Ш.Эрдэнэцэцэг: Ном бол Монгол түмний хэдэн мянганы туршид бүтээсэн соёлын үнэт зүйлийг хадгалж ирсэн бөгөөд цаашид сэргээх, уламжлуулах гол түлхүүр нь.

Иргэншил: Монгол

Овог нэр: Шинэнгийн Эрдэнэцэцэг

Эрхэлж буй ажил, албан тушаал: СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн, захирал

Сошиал хуудсууд: Facebook: Shinen Erdenetsetseg

Таны хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Миний аав, ээж худалдааны байгууллагад ажилладаг байсан учир бараа судлалаар суралцахыг хүсдэг байлаа.  Харамсалтай нь 10 жилийн сургуулиа төгсөөд, хөдөөний хүүхдүүдийн Улаанбаатар хотыг үзэх гэсэн хүслээр Улаанбаатар хотод анагаахын сургууль дүүргэсэн. Төгссөний дараа өөрийн авьяас сонирхол, сумын намын даргын даалгавраар соёл, урлагийн салбарт эргэлт буцалтгүй орж, улмаар соёл, урлагийн их сургууль төгссөн. Дунд нь анагаах руу орж будлисныг эс тооцвол, бараа судлаач болох багын хүсэл маань соёл судлаачаар солигдсон юм. Тиймээс миний багын мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил маань нэг их хол зөрөхгүй гэж бодож байна.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

“Робинзон Крузо”, “Хурлийз бүсгүй” бүтээлийг уншсан. Тэр үед хөдөө суманд 22 цагт гэрэл унтардаг байлаа. Ээжээсээ нуугаад, гар чийдэн тусгаад уншина.  Тэр номын гол баатар хурлийз бүсгүйн амьдрал ийн нойрыг минь хулжаадагсан. Мөн үлгэрийн ном их уншдаг байлаа. Манай сумын номын санч Бизъяа эгч биднийг номонд дуртай, номыг хайрладаг, гамнадаг соёлд сургасан гэж боддог. Номын баатруудаар АСТ, театрчилсан тоглолт, уран уншлагын уралдаан гэхчлэн ном тойруулан зохиох соёлын ажлыг их сайн хийдэг байсан нь сэтгэлд тодхон үлдэж дээ. Жишээ нь, “Ном эмчлэх” гэдэг хөдөлгөөн өрнүүлээд уншсан номоо засах, сэлбэх даалгаврыг өгдөг. Бид нар ч хамгийн гоё хийх гэж уралддаг. Тэр үед гардаг байсан Зөвлөлт Холбоот Улс сэтгүүлийн хамгийн гоё зургаар хавтсыг гоёдог байлаа. Тэгж хийж чадсанаараа одоогийнхоор бол маш их “кайф” авдаг байлаа.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

6-р ангид байхдаа Тэс суманд нагацындаа очлоо. Нагац аав маань малаа хотлуулсны дараа биднийг тойруулж суулгаад надаар ном уншууллаа. Зохиолын баатрын дайснаа дарж дархан цолоо олж буй, хатан буулгаж, найр хийж буй гээд л мөн ч их сонирхолтой байж билээ. Тэр бол “Бум-эрдэнэ” тууль байсан төдийгүй, хожим судлаач болж хуримын зан үйлийн судалгаа хийхэд хүргэсэн болов уу гэж боддог. 

Таны ширээний ном?

Нэг их онцгойлоод байх юм байхгүй л дээ. Тухайн үед хийж байгаа ажилтайгаа холбоотой номнууд л ширээн дээр ойрхон байдаг даа. Дурлаж уншдаг ном бол Б.Сумъяа гуайн “Монголын соёл орших уу, эс орших уу” гэдэг нимгэн боловч уншаад барахгүй номыг нэрлэе даа.

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

За нэг их олон юм байхгүй. 2005 онд “Баядын хуримын зан үйл”, 2010 онд “Баяд хуримын зан үйлийн бэлгэдэл” бүтээл,  2018 онд Соёл, урлагийн тайлбар толь: Бүжиг  хамтын бүтээлийн төслийн удирдагчаар ажиллаж, 2014-2018 оныг хүртэл монгол туургатан ард түмний дунд хийсэн хээрийн судалгааны материалыг энэ бүтээлд оруулсан нь шинэлэг юм уу даа. 2020 онд “Наранд ойрхон нутаг дээд монгол” хээрийн судалгааны эмхтгэл, Бүжгээр урлахуйн увдис, Монголын соёл, урлаг судлал сэтгүүл, “Үндэсний соёл-гэр бүл” суурь судалгааны бүтээл гэх зэрэг эрхэлж хэвлүүлсэн, редакторласан бүтээлийг  оруулбал 30-аад юм байнаа.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Манай хүрээлэнд Соёл, урлагийн тайлбар толь: “Соёлын өв”-ийг бүтээх ажил хийгдэж байна. Тиймээс соёлын өвд холбогдох ном уншиж байна. Мөн зав зайндаа Луо Гуань Жуны “Гурван улсын үлгэр” романыг л уншиж байна.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Гэртээ орон дээрээ хөрвөөсөн шигээ унших дуртай.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Арга барил гэх сүйдтэй юм байхгүй ээ. Яагаад ч юм номыг хуудас дараалан уншиж чаддаггүй. Бараг ихэнхдээ хойноос нь, дундаас нь гэх мэт уншдаг. Гэхдээ энэ миний буруу хэвшил байхаа.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Хилийн гадна байгаа монгол туургатны соёлыг судлаад явж байхад тэд хэдийгээр биднээс хол байгаа ч монгол соёлоо хэрхэн дээдэлж, хадгалж хамгаалж байгааг хараад бахархах сэтгэл төрдөг. Харин манай монголчууд монгол соёлоосоо ихээхэн хүнийсэх хандлагатай болж байгааг хараад,  бид юутай үлдэх юм бол гэж бодохоор харуусал төрдөг. Тиймээс залуучууддаа эх орон, угсаа гарал, соёлынхоо утга учир, бэлгэдлийн талаар бага ч болов мэдлэг, боловсрол, ухаарал сэхээрэл авахад нь профессор Б.Сумъяа гуайн “Монголын соёл орших уу, эс орших уу” номыг л санал болгоно доо.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Монголоос гадна ОХУ-ын Халимагийн их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийнх нь үнэмлэх бий. Өөр юм байхгүй ээ.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Мэдэхгүй дээ. Өөрийгөө ном гэж харах нь юу л бол. Заавал харъя гэвэл угсаатны соёл судлалын чигийн байх болов уу.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Өнгөрсөн, одоо, ирээдүйг харах цонх гэж бодож байна. Ном бол Монгол түмний хэдэн мянганы туршид бүтээсэн соёлын үнэт зүйлийг хадгалж ирсэн бөгөөд цаашид сэргээх, уламжлуулах гол түлхүүр нь.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Цаасаар голлон уншдаг. Цахимаар уншсан ч цаасаар уншсаны дайны байдаггүй юм шиг санагддаг.

Унших дуртай зохиолч

Бага залуудаа уран зохиол их уншдаг байж. Ажил, мэргэжлийн шаардлагаар ч юм уу голдуу судалгааны бүтээл харах болж дээ. Дуртай, тэр энэ гээд байх юм байхгүй л дээ. Сонирхолтой байвал уншдаг. Д. Маам гуайн “Газар шороо” романыг унших дуртай.

Уншихыг төлөвлөж буй ном?

Соёлын өвийн чиглэлээрх ном бүтээлийг уншина даа.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Хар багадаа уншсан болохоор тэр үү туулийн баатруудын дүр санаанаас гардаггүй. Мөн Хурлийз бүсгүй, Монте кристо гүнгийн дүр гайхалтай санагддаг.

 

Vandan Tuvshintogtoh