О.Оюунцэцэг: Гэртээ ажлын ширээ, номын сантай, хуучны номын цуглуулгатай байх нь дэлхийн хамгийн сайхан тансаглал юм.

О.Оюунцэцэг: Гэртээ ажлын ширээ, номын сантай, хуучны номын цуглуулгатай байх нь дэлхийн хамгийн сайхан тансаглал юм.

Хаана амьдардаг вэ?

Австрали улсын Сидней хотод ажиллаж, амьдардаг.

Social хаягууд?

  • Жиргээ @OOGIIHEELS,
  • Нүүр ном: OOGII, OOGIIEDU болон хувийн хаяг маань OOGII FLOWER,
  • Инстаграм хаягууд OOGIIHEELS болон OOGII.COM.AU

Эрхэлж байгаа ажил, албан тушаал.

Австралийн Эзэмшлийн Хамгийн том IT компани болох RackCorp-ийн Глобал ПР захирал, Оогий Эдү болон Оогий Фашионы үүсгэн байгуулагч, Австрали Азийн Бизнес Консулийн ТУЗ-ийн гишүүн, МҮОНРТ-ийн Австрали дахь сурвалжлагч, Австралийн Миссийн хоёр тэмцээний (The Pageant of The World болон Miss Auto D Elligance) шүүгч хийдэг.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

За байз юу билээ. Гурван наснаасаа билүү? Ямартаа ч  үлгэрт дуртай, сониуч хүүхэд байсан тул бусдыг байнга үлгэр уншаад өгөөч гэж гуйдаг, томчууд завгүй тул сүүлдээ өөрөө уншиж сурсан. Одоо санаж байгаагаар анхны ном маань зохиолч Алексей Толстойн Алтан түлхүүр ба Буратиногийн адал явдал байсан. Хэдэн ч удаа уншсан хэзээ ч уйдаж байгаагүй.

Таны амьдралыг хувь хүнийг өөрчлөхөд хамгийн чухал нөлөө үзүүлсэн номуудыг дурдвал.

Үлгэрийн болон адал явдалт хүүхдийн номуудаас гэгээлэг, итгэлтэй байдлыг олж авсан байж мэднэ. Надад хэцүү хүнд үе, өдөр тохиолдвол би үлгэрийн ном уншиж, хүүхэлдэйн кино үздэг. Харин амьдралд нилээн нөлөөлсөн ном гэвэл Sharon Rodrick – н Australian Media Law намайг хуульд дуртай болгосон. Мөн этик ёс зүй гэдгийг хар ухаанаар ойлгоод байдаг мөртлөө яаж хуульчилдаг болон кэйсүүд дээр ажиллахад их сонирхолтой санагдсан.

Таны ширээний ном.

Одоо бол Oxford Dictionary of English болон Хуулийн номнууд ширээний ном болжээ. Мөн би хэзээ ч хүүхэд хэвээрээ байх байх. Одоо ч романтик номууд уншдаг. Jane Austen-ы 7 боть орны минь хажуу талын тавиур дээр байдаг. Одоогоор Pride and Prejedice болон Emma хоёрыг л уншиж дуусгасан. Love and Friendship-г эхлүүлсэн боловч дуусгаагүй бараг нэг жил болж байна хэхэ

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Маш сайхан асуулт байна. Баярлалаа. Гэхдээ одоогоор надад бичсэн, оролцсон ном бол байхгүй. Би бичих дуртай. Өөрийгөө илүү боловсруулж байгаад нас жаахан явахаар ном бичнэ ээ. Одоохондоо бол ном бичих хэмжээнд боловсроогүй, бэлэн биш.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Би тухтай хагас хэвтэж байгаад үлгэрийн ном, адал явдалт зохиол унших дуртай. Хажуудаа лонхтой цай тавиад, эсвэл том аягатай кофе амттантай тавиад тухтай унших дуртай. Харин хуулийн ном болон мэргэжлийн номуудаа ажлын ширээний ард, ширээний зөөлөн гэрэлтэй, номын тавиур дээр тавиад унших илүү дуртай.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу.

Ээ хэхэ надад тийм мундаг арга барил бол байхгүй. Жаахан хурдан уншдаг талдаа. Хүн бүрийн ном уншихдаа авдаг мэдрэмж өөр өөр байдгийг сүүлд мэдсэн. Би бол ном уншихдаа нүдэндээ төсөөлж яг кино үзэж байгаа мэт уншдаг. Одоо бол ажлын шаардлагаар аудио ном илүү сонсдог болж байна. Гэхдээ л хэвлэмэл номд хүрэх мэдрэмж, өөрөө оюун санаандаа өөрөөр төсөөлөн ургуулах тэр мэдрэмжийг ямар ч шинэ технологи гүйцэхгүй гэж хувьдаа боддог.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл ямар төрлийн ном бэ?

Сайхан асуулт байна. Би бол Pride and Prejedice байх. Адал явдалтай, боловсрол мэдлэгийг үнэлдэг, сахилгагүй гэхдээ ёс зүйтэй. Бас романтик, хааяа хүүхэд шиг…

Хэн гэдэг зохиолчийн бүтээлийг алдалгүй олж авъя гэж боддог вэ. Хүндэлдэг, хайртай зохиолч тань хэн бэ?

Ажлын холбогдолтой богино өгүүллэгүүд, шинжлэх ухаан, судалгаа, баримт, шинэ санаа, IT, бизнестэй холбоотой мэргэжилтнүүдийн бичсэн номнуудыг уншихыг илүү эрхэмлэдэг. Хүсдэг гэхээсээ илүү шаардлагатай болж байна. Хуулийн ном бол байнга шинэчлэгддэг тул аль болох шинэчлэгдсэн шинэ хэвлэлтийг нь уншихыг илүүд үздэг.

Одоо уншихаар төлөвлөж байгаа, уншиж байгаа бүтээлүүдээ нэрлэвэл.

Монголын түүх, Монголын Нууц Товчоо, Алтан Товч гэх Монгол номуудаа унших юм сан гэж бодож сууна. Мөн зав зайгаа тохируулж байгаад Jane Austen-ы номуудаа уншиж дуусахыг хүсч байна.

Номын уншихын утга учир, үнэт зүйл юундаа оршдог юм бэ. Манай уншигчдад хандаж хэлбэл.

Бидний тархи бол булчинтай адилхан үргэлж ажиллуулж байх хэрэгтэй. Ном уншина гэдэг нь тархины фитнес юм шүү дээ. Гэртээ ажлын ширээ, номын сантай, хуучны номын цуглуулгатай байх нь дэлхийн хамгийн сайхан тансаглал юм. Миний хувьд ертөнцийг харах цонх, эрүүл саруул байхын үндэс болсон ном, номын сангаа үргэлж хүндэтгэдэг.

Хотын Төв Номын сангийн уншигчид болон ажилтан та бүхэндээ 40 жилийн ойн мэндийг хүргэе.

Намайг урьж ярилцсанд маш их баярлалаа.

 

Vandan Tuvshintogtoh