байх даа. Ном уншихлаар олон хүний амьдралаар амьдарч үзсэн юм шиг л болдог. Өөрөөр хэлбэл, хэд дахин амьдарсан мэт болдог. Одоо ч тэгээд ном унших тусам, өөрийгөө юу ч мэддэггүй гэдгээ л мэдэрч сууна даа. Ном бол эрдэм мэдлэг, ухаарал сэхээрэл, түүгээрээ дамжаад сайн сайханд хүрэх түлхүүр гэж боддог. Тэр түлхүүрийг гартаа барьж үзэлгүй хорвоог туулах нь харамсалтай.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Болж өгвөл цаасан хэлбэрээр уншихыг боддог. Гэхдээ зарим нэг номын олдцоос хамаараад хааяа цахимаар уншиж байна. Гадаад дотоод явахад тэр нь ч амар юм. Цахим ч заримдаа уншихад төвөгтэй санагддаг. Уран зохиолын номыг бол цаасан хэлбэрээр л уншдаг.

Унших дуртай зохиолч?

Би чинь түүхийн хүн учраас дурсамж, дурдатгал, түүхэн романд илүү дуртай. Нэрт зохиолч Жамбын Пүрэв гуайн зохиол бүтээлийг унших дуртай. Пүрэв гуай өөрөө мэргэжлийн түүхч хүн учраас маш сайн судалгаатай бичдэг. Энэ их зохиолчтой 90-ээд оны сүүлчээр хальт уулзаж байсан. Тогоонтөмөр хааны тухай бүтээл бичиж байгаа гээд хэрийн хүн анзаарахааргүй, маш нарийн асуулт асууж билээ. Тухайн үед дөнгөж шинэ ажилтан, үнэндээ асуултад нь хариулж чадаагүй л өнгөрсөн.

Уншихыг төлөвлөж буй ном?

Одоогоор яг төлөвлөсөн ном алга. Хийж буй судалгааны чиглэлийн ном уншина даа. Сүүлийн үед гарсан түүхийн судалгааны олон сайхан бүтээлийг номын садан, найз нөхдөөсөө бэлгэнд авдаг. Эхнээс нь уншаад явж байна. Уншиж амжаагүй ном зөндөө үлдсэн. 

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

“Монте Кристо гүн”-гийн Эдмон Дантес юм уу даа. Асар их зовлон бэрхшээлийг туулж эцэстээ жаргалд хүрсэн хүний тухай зохиол шүү дээ. Тэвчээр хатуужил, ухаарал эргэцүүлэлд хөтөлдөг хүн гэж боддог.

 

Vandan Tuvshintogtoh

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *