Э.Амарзаяа: Ном уншихын эцсийн утга учир бол миний хувьд өөрийгөө олох л байсан.
Хүүхдийн зохиолч Эрдэнэпилийн Амарзаяа
Сошиал хуудас: https://www.facebook.com/zohiolchamarzaya
Таны багадаа болохыг хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?
Би дунд сургуулиа 1998 онд төгсөөд нэг хэсэг ямар чиглэлээр явахаа сайн мэдэхгүй байсан. Тэгээд яг ямар мэргэжилтэй болохоо сонгоогүй. Тухайн үед миний орж чадах сургууль ч гэж байгаагүй л дээ. Үеийнхэн эдийн засаг, хэлний чиглэлээр янз бүрийн сургуульд орцгоогоод л. Би угаасаа хичээлдээ тааруу, муу сурлагатай хүүхэд байсан. Хичээл байнга тасална. Гэхдээ ном унших их дуртай хүүхэд байсан. Аав, ах хоёр л хөөцөлдөж байж арай хийж л арван жил төгссөн гэрчилгээ авсан. Тухайн үед зах зээл эхэлчихсэн. Хүмүүсийн амьдрал тиймхэн байсан. Тэгээд аавын таньдаг зах дээр наймаа хийдэг нэг эгч байсан. Тэр эгч туслах хүн хэрэгтэй гээд тэгээд би 16 настайдаа сарын 50,000 төгрөгийн цалинтай наймаачны туслах гэдэг ажилд орж байлаа. Миний үүрэг бол өглөө очоод барааг нь дэлгэж өгөх, наймаа хийж байхад барааг нь харж өгөх, тэгээд орой хураахад нь туслах, ачаа бараа зөөх гээд. Тэгэхэд л хүмүүсийн амьдралыг ажиглаж, зохиолч болох анхны туршлага сууж эхэлсэн гэж боддог.
Тэгээд дараа нь манайх жижиг гутлын цех ажиллуулж эхэлсэн. Манай гэрийнхэн, аав ээж хоёр ер нь гарын уртай хүмүүс. Гэртээ гутлын цехэд ажиллаж байгаад 2002 онд 22 настайдаа “Урлах Эрдэм” дээд сургуульд “Гутал Арьсан Эдлэлийн дизайнер”-ийн ангид орсон. Энэ түүх их гоё. Миний амьдралд нэгэн чухал алхам болсон.
Ээж нэг өдөр зах дээр гутлаа зарж ирчхээд их баяртай орж ирснээ “Миний хүү гартаа дүйтэй, хүүхдүүдийг шалгаж авдаг нэг сургууль үйлдвэр комбинатад байдаг гэнэ. Тийшээ л явья гэсэн. Төгсөөд гутлын зохион бүтээгч мэргэжилтэй болчихно. Тэгээд дээд сургуулийн диплом өгдөг гэнэ” гэсэн.
Тэгээд ээжтэй цуг хийсэн гутлаа аваад “Урлах Эрдэм” гэдэг сургуулийг эрж хайж байгаад олж очсон. Би дуугай, бүрэг талдаа хүүхэд байсан. Харин Урлах Эрдэм дээд сургуульд ороод илүү нээлттэй болсон. Тэгээд сургуулиа төгсөөд 2010 он хүртэл гутлаа хийж байгаад 2010 оноос бичсэн зохиолоо хэвлүүлж эхэлсэн. Тэгээд өнөөдрийг хүртэл явж байна.
Дунд нь МУИС-ийн Утга зохиолын тэнхимд суралцаж, утга зохиолын магистр хамгаалсан. Тэнд би уран зохиолын онолтой танилцаж, зохиолын гүн агуулгад нэвтэрсэн шүү. Миний суралцсан сургууль, мэргэжил бүгд надад маш хэрэг болж, намайг шат, шатаар ахиулж хөгжүүлсэн.
Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?
5 дугаар ангиасаа эхэлж ном уншаад эхэлсэн. Хамгийн эхлээд 3-4 дүгээр ангидаа ЗСБНХУ-үлгэрүүд гээд гоё зурагтай үлгэрийн ном олж уншиж байсан. Тэр таалагдсан. Үүний дараа 5 дугаар ангидаа Киплингийн “Шаалуу хүү Маугли” гэдэг ном надад маш их таалагдсан. Түүнээс хойш л ном унших их дуртай болчихсон. Тухайн үед амьтад хүн шиг ярьж байгаа нь надад маш гүнзгий сэтгэгдэл төрүүлж, номын үйл явдлыг зүүдэлж байлаа. Даанч тэр ном манай ангийн хүүхдийнх байсан болохоор буцаагаад авчихсан. Хожим тэр номоо дахин олж авсан. Тэр цагаас хойш Киплинг миний хамгийн хайртай зохиолчдын нэг болсон.
Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?
Хүүхэд байхад унших хүүхдийн ном олдохгүй байсан. Би ном уншмаар байна, надад гоё ном олоод өгөөч гэж ээжид дандаа захидаг байсан. Ээж гадуур хайж яваад хөөрхөн, хөөрхөн ном байх юм. Даанч дандаа орос хэл дээр байх юм гэдэг байсан. Үүнээс болоод орос хэл бага зэрэг үзэж эхэлсэн. Тэр үед 1992, 1993 оны үед байх. Номын сангууд орос номоо их акталдаг. Оросын хүүхдийн ном олдоц ихтэй, бараг үнэгүй шахам л байсан юм шиг байна лээ. Тэгээд найм, есдүгээр ангид байхдаа санамсаргүй нэг хүүхдийн орос ном олж уншсан нь оросын зохиолч Анатолий Алексины бичсэн “Аймаар сүртэй явдал” гээд ном олж уншсан. Тэр надад маш их таалагдсан. Ялангуяа нэгдүгээр биеэс бичсэн бичлэгийн хэв маяг нь. Ер нь 1995-2000 он хүртэл нэг хэсэг би өөртөө таалагдах номуудыг түүж уншиж, цуглуулж эхэлсэн. Тэгээд л тэдгээр номууд дундаас миний бичлэгийн хэв маяг бүрэлдэж эхэлсэн.
Таны ширээний ном.
Дуртай ном гэвэл маш олон байгаа. Харуки Муракамид нэг хэсэг донтсон шүү. Сүүлдээ номууд нь давтагдаад, нуршаад байгаа байгаа юм шиг санагдаад уншихаа больчихсон. Германы зохиолч Волфганг Херндорф “Чик” гээд хүүхдийн зохиол үнэхээр гоё. Бичлэг нь задгай чөлөөтэй. Тэрийг нэг хэсэг олон удаа уншсан. Бичлэг нь орчин үеийн шинэлэг.Ж.К Паласиогийн “Гайхамшиг” гээд номыг ширээн дээрээ байнга байлгаж байгаа. Ер нь дажгүй энгийн, хөнгөхөн бичлэгтэй мөртлөө агуулга, үйл явдлын өрнөл сайтай. Үйл явдал нь яг тэсрэлт хийх гэж байгаа юм шиг мөртлөө юу ч болдоггүй гацчихсан юм шиг бичлэгтэй. Тэр нь надад таалагдаад байгаа.
Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?
Би 2010 оноос хойш зөндөө хүүхдэд зориулсан 32 ном бичээд байна. Голдуу өсвөр насныханд зориулсан номнууд. Миний пэйж руу ороод ямар ном бүтээснийг сонирхоорой. Хүмүүстэй хамтраад нилээн ном бүтээлцсэн. Жишээ нь Д.Батжаргал багштай цуг “Хүүхдийн уран зохиолын тайлбар толь” , “Хүүхдийн уран зохиолын судлал шинжлэл”, Хүүхдийн зохиолчидтой хамтраад “Хүүхдийн шилдэг зохиолын түүвэр ном” бүтээлцэж байсан.
Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
Яг одоо “Баяртай Хикикомори”, “Сонгогдоогүй Краш” гээд өөрийнхөө хоёр шинэ туужийн ноорог дээр ажиллаж байна. Дахиж сайн уншаад, засвар хийгээд сууж байна.
Номыг хаана уншвал тав тухтай санагддаг вэ?
Номыг нам гүм орчинд уншвал зүгээр. Тэгэхээр гаднын шуугиан, чимээ сатаарах зүйл багатай газар л унших хэрэгтэй. Зурагт, интернет, гар утас ном уншихад саад болоод байдаг юм.
Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?
Анх номыг нэгбүрчлэн, эхнээс нь дуустал уншдаг байсан. Харин одоо бол номыг ерөнхийд нь эргүүлж харах, бүтэц, бичлэгийн онцлог, шинэ содон хэв маяг нь юу вэ гэдгийг л олж хардаг болсон. Ном уншихад цаг заваа зохицуулах хэрэгтэй.
Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?
Бүх хүнд тохирсон ном гэж байдаггүй. Хүн болгон өөр, өөрийн зуршил, хандлага, сонирхолтой. Түүндээ л тохирсон номоо өөрөө сонгоод, олж унших хэрэгтэй гэж боддог. Бусдын заасан номыг хүчээр уншина гэж байхгүй. Ном унших гэдэг бол өөрийгөө танин мэдэх, өөрийнхөө хэн болохоо эрж хайсан эрэл хайгуул юм. Ямар нэг номыг уншаад тэр ном чинь чамайг догдлуулж байвал тэр чиний бестселлер ном мөн.
Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?
Надад оюутан байхдаа хэрэглэж байсан Нацагдоржийн номын сан болон Хүүхдийн төв номын сангийн үнэмлэх л хоёр л байгаа. Гэхдээ би номын санд ном уншиж чаддаггүй. Номын санд сууж байгаа хүмүүсийг ажиглаж харах их гоё санагдаад байдаг юм. Номын санд суухаар хүмүүсийг ажиглаж харсаар өдрийг өнгөрөөдөг. Энэ бол нэг төрлийн зохиол бичих дасгал шүү.
Өөрийгөө ном гэж дүрсэлбэл ямар төрлийн ном бэ?
Би сансарын сэдэвтэй уран зөгнөлт ном болж магадгүй. Ямар ч байсан, түүхийн ном, аж байдлын сэдэвтэй роман л лав биш.
Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?
Цахимаар ном естой уншиж чаддаггүй. Цахим ном цаасан номыг нэг л гүйцдэггүйн билээ. Цаанаа л нэг биет бус, нэг л амьгүй байгаад байдаг. Нэг хэсэг цахим ном гэж шуурч байгаад, одоо буцаад цаасан номоо хэрэглэж байна. Ялангуяа хүүхдэд цахим ном битгий уншуулж байгаарай.
Уншихыг төлөвлөж буй ном?
Сүүлийн үед гарч байгаа шинэ содон номнуудыг үзэж байгаад дундаас нь сонгоод авчихдаг.
Унших дуртай зохиолч?
Киплинг, Майн Рид, Жюль Верн, тэгээд Анатолий Алексин, Харуки Мураками, Владимир Набаков, тэгээд Ж.К Роулинг, Стефан Мэйри гээд. Гэхдээ нэг зохиолчийн бүх бүтээлийг шүтэхээсээ илүү, гаргасан нэг нэг онцгой бүтээлийг нь түүж цуглуулах дуртай.
Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?
Өөрийнхөө зохиосон номын баатрууддаа маш хайртай. Үлэг гүрвэлийн хөндий цуврал номын профессор Батаа, профессорын охин, тэгээд зэрлэг адуу судлаач, тэгээд Тэмүүлэнгийн 6 цуврал номын баатар Тэмүүлэн, Миний супер найз, “Эрдэнэсийн эрэлчид” номын баатрууддаа хайртай. Ер нь бичсэн зохиол болгоны баатрууддаа хайртай.
Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?
Ном уншихын эцсийн утга учир бол миний хувьд өөрийгөө олох л байсан. Би яг юунд дуртай юм. Ямар чиглэлээр явбал аз жаргалтай, амжилттай сайхан амьдрах юм гэдгээ ном уншиж байж л би ойлгосон.