Н.Гантулга: Сэтгэл дүүрэн амьдрахын эрдэнийн түлхүүр ном, үүнээс сайхныг одоодоо би хэлж чадахгүй

Н.Гантулга: Сэтгэл дүүрэн амьдрахын эрдэнийн түлхүүр ном, үүнээс сайхныг одоодоо би хэлж чадахгүй

Овог нэр

“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Норовын ГАНТУЛГА

Эрхэлж буй ажил, албан тушаал.

“Өдрийн сонин”-ы Эдийн засаг, нийгэм, соёлын мэдээллийн албаны дарга 

Social хаягууд?

-Та уран зохиолд дурлагч, идэвхтэн уншигч байсан болов уу. Энэ талаар эхлээд сонирхоё?

-Хүн чинь бага балчраасаа л өөрийнхөө хувь заяаг тодорхойлох гэж янз бүрийн эрэл хайгуул хийдэг шиг. Мөн өөрт нь бурхны ч гэмээр юм уу, ямар нэгэн өгөгдөл буйг үе үехэн санамсаргүйгээр сэрж мэдэрч байдаг шиг санагдана. Хайртай морийг нь аав нь замын хүнд өгөөд явуулчихсанд сэтгэл гунин зүүдлээд, тэгэхдээ өнөө бор морьтойгоо нисч байна гэж зүүдэлсэн тухайгаа Ж.Гүррагчаа баатар ярьдаг. Ирээдүйд сансар огторгуйг эзэгнэсэн нисгэгч болохынх нь зөн совин, бурхны өгөгдөл зүүдээр нь дамжиж иржээ. Үүн лүгээ олон хүний дурсамж дуртгалд сонин сайхан намтар бий л дээ. Миний хувьд бол намтарсаад байх ч юу байх билээ. Гэхдээ шүлэг яруу найраг, номын хүн болно гэсэн ойлголт бүр сургуульд ороогүй байх үеэс суусан юм уу. Би чинь 1991 онд анх монгол бичгээр амласан сурагчдын нэг. Гэтэл ерэн оны намар 7 настайдаа хаяа айлын ах, эгч нарын номоос “Тугалаа битгий зодоорой” гэсэн шүлэг олж үзсэн. Кирилл бичгийг сонин үсэглэж уншсаар байгаад сурчихсан юм. Ном уншдаг болоод, тэр шүлгийг олоод цээжилчихсэн хэрэг.

“Хөөрхөн алаг тугалаа

Хөөж элдэж болохгүй

Хөхөж цаддаг сүүнээс нь

Хөөрүүлж чи уудаг шүү” гээд алдарт

Чойжилжавын Лхамсүрэн, “Хүрэн морь” найраглал

Энэхүү найраглал яг л хөдөөгийн хүү надад зориулсан юм шиг санагддаг байж билээ. Дөрөвдүгээр ангийн сурагч байхад аав минь Б.Явуухулангийн “Ээлтэй сэлэм”, Т.Очирхүүгийн “Тэнгэрийн хаяаны од” гэсэн хоёр номыг айлаас авчирч өгсөн юм. За тэр хоёр номыг би үнэхээр элээсэн. Явуугийн “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” гээд олон шүлгийг цээжиллээ. Очирхүү гуайн “Сэгс цагаан Богд” найраглалын хариу болгож бичсэн урт шүлгийг цээжилчихсэн. Нэг инээдтэй гэмээр зүйл хэлэхэд, өвлийн амралтаар гэртээ байтал ээж “Үхрийн баас арилга” гээд гаргалаа. Гэтэл өвөлжөөн дотор хүүхэд чанга чанга яриад байгаа дуулдав гэнэ, намайг бусадтай нийлж ажлаа орхилоо гээд ээж загнах санаатай очтол хоорондоо ярих биш юм уншаад байх юм гэнэ. Дөхөөд өвөлжөөний саравчаар хартал хашаа хороогоо цэмцийтэл арилгаад хүрзний ишээ амандаа тулгаад барьчихсан шүлэг уншиж байсан гэдэг(инээв). Би тэгж л яруу найрагт багаасаа дурласан. “Нууц товчоо”-ны нууцад нэвтэрсэн төрийн шагналт эрдэмтэн зохиолч Ш.Гаадамбын нэрэмжит 10 жилийн сургууль (Булганы Хишиг-Өндөр сум)-ийг дүүргэхдээ 280 гаруй шүлэг цээжээр уншдаг, Монголын яруу найргийн сор болсон найрагчдын шүлгүүдийг цээжилчихсэн тийм л товарищ Утга зохиолын сургуулийн оюутан болж байв. Дөрвөн жил сураад төгсөхдөө 400 гаруй шүлэг мэддэг болсон. Ямар сайндаа Арлааны Эрдэнэ-Очир ах “Монголын яруу найраг Гантулгын дүүгийн минь цээжинд байгаа” гэдэг байхав дээ.

-Их утга зохиолын замд анх хөтөлж оруулсан багшаа дурсвал?

-Багш гэвэл олон сайхан хүний тухай дурсах болно. Тавдугаар ангид  уран зохиолын хичээл дээр Сэрээжавын Алтанцэцэг багш Нацагдоржийн “Миний нутаг” шүлгээс 3 бадаг цээжлэх даалгавар өгч хоёр хоногийн дараа би 13 бадаг шүлгийг бүтнээр нь уншихад “Би эрдэнэ оллоо” гээд багш минь хичээлийн эрхлэгч нарын өрөө рүү хөтлөөд явж байсан сан. Одоо эргээд бодох нь буянт багш минь  өчүүхэн намайгаа “Монголын их утга зохиолын гэгээн гэрэлт өргөө рүү хөтөлж явжээ” гэж уяралтайхнаар боддог. Алтанцэцэг багшийн өнөө “эрдэнэ” болох намайг сургуулийн захирал Цэнд-Аюушийн Дашзэвэг ачит багш минь дааж авч 2001 оны хавар аравдугаар ангийн сурагч ахуйд “Хүүгээ зохиолчдын бараа харуулна” хэмээн Дашинчилэн сумыг зорьж билээ. Дашинчилэнгийн сургууль Сономын Удвал гуайн нэрэмжит болж хотоос нэр алдартай зохиолчид ирсний дотор миний хадаг барьсан цорын ганц багш, өдгөө уул шиг намайгаа нөмөрлөж яваа Дөнгөтийн Цоодол ханайж байсан. Тийм ээ, 20 жилийн өмнөх хаврын тэр сайхан өдөр Цоодол багшийг, үсэн буурал Урианхай ахыг харснаа би яахин мартах билээ. Агуу их Удвал гуайн шүншигт тэр сайхан ой, номын ёслол намайг тэгж бурхдын бараа харуулж, их утга зохиолын мэргэд чуулсан алтан тайзнаа “10А ангийн сурагч” хэмээн эдүгээгийн төрийн шагналт Дамбын Төрбат зохиолчоор зарлуулж балчирхан шүлгээ унших их хувийг хайрласан. Чухамхүү Удвал гуайн хэлснээр тэр явдал өчүүхэн надад “Их хувь заяа” байлаа.

-Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?

-Нэг их сүрхий амьтан болох гэж дэлхийн сонгодгуудыг яриад яахав. Молхи надад хамгийн их нөлөөлсөн ном гэвэл өнөө хэдийнхээ бүтээлийг л хэлнэ. “Өнөө хэд” гэдэг нь Цоодол багшийн “Миний муусайн найз нар”. 2001 онд оюутан болж ирэх үед манай сургууль (УЗНАДС) өөрийн байргүй, үйлдвэр комбинатад дан цагаан байшинд байлаа. Мөн номын сангийн нэгдсэн каталоггүй байсан. Манай анги номын санд хичээллэнэ. Анги удирдсан Гүнжээ багшид номын сангийн түлхүүр явдаг, ахлах ангийн оюутнууд Гүнжээ багшаас хэрэгтэй номуудаа асууна. Нэгдүгээр курсийн өвөл гэхэд сургуулийн номын санд ямар ямар ном байгааг би бараг л мэддэг, түүнээ Гүнжээ багшид хэлдэг байв. Удаа ч үгүй хавраас нь номын сангийн түлхүүр миний халаасанд орсон. Үндсэндээ сургуулийн номын сангийн каталог нь би болж байгаа юм. Түлхүүр халаасалсан хүн чинь дуртай номуудаа шилж уншина биз дээ. Тухайн үед хуучин цагаан хаалганы ар талын Механик инженерийн сургуулийн оюутны байранд байж, бараг салхи ороогүй шахам байсан Уран зохиолын дээжис 108 ботийг хэд хэдээр нь зөөж уншдаг байлаа.

Жагдалын Лхагвын “Толгодын цаана ингэ буйлна”, Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн “Их тээлийн даваа”, Дамдинсүрэнгийн Урианхайн “Тэнгэр тэмдгэрэх”, Санжийн Пүрэвийн “Гурван говийн зэрэглээ” эдгээр ботиуд ёстой миний нүдийг нээх шиг болсон. Мөн О. Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ” нэртэйгээр хэвлэгдсэн шилдэг яруу найргийн боть, түүнд орсон “Оюун санааны яруу найраг” бүлэг шүлгүүд. Пүрэв баавайн “Их усны хаялга”, “Уулын намар”, “Азын цэнхэр уул” нэг л сайхан. Тэр жил Бурханбуудай, Сутай хайрхан, Хантайшир, Хар Азаргын нуруу, Хасагт хайрхан гээд  Их Алтайн есөн хайрханы тэргүүнд хөл тавихдаа, ялангуяа Баян-Уулын Баян Богд хайрханы тэргүүн дээрээс Санжийн Пүрэвийн Дарвийн цэнхэр нурууг сэтгэл догдлон харж, алдарт Хүйсийн говь тунарч ахуйд өнөө л уянгын туужуудыг нь зүрх алдан мэдэрч билээ. 2007 онд газрын дундад диваажин гэгддэг Ханхөхийд очиж Зүүнхангайн Таравчийн зүүн салаанд хэд хонохдоо О. Дашбалбар найрагчийн “Хүн ертөнц” ботийг сэтгэлдээ нэвчээж нуугьтал уншсан. “Оюуны тэнгэр буюу миний Нацагдорж” гэж Их Нацагаасаа аваад бүх л зохиолчдоо яруу найрагчийн халуун сэтгэл, сэрэл мэдрэмжээр олонд таниулсан тэр ном бас л миний нүдийг нээсэн. Оюутан болоод ирж байх үед “Аюурын хар номнууд” гэгддэг бүтээлүүд ширээн дээр минь угтаж дэлхийн сонгомол бүтээлүүдтэй тэгж л жинхэнэ ёсоор уулзсан. Мөн зохиолчийн гурван цуврал романаа нэгтгэсэн “Гурамсан цадиг”, “Сэтгэл рүү шагайгч Түүнд” бүтээлүүдээс сэрж сэхээрч л байлаа. 2011 оны зун астма бронхит болоод эмнэлэгт хэвтлээ. Эдүгээ зохиолчдын хорооны дарга, миний эрхэм хүмүүн Долгорын Цэнджав гэргий Тэгшээ эгчийн хамт эргэж ирэхдээ С.Эрдэнийн “Хар хун шувуу”, элэгний гэгддэг гавьяат М.Шагдарсүрэнгийн “Сэтгэл гэгээрээсэй”  хоёр номыг авчирч өгсөн. Эрдэнэ баавайн Хар хун шувуу буюу бага насныхаа амьдралыг дурайтал яруу сайхнаар зурагласан баримтат туужийг нус нулимстайгаа уншсан. Ялангуяа жаалхан хүүгийнх нь нүдэн дээр хайрт эцгийг нь үүрд аваад явж буй тэр хэсгийг өр өмрөн хэлтэлж, гадагшаагаа ч, дотогшоогоо ч мэлмэрүүлсэн. Тэгж би Эрдэнэ баавайгаа сэтгэлдээ нээсэн.

-Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юу?

-Дооровыг, Пэрэнлэйн Лувсанцэрэнг, Далхаагийн Норов, Дамбадаржаагийн Намсрайг унших сайхан. Шаравын Сүрэнжавын “Долгионт жилүүдийн туужис” сэтгэлд гэгээ татуулж, Долгорын Нямаагийн “Тэнгэрийн хаяа” билгийн мэлмийг дахин дахин нээдэг. Энд би Набаков, Хорхе Луи Борхес, Жеймс Жойс, Франц Кафка, Уилльям Фолкнер, Бунин, Достоевский, Чехов, Мопассан… дэлхийн сонгодгуудыг өөрийнхөө хэмжээнд бага сага хэлтэлснээ ярьж болно л доо. Гэвч би тэднийг тодорхойлж ярих хэмжээний хүн үнэндээ биш. Харин Дарма Батбаяр гуайн “Бүтээхүйн зүй тогтол сайхныг бүтээх нууц” ном гаднаас нь биш дотроос нь хэлээд өгнө. Дэлхийн сонгодог утга зохиолын 10 ботитой Ононгийн Чинбаяраар дамжуулж манайхан уулзсан. Сүүлд уншсан ном гэвэл багшийгаа л (Цоодол) хэлнэ. “Шар тэмээний нутаг”, “Хөеө”, “Нулимс холоос харагдахгүй”, “Талынбулагийн вант улс”-аас монгол хүний жудаг ёс, хиргүй тунгалаг гэгээн сайхан амьдрахын зам мөр мэдрэгддэг. Тэр чигээрээ Бүрэнгийнх нь хөх тэнгэр, эрийн хэц нь танигдсан аргил сайхан өвгөдийн ухаан сэтгэлд буудаг. Тэгтлээ сүрхий бусдыг бишрүүлсэн найрагч болох минь юу юм, харин багш шигээ дүнжгэр, жудаг төгс хорвоог туулахсан гэж эрхгүй бодогддог. Л.Дашням ахын Ринчен, Дамдинсүрэн гуайгаас аваад ойр явсан их утга зохиолын бурхдаа энгийн хэрнээ энгүй сайхнаар үгүүлсэн зузаан ягаан ном түшигтэй шүү. Бааст гуайн ботиудаас мөн л аваргуудын халуун яриа хөөрөөг сонсч, түүхийн шинжлэх ухаан давамгайлсан Ширэндэв гуайнхаа 10 ботийг, Наваан-Юндэн гуайн “Соёл эрдэнэ”-ийг хааяахан эргүүлэх гээд л шинэ гарч буй бүтээл гэхээсээ хуучин руу гар сэтгэл хоёр явдаг сонин хүн.

-Таны сүүлд гаргасан номын тухай “Үргэлжилсэн үгийн яруу найраг” гэсэн нэр томьёо сонсогдсон. Яруу найргийг шүлэглэж бичих, мөн үргэлжилсэн үгийг шүлэг шиг бичихийн ялгаа юундаа юм бол?

-Өнгөрөгч жил миний бие “Өндөр Их Алтайн оргилоос” гэсэн ном гаргасан. Хөрөг нийтлэл, аян замын туурвилууд юм. Өмнө нь “Бөхөн шарын тэмдэглэл” гэж гаргасан. Тэр ном “Адууны салхин дунд яваа Норов эрдэнэ” гэж аавын минь хөргөөр эхэлдэг. Уг номын тухай олон ч хүн бичсэн, баяр хийхэд утга зохиолын бурхад бараг л бүгд ирж жулдрайхан намайгаа тэвдүүлж л байлаа. “Нийтлэлийн номыг шүлэг шигээ тэгж сайхан бичдэг найрагчийн соёрхлыг би гайхдаг” гэж “Сэтгэлгээний шилэн хананд” номын өмнөтгөлд Дамдинсүрэнгийн Баянтунгалаг найрагч бичиж байсан. “Гантулгын тэмдэглэлийг уншаад би атаархдаг. Атаархал гэж байж болохгүй ч надад тэгж л бодогддог” гэж Урианхай ах номын баярт хэлсэн үгэндээ хавчуулсныг сүүлд би сониноос уншсан. “Урлах эрдэм” дизайнерийн сургуулийн захирал хатагтай Г.Тунгалаг “Бөхөн шарын тэмдэглэл”-ийг уншчихаад “Үргэлжилсэн үгийн яруу найраг” гэж анх бичсэн. Урлагийн мэдрэмж өндөр боловсролтой, орос школтой, асар их уншсан тэр эрхэм тэгж томьёолоход надад сонин сайхан санагдсан. Тунгалаг захирал алдарт “Аянга”, “Зүрхний хилэн”-гийн Жамбын Пүрэв гуайн бэр юм. Сүүлд Равдан Зангийн хүү номын садан Самдандовж ах минь “Үргэлжилсэн үгийн яруу найраг буюу Норовын Гантулгын “Өндөр их Алтай” гэж бичсэн л дээ. Миний бие аян замын тэмдэглэл юм уу, хүмүүсийн тухай хөргийг заавал уран гоё бичих гээд шүлэглээд байдаг ч юм биш. Сэтгэл хөдөл, үгийн сайхнаараа бичдэг. Тухайлбал, хоёр жилийн өмнө “Сэгс цагаан Богд” найраглалын 50 жилийн ойд уригдаж алдарт Сэгс цагаан Богдын хаяанаа Баянхонгорын Шинэжинстийн сууринд очсон. Тэр тухайгаа “…Сэтгэл ганихруулсан намрын говийг туучиж ирлээ. Их говийн сүр сүлдэт хайрхан Залаажинстийн өндөрлөгөөс намрын говийг сэтгэл сэнсрэн харж зогсохын сайхныг хэлээд яанам. Хаяа хярхаггүй уужим их говь. Холын хөх зэрэглээ нь хүртэл тунаран шаргалтаж, хулангийн тоосонд тасарч нийлсэн говь. Заг бударганын шим шүүс гэж байдаг бол намрын нар дуниаран мануурчээ гэж санахаар“  хэмээн уншихуйд зарим хүнд шүлэг шиг санагддаг байх л даа. (Мануурах нь мансуурах гэсэн ойлголт биш юм шүү

-Та “Уулсын сэтгэлгээний тэлэлт” гэдэг шүлгээр “Болор цом” авсан?

-Тэгсэн. 2012 оны хавар хангайн нурууны оргил Солонготын давааг давж Идэрийн голын хөвөөнөө очлоо. Хуучин цагт 7 хошууны нутаг харагддаг Бөхөн шарын нуруунаа гарахад Хангайн их уулс хөлийн дор усан торго шиг гүйлгэмнэж, тэр л ахуйд “”Уулсын сэтгэлгээ” гэх зүйл бууж билээ. “Уулсын сэтгэлгээний тэлэлт” гэдэг яруу найрагчийн зүрхний шархиралт, эсвэл урагдалт юм уу даа, маш товчхондоо. Ийм шүлгээр цом авахад дотнын ах нар “Дүүгээ энэ наадамд түрүүлэхийг олон жил хүлээлээ. Харин шүлгийг чинь ойлгосонгүй дээ” гэж байсан. Миний хувьд 2003 онд “Голын цаана” шүлэгтээ “Түүчээ тогоруудын цэн нулимсанд хулсан бийрээ дүрж түмэн оны заагт ганцхан шүлэг бичье гэхэд голын цаана байна” гэж яруу найргийнхаа зам мөрийг тодорхойлсон. Түмэн оны заагт ердөө ганцхан шүлэг төрүүлэх тэр ойлголт бол яруу найраг гэж чухам юу болохыг  мэдэрсэн миний мэдрэмж. “Голын цаана”-ыг бичсэний дараа жил (2004 он) “Цаг тутамд өөрөөсөө нүүж амьдарна” гэж бичсэн. Тэгээд дараа нь “Тархин доторх орон зай хагарна” (2005), “Сэтгэлгээний шилэн хананд” (2009) гээд ийм сонин шүлгүүд хэд хэдэн жилийн давтамжтай бичсэн. Энэ бүхнийг минь нарийн нягт мэдэрч, миний ертөнцийн чиг шугамыг тэгтлээ анзаараагүй хүнд бол шууд “Уулсын сэтгэлгээ”-тэй тулах амаргүй байсан болов уу.   

-Үндэсний бичиг үсгийн баяр тохиож байна. Монгол уламжлал, зан заншил, сэтгэлгээ, хэл, соёлоо хэрхэн хадгалж үлдэж, хөгжүүлэх ёстой вэ? Танд энэ талаар ямар бодол төрдөг вэ?

Миний хувьд бусдад заах сургах, нэг их ухаантай царайлах, цэцэрхэх дургүй . Харин өөрийнхөө бодлыг уншигч олонтойгоо хуваалцахад хэл соёлын маань дархлаа бүтэн байж, монгол хэлний охь дээжис, шүр сувд, сондор болсон язгуурын сайхан эх хэл минь цагийн цагт булаг шиг ундарч байгаасай гэж бодно. Монголчууд булаг, гол горхи ширгэлээ, уул уурхайд идэгдлээ гэж сэтгэл зовдог шигээ монгол хэлний сан хөмрөгөөс хэчнээн үг алгуурхнаар алга болж, гээгдэн устаж буйг зүрхээрээ ойлгох хэрэгтэй. Монгол үгийнхээ сайхнаар монгол хүний сэтгэл, жудаг ёс ханхалсан тийм бүтээлийг өнөө үе минь эрхэмлэн уншаасай. Цахим ертөнцийн энэ айхтар давлагаа, өөрөөсөө бусдыг магадгүй бурхнаа ч нулимж буй эрээ цээргүй нийгэмд хэл соёл минь хир буртаг хүрчхэлгүй бүтэн үлдээсэй, монгол соёлын дархлааг хадгалахын төлөө зүтгэж буй бүхэн үүдэнд бус хойморт залагдаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Та номын садан уншигч үйлчлүүлэгчдээ  “Ном” гэж юуг хэлэх вэ, цөөн үгэнд багтааж хэлбэл?

-Ном бол оюуны санааны тусгаар тогтнолоор дамжиж улс орон оршин тогтнохын хөдөлшгүй баталгаа. Энэ хорвоод хүн болж төрсний хамгийн том соёрхлыг би гагцхүү номоор хэмжинэ. Номын сайхныг, хүний сайхныг таних гэж хүмүүн заяаг олсондоо би бахадна. Энэхэн замбуулинд сэтгэл дүүрэн амьдрахын эрдэнийн түлхүүр ном байх, үүнээс сайхныг одоодоо би хэлж чадахгүй.

Бидний урилгыг хүлээн авч сайхан дурсамжаасаа хуваалцаж ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье.

 

Vandan Tuvshintogtoh